Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03518 1532 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Э, 1998 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Лондон” пабад зөөгч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 12а-48 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амгалан” хүнсний захын автомашины зогсоол дээр иргэн О.Баярмагнайтай маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч О.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15:00 цагийн үед БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан зах руу орох гээд өөрийн эзэмшлийн 97-54 УНИ улсын дугаартай авто машинтайгаа зогсоол руу ороход 83-84 УНУ улсын дугаар авто машин ухарч гарах гээд байсан юм. Би ухарч өгөөд тэр машиныг гаргах гэхээр хойно машин ирээд зогсчихсон байсан болохоор тойроод гарчих гэж тэр машины жолоочид хэлсэн. Тэгтэл 83-84 УНУ дугаартай машины жолооч бууж ирээд машины цонхон дээр ирээд дотогшоо харахаар нь би машинаасаа буугаад ирэхэд шууд миний зүүн талын уруул хавьд гараараа хоёр удаа цохисон. Тэгэхэд уруулаас цус гарсан байсан. Тэгэхээр нь би тэр жолооч залуутай зууралдсан. Тэгтэл тэр машинаас хоёр эрэгтэй бууж  ирээд миний толгой руу цохиод байсан. Тэгээд жолооч нь хувцаснаас татаж толгойгоор газарт унагаасан. Тэгээд миний ухаан балартсан. Өөр юу болсон талаар санахгүй байгаа. Би тэр залууг цохиж зодсоны санахгүй байна. Өөрийгөө хамгаалж 1-2 удаа цохисон байж магадгүй. Би ээж, эхнэр болон хүүхдүүдтэйгээ хамт явж байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад баримт..., би зодуулсандаа гомдолтой байна. Зодуулснаасаа болж өөрөөсөө гаргасан мөнгийг нэхэмжилнэ ..." гэх мэдүүлэг /хх 13-14/,

Яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр би найзуудтайгаа ээжийнхээ машинтай Тэрэлж явах гээд Амгалан захаас хүнсний зүйл аваад Амгалан захын зогсоолоос гарах гээд ухарч байтал ард  бараан өнгийн машин тулж ирчихээд гарч болохгүй байсан. Тэгээд би машинаасаа бууж хойно тулж ирсэн машины жолоочийг ахаа та хойшоо ухарч байгаач би эхлээд гарчихъя гэж хэлэхэд тэр жолооч нь чи өөрөө урагшил битгий хуцаад бай гэж хэлээд машиныхаа хаалгаа онгойлгохдоо хаалгаараа цохиж бууж ирээд над руу ойртохоор нь би гараараа тэр жолооч ахын нүүр рүү нэг удаа цохисон. Тэгтэл манай найзууд бууж ирээд салгах гээд чадаагүй. Би ахтай зууралдаад бид харилцан нэгнийхээ нүүр рүү гараараа 2-3 удаа цохилцсон. Нэг удаа цохиход тэр ах газарт унасан. Тэгээд манай найзууд салгасан. Би ч тэр ахыг тойрч зугтааж байгаад машиндаа суугаад тэндээс явсан..., Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан..., Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй..., Шинжээч эмчийн гаргасан №7117 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг О.Баярмагнайгийн биед би учруулсан, Надаас өөр О.Баярмагнайг цохиж зодсон хүн байхгүй..., Миний эрүү хөндүүр болсон байсан, тохой зулгарсан байсан шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад санал гомдол байхгүй..." гэх мэдүүлэг /хх 26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7117 тоот дүгнэлтэд: 

  1. О.Баярмагнайгийн биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. 4 Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-18/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амгалан” хүнсний захын автомашины зогсоол дээр иргэн О.Баярмагнайтай маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч О.Баярмагнайгийн: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15:00 цагийн үед ...Би ухарч өгөөд тэр машиныг гаргах гэхээр хойно машин ирээд зогсчихсон байсан болохоор тойроод гарчих гэж тэр машины жолоочид хэлсэн. тэгтэл 83-84 УНУ дугаартай машины жолооч бууж ирээд машины цонхондээр ирээд дотогшоо харахаар нь би машинаасаа буугаад ирэхэд шууд миний зүүн талын уруул хавьд гараараа хоёр удаа цохисон..." гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.Баярмагнай нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Э хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Э 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР