Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1117

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,    

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч А.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М холбогдох эрүүгийн 1806 05651 1477 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

          Шүүгдэгч Монгол улсын иргэнА.М, 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эржтш, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам 4, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 74 дүгээр байрны 10 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч А.М нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 74 дүгээр байрны 10 тоотод Г.Насанбадамыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Хохирогч намайг өдөр тутам харддаг байсан. Мөн тухайн хэрэг болдог өдөр хохирогч орж ирж хоол хийсэнгүй гэсэн. Тэгэхээр нь би чи өөрөө хий гэсэн чинь уурлаад намайг цохиж зодож эхэлсэн. Тэгээд би биеэ хамгаалах гээд тэр хүний гар хөлийг нь барихад хөх няц болсон. Би урьд нь ял эдэлж байсан болохоор миний ял эдэлж байсан гэдэг дээр минь тэрээр дарамталдаг байсан. Би бол зодсон, цохисон зүйл байхгүй. Хохирогч өөрөө тийм догшин ширүүн авиртай хүн” гэв.

Хохирогч Г.Насанбадам нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ахиад машинаас нь 2 ширхэг бэлгэвч гараад ирсэн тэгээд би гэртээ оронгуутаа утсан дээр нь байсан хүүхнийг яриад хэрэлдсэн тэгтэл М өөдөөс хүүхдийн хөөс гаргадаг тоглоомыг над руу муухай орилоод намайг багалзуурдаад орон дээр түхсэн тэгэхээр нь ишнүүрээр нуруу хэсэг рүү нь оролготол намайг үсдэж чирээд цаад хананд очиж 4 удаа миний толгойн баруун дээд хэсгээр мөргүүлсэн тэгэзд өрөөнөөс гараад явсан тэгээд аав ээж нь бас боль гэж хэлсэн...Өмнө 2017 оны 11 дүгээр сард намайг зодоход миний нүүр хавдаад 2яүд тагларч байсан тэрнээс болж одоо миний 2 нүдний ухархай өвдөөд байгаа тэгээд зодох болгондоо намайг хараагүйчүүдийн төвд аваачиж бариулдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8047 дугаартай дүгнэлт:

1. Г.Насанбадамын биед хамар, мөр, ар нуруу, бугалга, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-38/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-45-48/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч А.М нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 74 дүгээр байрны 10 тоотод Г.Насанбадамыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.Насанбадамын: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ахиад машинаас нь 2 ширхэг бэлгэвч гараад ирсэн тэгээд би гэртээ оронгуутаа утсан дээр нь байсан хүүхнийг яриад хэрэлдсэн тэгтэл М өөдөөс хүүхдийн хөөс гаргадаг тоглоомыг над руу муухай орилоод намайг багалзуурдаад орон дээр түхсэн тэгэхээр нь ишнүүрээр нуруу хэсэг рүү нь оролготол намайг үсдэж чирээд цаад хананд очиж 4 удаа миний толгойн баруун дээд хэсгээр мөргүүлсэн тэгэзд өрөөнөөс гараад явсан тэгээд аав ээж нь бас боль гэж хэлсэн...Өмнө 2017 оны 11 дүгээр сард намайг зодоход миний нүүр хавдаад 2яүд тагларч байсан тэрнээс болж одоо миний 2 нүдний ухархай өвдөөд байгаа тэгээд зодох болгондоо намайг хараагүйчүүдийн төвд аваачиж бариулдаг байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.М хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Насанбадам нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохирол нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдсон баримтыг хуульд заасны дагуу үнэлж нийт 128.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч А.М нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д дэх хэсэгт заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч А.М холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан ба шүүхэд хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.М-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.М-эс нийт 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Насанбадамд олгосугай.

4. А.М урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР