Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00554

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/00449 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 342,762,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. *******а нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 сарын 07-ны өдрийн Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай А/410 дугаар захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өөрийн хөрөнгөөр цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний зориулалттай барилгыг ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод барьсан.

1.2. *******аас Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД, 25 хороо/ нэр бүхий НХААГ-20/0007 дугаартай тендер сонгон шалгаруулалтад *******а шалгарсан. Улмаар *******тай 2020 оны 04 сарын 09-ний өдрийн НХААГ-20/0007 дугаартай Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД, 25 хороо/ гэрээ байгуулсан.

1.3. Уг гэрээгээр *******ын ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод байрлах 100 хүүхдийн ор бүхий цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний зориулалттай барилгыг 1,200,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ингэхдээ тус гэрээний тусгай нөхцөлийн 14.5.1-д урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, гэрээний зүйл болох барилгыг хүлээн авснаас 30 хоногийн дотор гэрээний нийт үнийн 95 хувийг төлөхөөр, үлдэгдэл төлбөр болох 5 хувийг баталгааг засварын хугацаа дуусахад төлөхөөр тохиролцсон.

1.4. Дээрх тохиролцооны дагуу барилгыг 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 2020/12 дугаар комиссын актаар хүлээж авсан. Хариуцагч нь гэрээний үүрэгт 1,200,000,000 төгрөгөөр төлөхөөс 1,140,000,000 төлсөн бөгөөд үлдэх 60,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.5. Гэрээний тусгай нөхцөлийн 17.1-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байна. Алдангийн нийт дүн гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцсон. Уг тохиролцооны дагуу хариуцагч 620 хоног хугацаа хэтрүүлсэн тул хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 3,720,000,000 төгрөг болно. Гэвч гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй тул 120,000,000 төгрөг нэхэмжилж байна.

1.6. Түүнчлэн хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь 2020 оны 05 сараас шүүхэд хандах хүртэл хугацаагаар жилийн 15.2 хувийн хүүтэй /Монгол банкны дундаж ханш/ мөнгөө хадгалуулахад олох байсан орлогыг 162,762,000 төгрөг гэж дунджаар нь тооцоолж гаргасан. Хариуцагч төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж байсан бол нэхэмжлэгч уг мөнгийг арилжааны банк, санхүүгийн байгууллагад хадгалуулж хүүгийн орлого олох бүрэн боломжтой.

Иймд гэрээний үлдэгдэл үүрэг, гэрээгээр тохирсон алданги болон мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүссэн хохиролд нийт 342,762,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь цэцэрлэгийн барилга худалдан авах  ******* хороо/ ажлын гэрээг 2020 оны 04 сарын 09-ний өдөр *******тай байгуулж, гэрээнд заагдсан ажлыг 2020 оны 04 сарын 09-ний өдөр эхэлж, 2020 оны 05 сарын 23-ны өдөр нийлүүлж ашиглалтад өгөхөөр тохиролцсон.

2.2. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 07 сарын 17-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/65 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан тус цэцэрлэгийн барилга, байгууламжийг 2020 оны 08 сарын 28-ны өдрийн дугаар 2020/12 тоот актаар хүлээж авсан. Тус ажлын хэсгийн акт баталгаажин гарснаар *******д санхүүжилт болох 1,140,000,000 төгрөгийг олгосон.

2.3. Харин нэхэмжлэгч ******* нь одоог хүртэл цэцэрлэгийн барилгыг улсын өмчид бүртгүүлээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******аас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* /БСБ/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 282,762,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,871,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******а /БСБ/-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй маргааныг шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх гэрээний 17.1-д заасан хэтэрсэн хугацааны алданги болох 120,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-д "Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ", 232.6-т "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж тус тус заасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 09-ний өдрийн НХААГ-20/0007 тоот Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор / ******* хороо/ гэрээний салшгүй хэсэг болох нь тогтоогдохгүй, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүд дээр зохигчид гарын үсэг зураагүй баталгаажуулаагүй гэж дүгнэсэн нь шүүх нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

4.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дахь хэсэгт Гэрээний тусгай нөхцөл нь үндсэн гэрээний нэг хэсэг болох талаар зохицуулсан байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл үндсэн гэрээний салшгүй хэсэг болох нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд гэрээний хоёр тал зөвхөн алданги бус ерөнхий болон тусгай нөхцөлийн бусад бүхий л зүйл заалтыг хэрэгжүүлэх баримтлах боломжгүй болно.

4.4. Тухайн гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд гэрээний талуудын эрх, үүрэг болон холбогдох бүхий л нөхцөлүүдийг тусгасан байх бөгөөд ерөнхий болон тусгай нөхцөлийг гэрээний нэг хэсэг биш гэж үзвэл тухайн гэрээний үлдэх хэсэг нь бие даасан гэрээ болж чадахгүй.

4.5. Түүнчлэн алдангийн хэсгийг талууд тохиролцохдоо "гэрээний тусгай нөхцөл" хэсэгт тусгаж баталгаажуулсан ба хариуцагчаас тус гэрээний тусгай нөхцөлийг шүүхэд гаргаж өгөхдөө хамгийн сүүлийн хуудсыг дутуу өгсөн. Гэтэл шүүхээс ач холбогдол бүхий баримтыг бүрэн гүйцэд гаргаж өгөхийг хариуцагчаас шаардалгүйгээр, ерөнхий болон тусгай нөхцөлүүд дээр зохигчид гарын үсэг зураагүй баталгаажуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлийн хүрээнд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс болж тухайн үеийн мөнгөний үнэ цэнийг хүртэх боломжгүй болж хохирсон. Тухайн хохирлыг тодорхойлохын тулд тухайн үед хариуцагч гэрээний үүргээ бүтэн биелүүлсэн тохиолдолд манайх арилжааны банканд хадгалуулсан тохиолдолд олж болох байсан хүүгийн орлогоор тооцох боломжтой байсан.

4.6. Иймд Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/00449 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Маргаан бүхий гэрээний 3 дахь хэсэгт захиалагч нь барааны нийлүүлэлтийг 1,200,000,000 төгрөгөөр тохирсон. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт буюу төсөв нь жил болгон батлагддаг. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримт дутуу байсан учир шүүх тухайн баримтыг үнэлэхгүйгээр бидний алдангийн асуудлыг шийдвэрлэсэнгүй гэж нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дурдсан. Уг маргаан бүхий гэрээг анх байгуулахад нэхэмжлэгч болон хариуцагч талууд тус бүр нэг хувийг авсан тул нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Иймд алдангийн асуудал яригдахгүй. Учир нь ******* төсөв суусан жил жилээр нь санхүүжилтийг бүрэн олгосон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* /цаашид БСБ гэх/ нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг, алданги 120,000,000 төгрөг, олох ёстой орлого буюу хохиролд 162,762,000 төгрөг, нийт 342,762,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч одоог хүртэл цэцэрлэгийн барилгыг улсын өмчид бүртгүүлээгүй... гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Талууд 2020 оны 04 сарын 09-ний өдөр НХААГ-20/0007 дугаартай Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор / ******* хороо/ нэртэй гэрээг байгуулж, гэрээгээр захиалагч ******* нь барааны нийлүүлэлтийг 1,200,000,000 төгрөгөөр нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, нийлүүлэгч ******* нь цэцэрлэгийн барилгыг 2020 оны 04 сарын 09-ний өдрөөс 2020 оны 05 сарын 23-ны өдрийн дотор нийлүүлж, хүлээлгэж өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-7-8/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

4. Нэхэмжлэгч ******* нь цэцэрлэгийн барилгыг 2020 оны 08 сарын 29-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн, хариуцагч ******* нь худалдан авсан эд хөрөнгийн үнээс 1,140,000,000 төгрөг төлж, үлдэх 60,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй үйл баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2020 оны 08 сарын 29-ний өдрийн 2020/12 дугаартай Барилга, байгууламж хүлээн авсан акт, Гэрээ дүгнэсэн протокол, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон. /хх-47-49, 50-54/ Тэрээр шүүх, хариуцагч *******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх шаардлагагүй байна.

 

5. Харин шүүх, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн уг шаардлагад холбогдох хэсгийг 30,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5.1. Нэхэмжлэгч нь алдангид 120,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ... гэрээний 5.3-т гэрээний тусгай болон ерөнхий нөхцөлийг гэрээний салшгүй хэсэг байхаар заасан, ... хариуцагч гэрээний үнэ төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул алданги тооцсон гэх агуулгаар тайлбарласан байна. /хх-172/

 

5.2. Хариуцагч талаас Гэрээний ерөнхий нөхцөл, Гэрээний тусгай нөхцөл гэсэн нэртэй бичмэл нотлох баримтыг шүүхэд гарган өгчээ. /хх-58-64, 65/

Тус нотлох баримт нь нэхэмжлэгчээс шүүхэд бүрдүүлж өгсөн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн НХААГ-20/0007 дугаартай Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор / ******* хороо/ нэртэй гэрээ-ний хавсралт болохыг зохигчийн хэн аль нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна. /хх-184-185/

 

5.3. Талуудын гэрээний 5-д Дор дурдсан баримт бичиг нь цаашид гэрээний хэсэг болно. Үүнд: ... 3.Гэрээний тусгай нөхцөл, 4. Гэрээний ерөнхий нөхцөл ... гэж тодорхойлон тохиролцжээ. /хх-7/

Гэрээний ерөнхий нөхцөлийн 17.1-д Захиалагч нийлүүлэгчийн хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээний гэрээний үнийн ГТН-д заасан хувьтай тэнцэх алданги оногдуулж, гэрээний үнийг уг хэмжээгээр бууруулна. Алдангийн нийт дүн ГТН-д заасан дээд хэмжээнээс хэтрэх ёсгүй. гэж, Гэрээний тусгай нөхцөлийн 8-д /ГТН-17/ 17.1 алданги оногдуулах хувь. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байна гэж тус тус заасан байна. /хх-62, 65/

Дээрхээс дүгнэхэд, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл нь НХААГ-20/0007 дугаартай Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор / ******* хороо/ нэртэй гэрээ-ний салшгүй хэсэг байх тул гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцон төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

5.4. Талууд гэрээний тусгай нөхцөлийн 5-д баталгаат засварын хугацааг барааг хүлээлгэн өгсөн акт үйлдсэнээс хойш 36 сар байхаар, 6-д хүлээн авсан барилга байгууламжийн гэрээний үнийн 95 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь цэцэрлэгийн барилгыг 2020 оны 08 сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон учир энэ өдрөөс хойш баталгаат хугацаа буюу 36 сарын хугацаа дуусахад гэрээний үнийн 5 хувь болох 60,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Хариуцагч тал гэрээгээр тогтоосон хугацааг хэтрүүлсэн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцон шаардах эрхтэй.

Алдангийн хэмжээг тооцвол, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. /60,000,000 х 0.5%=300,000 х 180 хоног /2023.08.29-2024.02.28/ =54,000,000 төгрөг/

Иймд хариуцагчаас алдангид 30,000,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

6. Шүүх, олох ёстой орлого буюу хохиролд 162,762,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой 162,762,000 төгрөгийн хэмжээний бодит хохирол нэхэмжлэгч талд учирсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, талууд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйд хариуцлага тооцох нөхцөлийг гэрээгээр харилцан тохиролцсон байх тул дахин иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэхээр шаардсан нь үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/00449 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 90,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252,762,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 457,950 гэснийг 607,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД