| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2024/02386/И |
| Дугаар | 210/МА2025/00553 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00553
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01157 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Гэрээний үүрэгт 24,211,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******т 2023 оны 03 сарын 24-ний өдөр Samsung брэндийн хуучин угаалгын машиныг 3,400,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. *******ын хүсэлтээр барааны үнийг 3 хувааж буюу 2023 оны 04 сарын 13-ны өдөр бүрэн төлж дуусахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.
Анх угаалгын газарт зориулсан хуучин угаалгын машиныг зарах зар тавьсны дагуу ******* ирж угаалгын машиныг шалгаад ажиллаж байна гэж авч явсан. Угаалгын машины тээвэрлэлтийг ******* өөрөө хийсэн бөгөөд доголдолтой байна гэж хэлж байгаагүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,400,000 төгрөг, алданги 4,332,000 төгрөг, нийт 6,792,000 төгрөгийг нэхэмжилж байна.
1.2. Түүнчлэн хариуцагч ******* гаалиас бараа авах шаардлагатай байгаа учир яаралтай мөнгө зээлээч гэсний дагуу ******* 2023 оны 03 сарын 27-ны өдөр хариуцагчтай 625 тоот зээлийн гэрээний дагуу 6,000,000 төгрөгийг 21 хоногийн хугацаатайгаар 5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдөр 626 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан нотариатаар батлуулсан.
Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, алданги 11,119,500 төгрөг, нийт 17,419,500 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,792,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 17,419,500 төгрөг, нийт 24,211,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* хувцас угаалгын газар ажиллуулдаг байсан бөгөөд угаалгын машин зарна гэсэн зарын дагуу 2023 оны 03 сарын 24-ний өдөр *******өөс хуучин угаалгын машин авсан. Авахдаа ажиллуулж авсан боловч ажил дээр авчирч үйлчилгээнд ажиллуулах гэтэл доголдолтой, хувцасны хир арилгаж чадахгүй байсан. Ажил үйлчилгээнд шаардлага хангахгүй байсан тул тухайн үед *******өд угаалгын машинаа буцааж авахыг хүсэж байсан тул үлдэгдэл төлбөр 2,400,000 төгрөг, алданги 4,332,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. Зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү 300,000 төгрөг, алданги 11,119,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах тухай хуульд зөвшөөрөлгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 18,211,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн анзын хэмжээ хэт их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар бууруулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан *******аас 12,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,311,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 221,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. ******* зарын дагуу *******тэй уулзаж 2023 оны 03 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авсан. Гэтэл Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно", 12 дугаар зүйлийн 12.1-д "Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно", 18 дугаар зүйлийн 18.6-д "Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана" гэж заасан.
4.2. Нэхэмжлэгч ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш тул хүү шаардах эрхгүй.
4.3. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 300,000 төгрөг гаргуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,792,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 17,419,500 төгрөг, нийт 24,211,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн зээл 6,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 18,211,500 төгрөгийг эс зөвшөөрч, үндэслэлээ эд хөрөнгө доголдолтой байсан, ... мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй тул хүү шаардах эрхгүй ... гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Талууд 2023 оны 03 сарын 24-ний өдөр Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч ******* нь Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн Samsung брэндийн бүрэн автомат, смарт угаалгын машиныг худалдан авагч талд борлуулах, худалдан авагч ******* угаалгын машины үнэ 3,400,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 24-ний өдөр төлж, үлдэх 2,400,000 төгрөгийг хоёр хувааж буюу 2023 оны 04 сарын 03-ны өдөр 1,200,000 төгрөг, 2023 оны 04 сарын 13-ны өдөр 1,200,000 төгрөг тус тус төлж барагдуулах, худалдан авагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үл маргах журмаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож худалдагч талд төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-4/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.
6. Тэрээр шүүх, хэрэгт авагдсан Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хариуцагч *******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулж, үлдэх 3,192,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.
7. *******, ******* нар 2023 оны 03 сарын 27-ны өдөр 625 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь 6,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 21 хоногийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* гэрээнд заасны дагуу зээл, хүүгийн хамт төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-5/
8. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
8.1. Хариуцагч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан, гэрээгээр тогтоосон хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримтад маргаангүй, харин хүү болон алданги шаардах эрхийн үндэслэлийн талаар зохигч маргажээ.
8.2. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно. гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхэлдэг гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймээс мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж зааснаар талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн зохицуулалт хамааралгүй.
8.3. Талууд зээлийн гэрээгээр 21 хоногийн хугацаанд 6,000,000 төгрөгт 5 хувийн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцож, хүү тогтоож болно гэж заасантай нийцсэн учир нэхэмжлэгч нь зээлийн хүү тооцон хариуцагчаас шаардах эрхтэй.
Энэ талаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас зээлийн хүүд 300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв тул мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш ... хүү авах эрхгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
9.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээний 3.7-д заасан талуудын харилцан тохиролцсон нөхцөлийг үндэслэн алданги нэхэмжилсэн шаардлагыг 3,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэнд зохигч давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ч.ЦЭНД