Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00576

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа, даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/02028 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 12,080,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээнээс татгалзалж, гэрээгээр шилжүүлсэн 12,080,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. Талууд 2024 оны 05 сарын 31-ний өдөр Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, ******* нь гэрээнд заасан асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх, ******* нь ажлын хөлс 90,000,000 төгрөгийг гэрээний 4.2-т заасан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-8-9/

Гэрээ байгуулсан болон *******аас урьдчилгаа төлбөрт 12,080,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг ******* руу шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй. /хх-14, 77-78/

5. Анхан шатны шүүх, зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

6. Хариуцагч ******* нь гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгчийн саналыг хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь түүний ...08 сарын 16-ны өдөр ******* ирээд өөрөө гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн гэх хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. /хх-30, 78/ Энэ талаар зохигч маргаангүй. Анхан шатны шүүх гэрээ дуусгавар болгосон үндэслэлийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсгийг зөв хэрэглэсэн байна.

 

7. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 12,080,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь ажлын хөлсийг буцаан өгөхөөс татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэл болон хүсэлт бичиж түүнтэй холбоотой 129 хуудас нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэсэн ... хэмээн тайлбарлан, маргасан байна. Энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Тодруулбал, хариуцагч нь мэргэжлийн хүний хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хэдий хугацаанд, ямар үе шаттай, ямар ажил, үйлчилгээ үзүүлсэн, энэ нь зарцуулсан цаг хугацаа болон гүйцэтгэлийн хувьд 12,080,000 төгрөгийн ажил, үйлчилгээ үзүүлсэн болохоо өөрөө баримтаар нотлох ёстой.

Хариуцагч талаас гэрээ дуусгавар болгож, төлбөр дүгнэсэн акт, 2023 оны 07 сарын 04-ний өдрөөр огноолсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэсэн гарчигтай хүсэлт болон нэхэмжлэл, кассын зарлагын ордер гэсэн нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-15, 16-18, 19-20/

Уг бичгийн нотлох баримтуудаас үзвэл, гэрээ дуусгавар болгож, төлбөр дүгнэсэн акт гэх баримтад нэхэмжлэгч ******* гарын үсэг зурж баталгаажуулаагүй, нэг талын баримт байх тул гэрээгээр шилжүүлсэн 12,080,000 төгрөгийг буцаан шилжүүлэх асуудлаар талууд харилцан тохиролцсон гэж дүгнэх боломжгүй. Мөн нэхэмжлэл, хүсэлт зэрэг баримтууд нь 12,080,000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний ажлыг хариуцагч гүйцэтгэсэн гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна.

Хариуцагч нь 129 хуудас нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажил гүйцэтгэсэн гэх боловч ийм ажил, үйлчилгээ үзүүлснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

8. Түүнчлэн, гэрч *******ийн ... нэхэмжлэл болон улсын тэмдэгтийн хураамжийг ******* өгсөн, ... Нэхэмжлэлийг ******* өөрт чинь өгөхдөө шүүхэд өгөөрэй гэсэн үү, ******* өгөөрэй гэсэн үү гэсэн асуултанд ...******* гэж ойлгоод өөрт нь өгсөн гэх агуулга бүхий мэдүүлэг нь хариуцагчийн дээрх татгалзлыг нотлох ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. /хх-80-81/

9. Хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 12,080,000 төгрөг буюу 5,000,000 төгрөг бэлнээр, 6,800,000 төгрөгийн үнэ бүхий хяргасан булган шуба 1 ширхэг, 280,000 төгрөгийн үнэ бүхий булган алчуур 1 ширхэг тус тус хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсантай холбогдон 12,080,000 төгрөг хариуцагч талаас шаардаж буй нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасантай нийцэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 12,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/02028 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 12,080,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******гаас 208,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД