| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1125/Э |
| Дугаар | 1151 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох эрүүгийн 1906 01910 1309 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Н, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 8 дугаар гудамж, 148 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар гудамжны 25 тоотод нөхөр Э.Жамбалтай муудалцан түүний хүч хэрэглэсэн үйлдлээс сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Э.Жамбалыг цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Э.Жамбал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би машинаа айлын хашаанд орхисон байсан болохоор машинаа авахаар гарах гэтэл Н уурлаад согтуу байж машин барьж яах гээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь машины түлхүүр өгөхгүй болохоор би хүчээр авах гээд булаацалдаад дийлэхгүй болохоор үснээс зулгааж толгойн ар хэсэгт нь 1-2 удаа цохисон. Гэтэл Н доошоо тонгойсон байдлаас ширээн дээр байсан хутга аваад миний цээж рүү 2 удаа чичих шиг болсон. Тэгэхээр нь би эхнэрийн үсийг тавьсан. Гэтэл миний цээжинд хоёр удаа хутга нь орсон байсан. Би чи намайг хутлгалчихлаа шдээ гэсэн. Эхнэр тэр үед юу ч хэлэхгүй уйлаад байсан. Тэгэхээр нь би ор руу очоод хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
“...тухайн үед би арх согтууруулах ундаа их хэрэглэсэн. Харин бага хүү бие нь муу байсан учраас Нямжаргал огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэгээд Н бид хоёр өглөө нь хариад би эргээд гарах гэтэл Н өндийж ирээд намайг цохих шиг болсон. Хартал түүний гарт хутга байсан. Манай гэрийн галт тогоонд хэрэглэдэг хутга байсан. Тэгээд би цээжиндээ хугалуулсанаа мэдсэн. Тэгээд би “Н чи намайг хутгалачихлаа ш дээ” гэж хэлэхэд худлаа яриад бай гэсэн. Тэгэхээр нь би орон дээр очиж хэвтээд цамцаа сөхөж үзүүлсэн. Тэгсэн чинь Н уйлаад дүү Рэнчиндоржийг дуудсан. Рэнчиндоржийг ирэхэд Нямжаргал цагдаа дуудаарай, эмнэлэг дуудаарай гэсэн. Архи уусандаа ч юм уу, хутгалуулсандаа ч юм уу миний ухаан самуурч эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр нэлээн согтсон. Би архи уугаагүй байсан. Гэтэл нөхөр Жамбал гадагшаа гарах гээд нэмж уух гээд байсан. Би гаргахгүй гэж хориглосон. Энэнээс болж бид хоёр маргалдсан. Гэтэл нөхөр намайг үснээс зулгааж доош нь дарж толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би хажууд байсан ширээг гараараа тулсан. Би тухайн үед маш их айж балмагдсан. Өмнө нь манай нөхөр хэзээ ч ингэж байгаагүй. Тэрхэн зуур юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэсэн. Би хутгалсанаа санахгүй байна. түүнийг хутгална гэсэн бодол надад байгаагүй. Яагаад миний гарт хутга байсныг би мэдэхгүй байна... би Рэнцэнд “цагдаа, эмнэлэг хоёуланг нь дуудчих” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Араас 103-ын эмч орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч О.Рэнчиндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н, Жамбал нар эвтэй найртай сайхан амьдардаг гэж би боддог. Хэрэглдэж муудалцаад байдаггүй. Зодоон цохионы асуудал байхгүй. Тухайн өдрийн цагийг санахгүй байна. Ямар ч байсан Н эгч над руу залгаад ороод ир гэж хэлсэн. Би ойрхон байсан болохоор гэрт нь яваад орсон. Намайг ороход Н эгч “эгч нь нөхрийгөө хутгалчихлаа цагдаа дуудаарай, түргэн дуудаарай” гэж хэлсэн. Би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Би өмнө нь тийм зүйл харж байгаагүй байсан болохоор маш их гайхаж шоконд орсон. Жамбал юу ч ярихгүй орон дээрээ хэвтэж байсан. Жамбал ахаас архи үнэртэж байсан. 103-ын эмч ирээд эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж гэсэн. Тэгээд цагдаа ирээд Н эгчийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч С.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би 11 цагийн үед Н гэрт очиход хүргэн Жамбал орон дээрээ хэвтчихсэн байсан. Жамбал юу ч хэлэхгүй байсан. Би юу болсныг асуусан боловч дугарахгүй байсан. Жамбалаас архи үнэртэж байсан. Н буйдан дээр суучихсан Жамбал намайг зодоод байхаар нь ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. Би чи яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухад юу ч дугарахгүй нүдэнд нь нулмис цийлэгнээд шал руу шат руу ширтээд суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх 21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №490 дугаартай дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын сэтгэцийн эмч нарын №722 дугаартай дүгнэлт:
-Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах буюу сэтгэл цочирдыг анагаахын шинжлэх унаанд дараах байдлаар тайлбарладаг. Үүнд:Сэтгэл цочирдолыг гарал үүслийг нь харгалзан энгийн сэтгэл цочирдол, эмгэг сэтгэл цочирдол гэж хуваан авч үздэг.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 65-72/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-76-77/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар гудамжны 25 тоотод нөхөр Э.Жамбалтай муудалцан түүний хүч хэрэглэсэн үйлдлээс сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Э.Жамбалыг цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь
Хохирогч Э.Жамбалын: “...Тэгээд би машинаа айлын хашаанд охичихсон байсан болохоор машинаа авахаар гарах гэтэл Нямжаргал уурлаад согтуу байж машин барьж яах гээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхэр нь машины түлхүүр өгөхгүй болохоор би хүчээр авах гээд булаацалдаад дийлэхгүй болохоор үснээс зулгааж толгойн ар хэсэгт нь 1-2 удаа цохисон. Гэтэл Н доошоо тонгойсон байдлаас ширээн дээр байсан хутга аваад миний цээж рүү 2 удаа чичих шиг болсон. Тэгэхээр нь би эхнэрийн үсийг тавьсан. Гэтэл миний цээжинд хоёр удаа хутга нь орсон байсан. Би чи намайг хутлгалчихлаа шдээ гэсэн. Эхнэр тэр үед юу ч хэлэхгүй уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Н: “...нөхөр нэлээн согтсон. Би архи уугаагүй байсан. Гэтэл нөхөр Жамбал гадагшаа гарах гээд нэмж уух гээд байсан. Би гаргахгүй гэж хориглосон. Энэнээс болж бид хоёр маргалдсан. Гэтэл нөхөр намайг үснээс зулгааж доош нь дарж толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би хажууд байсан ширээг гараараа тулсан. Би тухайн үед маш их айж балмагдсан. Өмнө нь манай нөхөр хэзээ ч ингэж байгаагүй. Тэрхэн зуур юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр “чи намайг хутгалчихлаа ш дээ” гэсэн. Би хутгалсанаа санахгүй байна. түүнийг хутгална гэсэн бодол надад байгаагүй. Яагаад миний гарт хутга байсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын сэтгэцийн эмч нарын №722 дугаартай дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Д.Н нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Э.Жамбал нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Н түүнд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Н ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, 3 хүртлэх насны хүүхэдтэй эх зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Н-г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Н урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР