| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/06457/И |
| Дугаар | 210/МА2025/00581 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00581
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01050 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 72,272,972 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-тай 2022 оны 03 сарын 01-ний өдөр ЗГ/1174130101000033 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу мөнгийг *******д гэрээ байгуулсан өдөр өгсөн.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* дүүрэг, ******* гудамж, ******* тоот хаягтай 118 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гарааш болон мөн хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай 699 м.кв талбай бүхий зуслангийн газрыг барьцаалахаар ******* дугаартай Барьцааны гэрээг байгуулж, эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн.
1.3. ******* нь гэрээний хуваарийн дагуу зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй. Мөн барьцааны зүйл болох хувийн сууц, гарааш нь гал түймэрт өртөж устсан. Ингээд 2023 оны 12 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид зээлийн гэрээтэй холбоотой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан. Гэвч үр дүнд хүрээгүй учир 2024 оны 02 сарын 14-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Үүнээс хойш хариуцагч ******* зуслангийн газраа борлуулж зээлээ бүрэн төлнө хэмээн мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй.
1.4. Иймд 2022 оны 03 сарын 01-ний өдрийн ЗГ/1174130101000033 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,118,152 төгрөг, зээлийн хүү 30,160,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,994,546 төгрөг, нийт 72,272,972 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр болох 40,118,152 төгрөгийг зөвшөөрнө. Харин зээлийн хүү 30,160,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,994,546 төгрөг, нийт 32,154,819 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. Миний бие *******-тай 2022 оны 03 сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 45,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн. Мөн Барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн ******* дугаар хувийн сууц, гарааш болон ******* дугаар газрыг барьцаалсан.
2.3. Гэтэл 2022 оны 03 сарын 21-ний өдөр гэнэтийн нөхцөл байдлаас болж хувийн сууц, гарааш гал түймэрт шатсан. Улмаар барьцааны зүйл устсан, ковид цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Ингээд гэрээг цуцалж барьцаа хөрөнгө болох газрыг өгөх талаар удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч шаардлагатай арга хэмжээг тухайн цаг хугацаанд авалгүй их хэмжээний хүү нэмэгдүүлэн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 72,272,972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 519,315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Миний бие үндсэн зээл 40,118,152 төгрөгийг хүлээн зөвшөөрч зээлийн хүү 30,160,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,994,546 төгрөг, нийт 32,154,819 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.
4.2. Гэрээ байгуулснаас хойш 20 хоногийн дараа барьцааны эд зүйл галд шатаж, устаж үгүй болж зэргэлдээх хөрш айлуудад хохирол учруулж их хэмжээний төлбөрт орсон талаар зээлдүүлэгч талд мэдэгдэж цаашид зээлийн хүү болон үндсэн зээлийн төлж чадахгүй нөхцөл үүссэн тул барьцаанд тавьсан газрыг банк бусын нэр дээр шилжүүлж зээлийн гэрээг дуусгавар болгох саналыг удаа дараа тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүйн улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дарамтад орсон.
4.3. Шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг татгалзаж нотлох баримт бүрдүүлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн.
Хариуцагчийн зүгээс зээл төлөх хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, зээлийг хүүг зогсоолгох, барьцааны эд хөрөнгийг шилжүүлж өгөх талаар гаргасан хүсэлт, мөн эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл зэрэг нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт. Учир нь нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлалд зээлийн гэрээг цуцалж, 59,000,000 төгрөг шаардсан эсэх, хариуцагчийн нэхэмжлэгч талд хүргүүлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг тогтооход чухал шаардлагатай нотлох баримт гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 32,154,819 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч нотлох баримт бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж гомдолд дурдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал хоёр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Нэг нь хариуцагч ******* гараар бичиж өгсөн өргөдөл, уг өргөдлийн агуулга нь би зээлсэн 45,000,000 төгрөгөөр койн авсан, койны ханш унасан учраас би зээлээ төлөх чадваргүй болсон. Мөн барьцааны зүйл болох байшин шатсаны улмаас би үндсэн газраа үнэлүүлж зараад зээлээ төлнө гэсэн байдаг. Харин удаа дараа гэрээ цуцалъя гэж мэдэгдсэн зүйл байхгүй.
5.2. ******* гаргасан хүсэлтийг 2023 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авсны дараа цаашид зээлээ яаж төлөх талаар хуваарь гаргахаар уулзсан. Тухайн үед ******* барьцаа хөрөнгийг өөрчлөх, солих хөрөнгө байхгүй, надад хугацаа олгооч, би газраа зараад зээлээ төлье гэх хүсэлт гаргасан. Бид энэ хүсэлтийг хүлээн авч хугацаа олгох зорилгоор эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргасан. Гэвч ******* эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээн зөвшөөрөөгүй, утсаа авахгүй, хаяг дээрээ байхгүй байсан тул шүүхэд хандсан.
5.3. Хариуцагчийн эвлэрүүлэн зуучлалын өргөдлийг авах гол зорилго нь нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалд хандахдаа 59,000,000 төгрөгийг шаардсан хэр нь шүүхэд хандахдаа 72,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарддаг. ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлийг бүрэн гүйцэт эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүг гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж нарийвчлан зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлээ бүрэн төлж барагдуулах хүртэл нь зээлийн хүүг гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож бодоод нэхэмжлэх эрхтэй. Хариуцагчийн өмгөөлөгчөөс гэрээг тухайн үед цуцлах ёстой байсан гэж ярьдаг. Гэрээг цуцлах нь нэг талд олгосон үүрэг биш бөгөөд гэрээг цуцлах ёстой гэж шаардах үндэслэлгүй. Хариуцагч *******д хангалттай хугацаа олгож, удаа дараа уулзаж барьцааны гэрээнд газраа 5,000,000 төгрөгөөр үнэлсэн ч манайх таны газрыг 23,000,000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд би газраа өөрөө өндөр үнээр зарна, ажилд орсон учраас цалингаасаа зээлээ төлнө надад хугацаа олгооч гэх хүсэлтийг удаа дараа гаргасан, харин би гэрээгээ цуцалъя гэж мэдэгдсэн гэх тайлбар нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72,272,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь үндсэн зээл 40,118,152 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн 32,154,819 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. *******, ******* нар 2022 оны 03 сарын 01-ний өдөр ЗГ/1174130101000033 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 45,000,000 төгрөгийг сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-9-11/
3.2. Гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн.
4. Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5. Хариуцагч ******* нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу 2022 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 02 сарын 25-ны өдрийн хугацаанд сар бүрийн 25-ны өдөр зээл, зээлийн хүүд 2,060,000 төгрөг, үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүүд 28,580,202 төгрөг, нийт 73,580,202 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
Уг хуваарийн дагуу үүргээ гүйцэтгээгүй болохыг хариуцагчийн шүүхэд гаргасан барьцаа хөрөнгө гал түймэрт өртсөн, ковид цар тахал гарсан зэргээс шалтгаалан төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон гэх агуулгатай тайлбар, мөн 2022 оны 03 сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 4,881,848 төгрөг, зээлийн хүүнд 7,516,535 төгрөг төлсөн үйл баримтыг хэрэгт авагдсан зээл тооцооллын хүснэгт, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон.
6. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй. Нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар талууд маргажээ.
6.1. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байна.
6.2. Талууд 2.7-д Зээлдэгч энэхүү гэрээний 2.1.3-т заасан хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөнд тооцох ба хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг болон уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэлх хугацаагаар талууд төлөхөөр тохиролцов. гэж заасан нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.
6.3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасан.
6.4. Хариуцагч ******* нь барьцаа хөрөнгө гал түймэрт өртсөн үүний улмаас зээл төлөх боломжгүй болж гэрээ цуцлах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад гэрээ цуцлах арга хэмжээ аваагүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэсэн гэх үндэслэл заан маргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг хүсэлт өгсөн гэх тайлбарыг зөвшөөрч, шүүх хуралдаанд 2023 оны 06 дугаар сарын 10-нд нэг удаа би төлбөрөө төлөх хэцүү боллоо. Койн авсан, тэр нь залилан байсан, мөн манай байшин шатсан, тиймээс тодорхой хэмжээний хугацаа өгнө үү, удахгүй энэ асуудлаас гараад өрөө төлнө гэсэн саналыг тавьсан. Мөн манай байшин шатсан хэдий ч ... газар, гүний худаг манай нэр дээр байгаа, үүнийг үнэлүүлж өгмөөр байна гэсэн хүсэлт тавьж байсан. ... гэсэн тайлбар гаргасныг хариуцагч талаас үгүйсгээгүй байна. /хх-49/
Дээрхээс дүгнэхэд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон нэхэмжлэгч нь гэрээ цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах хуулийн үндэслэлгүй юм.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл, түүнд ногдох хүү болон нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2024 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон 72,272,972 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.
8. Давж заалдах шатны шүүх, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн... гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Учир нь нэхэмжлэгч тал шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 59,000,000 төгрөгөөр тодорхойлж байсан нь хариуцагчийн зээлийн гэрээний гүйцэтгэх үүргийн хэмжээг тодорхойлохгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 72,272,972 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдлийг нотлох баримтаар гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, хариуцагч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүйн улмаас нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасанд нийцжээ.
9. Харин анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч *******-ийн нэрийг ******* гэж техникийн шинжтэй алдаа гарсныг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01050 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ******* гэснийг ******* гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД