Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/0116

 

Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо,

Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яамны

орон сууц хувьчлах төв комисст тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч:   П.Соёл-Эрдэнэ

      Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                 М.Батсуурь

                                      Ц.Цогт

      Илтгэгч шүүгч:        Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0383 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0525 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0390 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч Э.Д, хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, гуравдагч этгээд Ц.Б, түүний өмгөөлөгч Ш.О нарыг оролцуулан хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон 0119658 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг иргэн Ц.М миний нэр дээр хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Зэвсэгт хүчний жанжин штабын Орон сууц хуваарилах салбар комисс, ар талын газрын дарга 2019 оны 7/1386 дугаар албан бичгээр Цэргийн хотхоны 10 дугаар байрны 7 тоот орон сууцанд Ц.М-г ажлын шаардлагаар оруулж, гэрээ байгуулан ажиллах”-ыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчид мэдэгдсэн.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалахын сайд 2020 оны А/264 дүгээр тогтоолын хавсралтын холбогдох хэсгээр нэхэмжлэгч Ц.М-ы амьдарч байсан Цэргийн хотхоны 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг гуравдагч этгээд Ц.Б-д хувьчилсан, улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо 2021 оны 06 дугаар тогтоолоор тухайн орон сууц өмчлөх эрх олгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

3.Нэхэмжлэгчээс “... хариуцагч байгууллагуудын шийдвэрүүд нь бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд харшилсан, эдгээрийн улмаас миний төдийгүй манай гэр бүлийн гишүүдийн “албан тушаал”-ын орон сууцанд амьдрах, “эзэмшиж ашиглаж буй албаны орон сууцаа хувьчилж авах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагч нараас “... Зэвсэгт хүчний жанжин штабын даргын шийдвэрээр албаны орон сууцанд ороогүй, Жанжин штабын ар талын газрын даргын шийдвэрээр албаны мэдлийн орон сууцанд орсон нь хууль бус, 150 дугаар ангиас ирүүлсэн саналыг үндэслэн сайд шийдвэр гаргасан нь үндэслэлтэй, түүнийг үндэслэн гарсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “нэхэмжлэгч маргаан бүхий албаны орон сууц ашиглах гэрээ байгуулаагүй, харьяалах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн гуравдагч этгээдэд хувьчлахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн” үндэслэлээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “Засгийн газрын тогтоолд орон сууцыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад хувьчлахаар тодорхой заасан“ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Орон сууц хувьчлах тухай хуулийн 2, 6 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

6.1.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г гомдолдоо:

6.1.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0525 дугаар магадлал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн заалтыг зөрчсөн байна.

6.1.2.Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн эрх ашгийг хамтад нь хянан шийдвэрлэж байж гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтийг гаргасаар байтал шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т ”... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,... эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 30.1-д ‘‘Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно’’, мөн 123.2.2 дахь заалтуудыг зөрчжээ.

6.1.3.Мөн шүүх хуралдаанд оролцоогүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцсоноор тооцож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ц.О оролцов” болгон Магадлалд тусгасныг шүүх хуралдаан хууль ёсны явагдаагүй, талуудын тэгш эрх, тэгш оролцооны байдлыг хангаагүй, нэг талыг хэт барьж гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

6.1.4.Магадлал нь хэт нэг талын эрх ашгийг баримталж, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг, байгууллагын мэдлийн орон сууцны хувьчлах эрхийн асуудалд ноцтой халдсан, хууль зөрчсөн шийдвэр болсон.

6.1.5.Захиргааны хэргийн шүүх нь захиргааны акт хууль ёсны юу, хууль зөрчиж гарсан уу гэдгийг тогтоож, тухайн актыг хүчингүй болгох эс болгохтой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд хянан шийдвэрлэдэг байгууллага болохоос хуулиар олгогдсон Батлан хамгаалахын сайдын эрхэд болон төрийн байгууллагын эрхэд халдаж, хууль тогтоомжоор олгогдсон өмч хөрөнгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхийг зөрчиж, хууль ёсны шийдвэрт бодитой дүгнэлт хийлгүй, эд хөрөнгийг хэнд өгөхийг шууд зааж, хувьчлах, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгасан нь эд хөрөнгийн маргаантай холбоотой иргэний эрх зүйн харилцааны асуудлыг шийдвэрлэсэн, байгууллагын хуулиар олгогдсон эрхэд халдсан байна.

6.1.6.Мөн орон сууцны гэрээ байгуулаагүй, орон сууц эзэмших эрхийн бичиггүй, өөр анги, байгууллагын харьяаны, тухайн орон сууцанд түр хугацаагаар оршин сууж байсан нэхэмжлэгч Ц.М-д шууд хувьчлахаар шийдвэрлэсэн нь эзэмших эрхийн бичигтэй, хууль ёсоор холбогдох хууль, журмын дагуу хувьчлан авсан шийдвэртэй гуравдагч этгээд Ц.Б-гийн эрх ашигт ноцтой халдаж, хууль зөрчиж шийдвэрлэжээ.

6.1.7.Хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Ц.Б-гийн байр нь өөрийн олон жил ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн буюу байгууллагын мэдлийн орон сууц бөгөөд Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын орон сууц ашиглах журам”-аар алба хаагч нь өөр анги, байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууцыг ашиглахыг хориглосон заалтыг зөрчсөнийг шүүх зөвтгөж, шийдвэрээ гаргасан.

6.1.8.Мөн сайдын “Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн ажиллах түр журам”-ын 2.5.3, 3.2-т заасны дагуу харьяалах Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас ирүүлсэн саналыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалаар гуравдагч этгээд Ц.Б-д хувьчлахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэсэн магадлал нь өөрөө Орон сууц хувьчлах тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтууд, холбогдох журмуудыг зөрчсөн, хууль зөрчсөн шийдвэр юм.

6.1.9.Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, ар талын газрын даргын 2019 оны 7/1386 тоот албан бичиг нь Зэвсэгт хүчний жанжин штабыг төлөөлөх бүрэн эрхтэй субъект биш бөгөөд тухайн албан бичгийн хүрээнд ЗХ-ний 150 дугаар анги Ц.М-тай гэрээ байгуулах, гэрээ байгуулахгүй байх эрхтэй төдийгүй, энэ эрхийнхээ хүрээнд тухайн ангийн мэдлийн орон сууцанд Ц.М-г түр оршин суулгуулж, орон сууц ашиглах гэрээг байгуулаагүй нь хууль зүйн үндэслэлтэйг шүүх харгалзан үзэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг баримталж, нэг талын шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж дүгнэж байна.

6.1.10.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 56 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолын 1-д “Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь Засгийн газрын тогтоол нь хуулиас дээгүүр гэснийг баримталж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

6.1.11.Засгийн газрын шийдвэрийг гаднын болон түр оршин суугч, хууль бусаар амьдарч байгаа оршин суугчид хувьчил гэсэн нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхгүй бөгөөд холбогдох хууль, журам, дүрмийн дагуу байгууллага эрх мэдэл, олгогдсон эрхийнхээ хүрээнд шийдвэрлэ гэсэн шийдвэр юм.

6.1.12.Хууль ёсны дагуу тухайн орон сууцыг анги, байгууллагын эрх мэдлийн хүрээнд ирүүлсэн санал, тухайн анги, байгууллагад /23 жил/ тогтвортой ажилласныг үндэслэн гуравдагч этгээд Ц.Б-д орон сууцыг олгож шийдвэрлэсэн, Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан үндэслэлийн дагуу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу бүртгэсэн байтал бүртгэлийг хүчингүй болгож, хуулиас давсан шийдвэрийг шүүх анхаарч үзэлгүй, уг орон сууц нэхэмжлэгчид хууль зөрчөөд ч болов олгогдох ёстой гэсэн хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан нь магадлалаас харагдаж байна.

6.1.13.Иймд дээрх хууль болон холбогдох журмыг зөрчиж гарсан, гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг эрхэм шүүгчдээс хүсье.

6.2.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Гуравдагч этгээд Ц.Б, түүний өмгөөлөгч Ш.О нар гомдолдоо:

6.2.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ц.М-гийн Давж заалдах шатанд гаргасан гомдлыг хянаад, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Орон сууц хувьчлах тухай хуулийн 2.6, 3.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус заасныг баримтлан, Ц.М-гийн Батлан хамгаалах сайд, Батлан хамгаалах яамны орон сууц, хувьчлах төв комисс, нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Батлан хамгаалах сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсгийг Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсгийг 0119658 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Шинэ цэргийн хотхон 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг хариуцагч нарт даалган, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөн хэргийн оролцогч болох гуравдагч этгээдийг цэргийн хүн тусгай ажлаар, хөдөө ажил давхцаж байгаагаа, холбоо сүлжээ авах боломжгүй байгаагаа хэлсэн ба Өмгөөлөгч онлайнаар оролцох хүсэлт гаргасан, өмгөөлөгчийг онлайнаар оролцоход бэлэн болсон байхад, сүлжээний доголдол гарсан шалтгаанаар оролцуулахгүй шийдсэн нь буруу байна.

6.2.2.Шүүх шийдэхдээ: Байрыг одоо ашиглаж байгаа хүнд шийдвэр гаргаагүй, Ц.М-г өөр байгууллагын ажилтан гэдэг үндэслэлээр хувьчлахаас татгалзсан үндэслэл гаргасан нь... үндэслэлгүй гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106-ийн 2 т заагдсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гараагүй бана гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн хуулийн дагуу шийдэж чадаагүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна.

6.2.3.Орон сууц хувьчлалын товчоо тайлбартаа. Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг ордерын үндсэн дэр орон сууц хөлслөх гэрээгээр Хувьчилж авах эрхтэй гэсэн. Тэгвэл Ц.М Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас тухайн үед, түр хугацаагаар суухаар зөвшөөрөл авч суусан байгаа.мөн сууц эзэмших эрхийн бичиггүй. Орон сууц эзэмших эрхийн гэрээний үндсэн дээр ашиглаж суугаагүй талаараа тайлбарладаг. Ийм байхад түүнийг нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон субьектив эрх байгаа гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж болохгүй хууль зөрчиж шийдвэрлэж миний үйлчлүүлэгч болон нэр бүхий гэр бүлийн 6 гишүүний эрхийг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа.

6.2.4.Тэгвэл энэ байрыг тухайн үед ашиглаж байсан газар нь Зэвсэгт хүчний 150 дугаар анги, Албан тушаалын байр... Анги нэгтгэлийн бэлэн байдалд зориулагдсан, гэдгийг хариуцагч нар нь хангалттай нотлох баримтаар тайлбарласан байгаа ба. Цэргийн анги байгууллагын тусгай дүрэм журмаар, зохицуулагдсан гэж тайлбараа хангалттай өгсөн, энэ талаарх нотлох баримт ч гаргасан байхад шүүх хэргийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

6.2.5.Ц.Б-д Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж байгаа, Зэвсэгт хүчний жанжин штабын 2019 оны 7/1386 тоот албан бичгээр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт 20 дугаар хороонд байрлах тус ангийн албан тушаалын 10 дугаар байрны 7 тоот сууцанд, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн цэргийн хүрээний барилга байгууламжийн засвар ашиглалтын тасгийн дарга Ц.М-г ажлын шаардлагаар хуваарилан гэрээ байгуулан ажилла гэсэн байгаа болохоос, нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууцыг ашиглах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй бөгөөд, шүүх хурал болгонд гарган хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд Ц.М-г энэ байрыг өмчлөх эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй. Мөн албан тушаалын орон сууц ашиглах журмын холбогдох заалтуудад нийцэхгүй болно.

6.2.6.Түүнээс гадна Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын хуралдааны тэмдэглэлд 7 тоот 1 өрөө, ахлах дэслэгч Ц.М анх орохдоо 017 дугаар ангид ажилладаг байсан, ЗХ-ны 150 дугаар ангийн мэдлийн 29 айлын байранд орохдоо, Зэвсэгт хүчний жанжин штабын албан тушаалын байр ашиглах журмыг зөрчиж, байгаа тул тухайн албан тушаалын, байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангид он удаан жил ажиллаж байгаа албан хаагчид хувьчлуулах саналыг зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжинэ гэсэн байдаг.

6.2.7.Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар, нэгж байгууллага. Батлан хамгаалах яамны төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага Зэвсэгт хүчний жанжин штаб төрийн цэргийн командлал, анги нэгтгэлийн ...Албан тушаалын орон сууц ашиглах журам баталсан журмын 1.5-д албан тушаалын орон сууцыг гэрээгээр баталгаажуулна. 2.1 тус орон сууцыг ашиглаж амьдрахаар өргөдөл гаргасан алба хаагч, өөр анги салбарын алба хаагч хамаарахгүй, бөгөөд зөвхөн харьяалагдах анги нэгтгэлийн алба хаагчийн тухайн хууль дүрэм маягт гэрээний дагуу гэрээ байгуулж, ажилласан алба хаагч хамаарна гэж заасан байна.

6.2.8.Иймд дээрх албан тушаалын орон сууцыг ашиглахаар харьяалагдах 150 дугаар ангийн алба хаагч Хүсэлт өргөдлөө гаргасны дагуу улмаар орон сууц ашиглах гэрээ байгуулж орон сууцны ашиглагч болж өмчилж авахаар заасан байхад тухайн анги нэгтгэлд түр хугацаагаар орж ирсэн хүн тухайн албан тушаалын 150 дугаар ангийн харьяа өмчлөлийн байрыг өмчилж авах боломжгүй байна. Ингээд хуулийн дагуу Батлан хамгаалах яамны сайдын 2020оны 11-р сарын 06-ны өдрийн а/264 дүгээр тогтоол хуулийн дагуу зөв гарч Хуулийн хэрэгжилт хангах тухай тушаалаар гуравдагч этгээд миний үйлчлүүлэгч Ц.Б-д маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 10 дугаар байрны 07 тоот нэг өрөө байрыг хувьчлуулахаар, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд хуулийн дагуу, баримтаа бүрлүүлэн өгч. өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Б болон түүний гэр бүл 6 хүний нэр дээр гаргасан байна.

6.2.9.Нэхэмжлэгч 2012-2018 он хүртэл Зэвсэгт хүчний 017 дугаар ангид алба хаасан зэргээс үзэхэд маргаан бүхий албан тушаалын орон сууц, зөвхөн өөрийн эзэмшилдээ байлгасан гэх шалтгаанаар 150 дугаар ангийн үндсэн, хөрөнгөнд хамаарах, орон сууцны асуудлаар маргаан үүсгэж өөрийн эзэмшилд үл хөдлөх хөрөнгийг авах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

6.2.10.Мөн хуулийн дагуу орон сууц хувьчлан авах, хүсэл зорилгоо илэрхийлж, баримт материал бүрдүүлж байгаагүй, хуулийн дагуу орон сууц хувьчилж авах баримт бүрдүүлж байгаагүй, байж, миний хууль ёсоор байсан өмчлөх ёстой байр гэж үзэж боломжгүй юм.

6.2.11.Тэгвэл түүний гэр бүлийн гишүүдийн тус хууль болон үндсэн хуульд заасан өмчлөх эрх зөрчигдөж байгааг, харгалзан үзсэнгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6.2.12.Тэгээд ч Ц.М тухайн орон сууц эрхийн бичиг болон орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр тухайн сууцаа эзэмшиж ашиглаагүй талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрдөг бөгөөд, өөр анги нэгтгэлд алба хаадаг талаараа хүлээн зөвшөөрч энэ талаараа маргахгүй байхад Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн мэдлийн албан тушаалын байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авах гэж нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

6.2.13.Ямар ч газар өгсөн өргөдөл гомдлын дагуу байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж байр орон сууц хуваарилж оруулдаг биз дээ. Хууль нь ч бичиг баримтын бүрдүүлбэр хангагдсан эсэхийг харж өмчлөх эрх олгодог. Ганц ч өргөдөл гомдол барьж өрөөгүй байж миний байр би байсан гэж өмчлөх эрх олж авахгүй байх. Тэгээд ч Ц.Б-д албан тушаалын байр болох 150 дугаар ангийн мэдэл бүхий байрыг, байранд орох талаарх баримтаа хуулийн дагуу бүрдүүлж өгсөн зэрэг нь хуулийн дагуу Ц.Б өмчилж авсан нь тодорхой харагдаж байхад ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн дагуу шийдэж чадсангүй гэж үзэж гомдол гаргалаа гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0390 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9.Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ...” гэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалтыг баталж, албан тушаалын орон сууцуудыг ашиглаж байгаа оршин суугчдад хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Батлан хамгаалахын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус даалгасан.

10.Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалт”-д нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 10 дугаар байрны 1-29 тоот 35 сууцуудыг хувьчлах болсон”-той холбогдуулан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчаас 2020 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдийн 142, 144 дүгээр албан бичгийн хавсралтаар “7 тоот орон сууцыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Орон сууцны дарга Ц.М-д хувьчлах” саналыг Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, ар талын газрын даргад тус тус хүргүүлж байсан ч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд гаргасан “түр оршин сууж байгаа Ц.М нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажилладаг, албан тушаалын байр ашиглах журмын шаардлагыг зөрчиж байгаа” үндэслэлээр “10 дугаар байрны 7 тоот орон сууцыг тус ангид ажиллаж байгаа албан хаагчид хувьчлуулах санал”-ыг зөвлөлийн бүх гишүүд дэмжсэн гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 432 дугаар албан бичгээр тус орон сууцыг Ц.Б-д хувьчлах саналыг Батлан хамгаалах яамны Орон сууц хувьчлалын газарт хүргүүлснээр Батлан хамгаалахын дэд сайд, Орон сууц хувьчлах төв комиссын дарга мөн өдөр Ц.Б-д уг орон сууц эзэмших эрх олгосон, улмаар Батлан хамгаалахын сайд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын хавсралтын холбогдох хэсгээр санал хүргүүлснээр тус орон сууцыг Ц.Б-д хувьчлах шийдвэр гарчээ.

11.Хувьчлах шийдвэр гарахаас өмнө Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга, ар талын газрын даргаас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7/1386 дугаар “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах тус ангийн албан тушаалын 10 дугаар байрны 7 тоот орон сууцыг ажлын шаардлагаар оруулж, гэрээ байгуулан ажиллахыг мэдэгдсэн” албан бичгийг үндэслэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас тус орон сууцыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Цэргийн хүрээний барилга байгууламжийн засвар ашиглалтын тасгийн дарга, ахлах дэслэгч Ц.М-д эзэмшүүлсэн боловч, түүнд ямар нэг эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй байжээ.

12.Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг хувьчлах шийдвэрийг гаргахдаа тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзаж үзэхээр, 7 дугаар зүйлийн 1-д орон сууцыг эзэмших эрхийн бичиг-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүд хувьчлан авах эрхтэй байхаар, 3 дугаар зүйлийн 5-д “”сууц эзэмшигч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” хэлэхээр тус тус заажээ.

13.Хариуцагч байгууллага Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авахдаа хуулийн дээрх заалтуудыг үндэслэн  орон сууц эзэмшигчийг тогтоохдоо бодит нөхцөл байдлыг анхаараагүй байна. Зүй нь маргаан бүхий орон сууцыг хувьчлах талаарх саналыг хүргүүлэхдээ батлан хамгаалах буюу өөрийн салбарт он удаан жил ажиллаж байгаа нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдийг өрсөлдүүлэхээсээ илүүтэй тэдгээрийн хэн алинд хуулийн тухайн заалтуудад нийцүүлж орон сууц хувьчлахтай холбоотой шийдвэрийг гаргах боломжтой эсэхийг нэн тэргүүнд судлах шаардлагатай байжээ.  

14.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан.

15.Хариуцагч Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комисс болон Сайдаас хуулийн дээрх заалтын хүрээнд өөрийн харьяа нэгжээс ирүүлсэн саналууд зөрүүтэй байдлаар ирж байсан, хувьчлах орон сууцны эзэмшигчийг хуулийн дагуу зөв тодорхойлсон эсэхийг нягтлах, үүний зэрэгцээ орон сууцанд оршин сууж байсан Ц.М, орон сууцыг хувьчлах шийдвэрийн дагуу хувьчилж авсан Ц.Б нарын хэн аль нь цэргийн алба хаагчийн хувьд удирдах байгууллага, албан тушаалтны зөрүүтэй шийдвэрүүдээс хамаарч тухайн нөхцөл байдалд хүрснийг анхаарах, Орон сууц хувьчлах тухай хуулийн заалтуудад нийцүүлж аль алинд нь хувьчлах шийдвэр гаргах боломжийг судалж, хуульд нийцүүлж шийдвэрлэх шаардлагатай бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэрүүдийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж дахин шинэ акт гаргахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

16.Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу орон сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхэд хяналт тавих үүргийн хүрээнд Батлан хамгаалахын сайдаас ирүүлсэн баримтыг нягтлалгүй хүсэлтийг хүлээн авч маргаан бүхий шийдвэрийг гаргасан, түүнчлэн бусад хариуцагч буюу Батлан хамгаалах яамны дахин гаргах шийдвэрээс шалтгаалж холбогдох шийдвэр нь өөрчлөгдөх магадлалтай тул маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан бусад шийдвэрийг мөн адил агуулгаар түдгэлзүүлж, дахин шийдвэр гаргахыг даалгах нь зүйтэй байна.  

17.Эдгээр үндэслэлүүдээр магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

18.Хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0525 дугаар магадлалын Тогтоох 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Ц.Б-д холбогдох хэсэг, Батлан хамгаалах яамны орон сууц хувьчлах төв комиссоос Ц.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын Ц.Б-д холбогдох хэсэг болон тус тогтоолыг үндэслэн олгосон 0119658 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч захиргааны байгууллагуудаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хариуцагч нарын маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэж, магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Батлан хамгаалахын сайдаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

                                                                                                 Ц.ЦОГТ

                                                                                                 Д.БАТБААТАР