| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1160/Э |
| Дугаар | 1127 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 1127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч М.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03743 1540 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн М.М, 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, тогооч мэргэжилтэй, Да хүрээ захад байрлах цайны газарт тогооч ажилтай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 11-1386 тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, урьд өмнө нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгүүлсэн. /2017.11.08-ны өдрийн 466 дугаартай тогтоолоор ШГА-гаа дууссан
Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Дагвадоржийн духан тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч С.Дагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний орой би 18 цагийн орчим Цайзын гэр хорооллын гудамжинд цайзаар архи уудаг Око, Золоо, Тамираа нартай нэг шил архи дэлгүүрээс аваад явж байтал М таараад “Багаа, Томоо хоёрын ах мөн биздээ, архинаасаа нэг татуулчих” гэхээр нь би чадахгүй гэхэд чулуу аваад дух руу цохиход духны зүүн хэсгээс маш их хэмжээний цус гараад би газар унасан. Ухаан ороход цагдаа болон түргэний эмч ирсэн. Эмч боолт хийгээд эм өгсөн...Архинаас болоод маргаад намайг чулуугаар цохьсон. Тэгээд надаас уучлалт гуйж эвлэрсэн. Намайг Цайз зах орчмоор өөрөө хайж явж үзүүлж харуулсан. Надтай хамт явж байсан хүмүүс бүгд ажилгүй, гэргүй гадуур над шиг тэнэмэл амьдралаар амьдардаг...Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Тухайн өдрийн орой нилээн оройхон бунхан дээр нэг найзын хамт нэг 0.5 литрийн архи, 500 граммын пивотой уучихаад харихаар Цайзын гудамжаар алхаж байтал танил Томоо, Багаа хоёрын ах Дагвадорж 2-3 хүнтэй нэг шил архи барьчихсан явж байхаар нь “сайнуу ах, нэг татуулчих” гэхэд архиа харамлаад нэг үг хэлээд намайг цээж рүү түлхэхэд би биеийн хойд хэсгээрээ газар унасан. Тэгээд газар дээрээс нэг чулуу аваад шидэхэд Дагвадорж ахын дух хэсэг оноод цус гарсан...эмчилгээний зардалд нь нийт 120.000 төгрөг өгсөн. Дагвадорж ахтай эвлэрсэн, дахин би гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7522 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Дагвадоржийн духан тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч С.Дагвадоржийн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний орой би 18 цагийн орчим Цайзын гэр хорооллын гудамжинд цайзаар архи уудаг Око, Золоо, Тамираа нартай нэг шил архи дэлгүүрээс аваад явж байтал М таараад “Багаа, Томоо хоёрын ах мөн биздээ, архинаасаа нэг татуулчих” гэхээр нь би чадахгүй гэхэд чулуу аваад дух руу цохиход духны зүүн хэсгээс маш их хэмжээний цус гараад би газар унасан. Ухаан ороход цагдаа болон түргэний эмч ирсэн. Эмч боолт хийгээд эм өгсөн...Архинаас болоод маргаад намайг чулуугаар цохьсон. Тэгээд надаас уучлалт гуйж эвлэрсэн. Намайг Цайз зах орчмоор өөрөө хайж явж үзүүлж харуулсан. Надтай хамт явж байсан хүмүүс бүгд ажилгүй, гэргүй гадуур над шиг тэнэмэл амьдралаар амьдардаг...Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч С.Дагвадорж нь гомдол саналгүй, хохирол төлбөр авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.М нь өөрийн сайн дураар хохирол төлбөрийг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.М 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР