Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0070

 

 

                           “Г г” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 863 дугаар шийдвэртэй, “Г г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 863 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “Г г” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийн “Г г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 413.9 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо: “… “Г г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “М р к” ХХК нь тухайн үед нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Т болон манай компанид холбогдуулан “ ...Г г” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт аливаа өөрчлөлт хийхгүй байхыг даалгах, эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх” зэрэг шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Улмаар уг маргаан нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17953 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн билээ.

Энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хугацаанд буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5452 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар “Г г” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкин дахь 410021366 дугаартай төгрөгийн, 410021367 дугаар валютын дансны зарлагын хөдөлгөөнийг тус тус зогсоосон.

Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/7935 дугаартай албан бичгээр дээрх шүүгчийн захирамжийг биелүүлж, данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоож, хариу мэдэгдэхийг Худалдаа хөгжлийн банкинд даалгасан байна.

Улмаар Худалдаа хөгжлийн банкнаас данснуудын зарлагын хөдөлгөөнд хаалт тавьсан болох тус банкны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/2980 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Маргааны зүйл болох 11329Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төслнөөр тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгагдсан бөгөөд “Г г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлөх эцсийн хугацаа нь 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5452 захирамж, түүнд үндэслэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 1/7935 дугаартай албан бичгийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Г г” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг хориглосон учир тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон.

Энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан буюу “Г г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх боломжгүй болгосон бодит нөхцөл гэж үзэх боломжтой юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 863 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

          Нэхэмжлэгч “Г г” ХХК нь эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөө Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй шалтгаан буюу “шүүхийн шийдвэрээр дансны зарлагын хөдөлгөөнд хаалт хийсэн” гэснийг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэхгүй талаар зөв дүгнэлт хийж, хариуцагч Кадастрын хэлтситйн даргын 2014 оны 81 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь мөн хуулийн 56.1.2-т нийцсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Худалдаа хөгжлийн банкны албан бичгээр одоогийн байдлаар ч дансны зарлагын хөдөлгөөн хаалттай байгаа нь тогтоогдож байгааг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүйд хүргэсэн бодит нөхцөл гэж үзэх боломжтой” гэжээ.

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Г г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Э А С Э Ж Э” ХХК-ийн толгой компани болох “М Р к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Ж.Т-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5452 дугаар захирамжаар “Г г” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон боловч хариуцагчийн гомдлоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 168 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгожээ.

          Энэхүү нөхцөл байдлыг тухайн иргэний хэргийн оролцогчид болох “Г г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нар мэдэж байсан атлаа банкинд мэдэгдэж дансны хөдөлгөөнөө нээлгээгүйг нэхэмжлэгчээс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна.

          Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр хадгалахын тулд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөх үүрэгтэй бөгөөд 9 дэх жилийн төлбөр төлөх 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр болохоос өмнө дансны хөдөлгөөнийг зогсоосон захирамж хүчингүй болсон байх тул төлбөрөө төлөх бүрэн боломжтой байжээ.

          Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхилоо.