Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 28

 


Д.Баяржаргалд холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0031/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,
Прокурор:Ц.Цэен-Ойдов,
Ялтны өмгөөлөгч: С.Нарангэрэл,
Ялтан: Д.Баяржаргал нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж  хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 22а дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны давж заалдах гомдлоор Д.Баяржаргалд холбогдох эрүүгийн 201623000319 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, Тамаа овогт Дамбын Баяржаргал  /РД: СШ82042914/ нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Бархинаг” гэх газраас Э.Дашдоржийн хул азаргатай 26 тооны адууг хулгайлж, 12000000 / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газраас Д.Баяржаргалын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22а дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Тамаа овогт Дамбын Баяржаргалыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалын хувьд оногдох эд хөрөнгөөс 240.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 02 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалд оногдуулсан 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалын цагдан хоригдсон 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хонгор зүсмийн нэг тооны адууг хураан улсын орлогод оруулж,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх /15 тооны морь битүүмжилсэн/ тогтоолыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелтэл хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Ялтан Д.Баяржаргал нь давж заалдах гомдолдоо: ... Би урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн.  Өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрийн маань биеийн эрүүл мэндийн байдал тааруу, бага насны 3 хүүхэдтэй зэрэг байдлуудыг минь харгалзан үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Д.Баяржаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Бархинаг” гэх газраас Э.Дашдоржийн хул азаргатай 26 тооны адууг хулгайлж, 12000000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Э.Дашдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр багт нутаглах найз Насанбатын адуунд 2016 оны 8 дугаар сард өөрийн 25 тооны адууг нийлүүлсэн. Би урьд нь  Баяржаргалаар малаа маллуулдаг байсан. 2016 оны 11 дүгээр сард Насанбат утсаар яриад “чиний адуу алга болчихлоо”  гэсэн. ... Адуунуудыг 30 гаруй км газар хөөж аваачаад Галшар сумын Ганхүүгийн гэрийн гадаа сартай хүрэн зүсмийн шүдлэн байдас, хүрэн зүсмийн шүдлэн байдас 2-ыг махалсан байсан. Би Баяржаргалд ямар нэгэн өргүй... гэх, /хх- 25-26 х/,
     Гэрч Д.Ганхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой Баяржаргал, Ууганхишиг, Доржжагдаг гэх хүмүүс ирсэн. Банкны зээл төлнө, адуу янзална гэж байсан. Маргааш нь Баяржаргал адуундаа яваад ирэхдээ зүсийг нь мэдэхгүй адуунууд тууж ирээд хашаанд хашаад тэр адуун дундаас 5 адуу барьж үлдээгээд бусад адууг нь хашаанаас гаргаад баруун урагш хөөж явуулсан байсан. Би Дашдоржийн адуу ямар зүсмийн адуу байдаг гэдгийг мэдэхгүй. Өөрийнх нь адуунууд байна гэж бодсон ... гэх /хх-34-35 х/,
Гэрч М.Доржжагдагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Баяржаргалын эхнэр Ууганхишигт над руу хэдэн адуу ажиллаад өгөөч гэхээр нь би тусалсан. Би Баяржаргалыг хулгайн адуу ажилласныг мэдээгүй ... гэх /хх-37-38 х/,
Гэрч Р.Насанбатын мөрдөн байцаалтанд өгсөн:    ... 2016 оны 11 дүгээр сарын 09-ний  өдөр гэртээ ирээд Дашдоржийн адууг хураах гээд өөрийн машинтайгаа хайхад манайхаас зүүн урд зүгт 20 гаруй км зайтай байсныг бүртгэхэд 2 тооны шүдлэн байдас байхгүй байсан. ... Баяржаргал надад хэлэхдээ би Дашдоржийн адуунаас 1 тооны адуу авах ёстой байсан. Тэрийгээ авсан гэж хэлсэн ... гэх,  /хх-42-43 х/,

Гэрч Р.Цэндсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:    ... Ганхүү хэдэн адуу ажиллаад өгөөч гэхээр нь би хөлсөө тохироод 4 тооны адуу, 8 тооны хонь ажилласан. Би тухайн адууг хэний адуу гэдгийг мэдээгүй ... гэх мэдүүлгүүд  /хх-44-45 х/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр  Д.Баяржаргалын  бусдын 26 тооны адууг хулгайлсан гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Д.Баяржаргал нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзаж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 22а дугаар шийтгэх тогтоолд:
1.”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Д.Баяржаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Д.Баяржаргалын засрал хүмүүжилд хяналт тавихыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулж болохыг,
мөн хянан харгалзах хугацаандаа захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Д.Баяржаргалд тус тус анхааруулсугай” гэж нэмж шийтгэх тогтоолын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            Г.БОЛОРМАА
                                                                                                    Б.ДЭНСМАА