| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2024/04582/И |
| Дугаар | 210/МА2025/00524 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00524
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00813 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д хол*******ох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 6,595,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2022 оны 12 сарын 01-ний өдөр *******-тай Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч буюу ******* нь Европын ажлын гэрээгээр Норвеги улсад ажиллах хөтөлбөрт хамруулах, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай СV анхан шатны танилцуулгыг бэлтгэх, ажил олгогчид зуучлах, ажлын ярилцлагад бэлдэх, хөдөлмөрийн гэрээг байгуулахад зуучлах, ажил олгогчийн урилга авч өгөх, тухайн улсад оршин суух визний материал бүрдүүлэх, виз мэдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээж, үйлчлүүлэгч буюу миний зүгээс гэрээний нийт үнэ болох 1.800 еврог гэрээг байгуулсан өдөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн байсан.
1.2. Гэвч төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүргэл хугацаанд ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлын ямар нэг үр дүн гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний хугацаа дуусгавар болсон тул төлбөрөө буцаан олгохыг шаардахад 300 евро өгнө гэсэн хариу хэлж, бид харилцан тохиролцоонд хүрч чадаагүй.
1.3. Талууд гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, 2023 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 1 сараар сунгасан байдаг. Тус гэрээний 6.5-д “бүх үйлчилгээ хийгдэж ажлын зөвшөөрөл маягт, урилга ирж виз мэдүүлсэн боловч визний ярилцлагад тэнцээгүй тохиолдолд сонгосон улс дахь ажлын болон визний спонсор байгууллагуудын үйлчилгээ, Монгол Улс дахь компанийн үйлчилгээний зардал, үйл ажиллагааны өртөгт зарцуулагдсан үйлчилгээний нийт төлбөр 1.300 евро үл маргах журмаар бүрэн суутгагдана” гэж заасан. *******-ийн зүгээс ажил олгогчийн урилга ирээгүй, виз ч мэдүүлээгүй байхад үндэслэлгүйгээр төлбөр суутгана гэж байгаад гомдолтой байна.
Иймд 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 40/22 дугаартай гэрээний гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээний дагуу төлсөн 1.800 евро буюу 3664 төгрөгөөр тооцсон дүн болох 6,595,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Тус компани нь 2022 оны 12 сарын 01-ний өдөр *******тай “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, үйлчилгээ үзүүлэхээр болсон. Талууд 2023 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар гэрээ байгуулсан. Хэдийгээр гэрээгээр тохиролцсон хугацаа дуусгавар болсон ч талуудын хэн аль нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах болон дуусгавар болгох санал гаргалгүйгээр байнгын холбоотой ажиллаж, гэрээнд заасан үйлчилгээг үргэлжлүүлэн явуулж, үйлчлүүлэгчид гэрээнд заасан болон өөр бусад мэдээ, мэдээллийг өгч байсан.
Тухайлбал, компанийн менежер *******ийн “*******” гэдэг нэртэй фэйсбүүк хаягаас 2023 оны 08 сарын 08, 10-ны өдрүүдэд *******ийн фэйсбүүк хаяг руу мэдээлэл явуулсан, *******ийн асуултад хариулж байсан зэрэг баримтаас тодорхой харагдана. Манай компанийн зүгээс гэрээний хугацааг ялимгүй хэтрүүлсэн ч гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн.
Мөн 2023 оны 11 сарын 17-ны өдөр *******ийн ******* гэсэн дугаар руу хол*******ож Норвеги улсад ажиллах урилга буюу хөдөлмөрийн гэрээ бусад хол*******ох баримтууд ирсэн талаар мэдэгдэж, виз мэдүүлэхэд шаардлагатай баримтууд болон визний хураамжийг бэлдэх талаар хэлэхэд визний хураамжийг виз гарсны дараа төлнө гээд өөрөө таг, алга болсон байдаг. Манай компанийн зүгээс дахин 2024 оны 01 сарын 04-ний өдөр англи хэл дээр баримт материалаа бүрдүүлж өгөхийг шаардсан боловч визний хураамжийг түрүүлж өгөх боломжгүй гэдэг хариуг өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.7-д виз мэдүүлэхтэй холбоотой материалыг өргөн барихад хол*******он гарах визний хураамж, шуудангийн зардал зэргийг үйлчлүүлэгч өөрөө хариуцахаар тохиролцсон.
2.2. Европын ажлын урилга буюу ажиллахыг зөвшөөрсөн хөдөлмөрийн гэрээ баримтууд нь тодорхой хугацаатай, үнэ төлбөртэй байдаг бөгөөд манай компанийн зүгээс энэхүү зардалд 1000 ам.долларыг гэрээт байгууллага руу шилжүүлсэн. Энэхүү 2023 оны 11 сарын 15-ны өдөр ирүүлсэн урилгын визинд орох хугацаа дууссан тул 2024 оны 02 сард Норвегийн хөдөлмөрийн гэрээ буюу урилгыг дахин авч *******ийн албан ёсны и-мэйл хаяг болох ******* хаяг руу 2024 оны 04 сарын 03,04,11,25 болон 05 сарын 15-ны өдрүүдэд удаа дараа гэрээний дагуу визинд орох материалыг бүрдүүлэх талаар шаардаж байсан боловч ******* нь өөрөөс шалтгаалах зүйлийг биелүүлээгүй.
2.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6, 6.5 дахь хэсэгт зааснаар ажлын зөвшөөрөл, маягт урилга ирсэн тохиолдолд сонгосон улс дахь ажлын болон визний спонсор байгууллагуудын үйлчилгээ, Монгол дахь компанийн үйлчилгээний зардал, үйл ажиллагааны өртөгт 1300 евро үл маргах журмаар суутгахаар талууд харилцан тохиролцсон.
Иймд манай компанийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээнд заасны дагуу үйл ажиллагааны зардалд 1300 ЕUR тэнцэхүйц төгрөгийг суутган авч 500 евротой тэнцэхүйц төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоход татгалзах зүйл байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 6,595,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,473 төгрөг гаргуулж *******-аас 120,473 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг баримтлан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй.
Тус компани нь 2022 оны 12 сарын 01-ний өдөр *******тай “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, үйлчилгээ үзүүлэхээр болсон юм. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч ******* Норвегийн урилга ирүүлэх талаар шахан шаардаж байсны улмаас манай компани нь Норвегийн вант Улсад ажиллаж амьдрах урилга буюу хөдөлмөрийн гэрээ, ажиллах хугацааны орон байрны баталгаа, батлан даалтын бичиг зэрэг баримтуудыг зардал мөнгө гарган гэрээ ёсоор авчирч өгсөн байдаг. Энэхүү гэрээний хугацаа дууссанаас хойш талууд харилцан гэрээг амаар үргэлжлүүлж байсан болох нь 2023.11.14, 2024.02.02, 2024.02.06, 2024.02.07, 2024.02.07, 2024.04.01-ний өдрүүдэд хариуцагчийн ******* дугаараас нэхэмжлэгчийн ******* дугаар руу, уг дугаараас хариуцагчийн ******* дугаарт бичсэн харилцан зурвасуудаар маш тодорхой нотлогддог.
Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтад үзлэг хийж баталгаажуулж хэрэгт хавсаргасан атлаа энэ талаар ямар ч үнэлэлт дүгнэлт хийлгүй зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэн хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
4.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан байна.” гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь, гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа бол яг хэзээ гэрээнээс татгалзсан болохыг, мөн нэмэлт хугацаа тогтоосон бол хэдий хүртэл хугацаа тогтоосон болохыг, тэрхүү
хугацаанд үр дүн гарсан эсэхийг нарийвчлан тогтоох ёстой байсан. Энэ нөхцөл байдлыг тогтоохгүйгээр зөвхөн хуулийн зүйл, заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэн шийдвэрлэсэн нь хууль бус байгаа юм.
Манай компанийн хувьд *******аас шаардаж шахаж байсан хугацаанд буюу гэрээ амаар үргэлжилж байх хугацаанд Норвегийн вант Улсад ажиллаж амьдрах урилга буюу Хөдөлмөрийн гэрээ, ажиллах хугацааны орон байрны баталгаа, батлан даалтын бичиг зэрэг баримтуудыг зардал мөнгө гарган гэрээ ёсоор авчирч өгсөн болохыг шүүх анхаарч үзсэнгүй.
Хэрэв үнэхээр бичгээр байгуулсан гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гэрээнээс албан ёсоор татгалзсан тохиолдолд манай компани нь зардал мөнгө гаргаж дээрх баримтуудыг авчрах шаардлага байхгүй байсан. Нэгэнт ******* нь баримт бичгүүдийг ирүүлж, өөрт нь мэдэгдэж, визинд орох шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг шаардаж эхэлснээс хойш гэрээнээс татгалзсан бол хол*******он гарсан зардал мөнгийг өөрөө хариуцах нь шударга ёсонд нийцнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. 2022 оны 12 сард гэрээ байгуулаад, 6 сард гэрээний хугацаа дуусахад дахиад 1 сарын хугацаагаар боломж олгоод гэрээгээр сунгасан. Гэрээний хугацаа дуусахад ямар нэгэн үйлдэл хийгээгүй, боломжит хугацаа олгосон боловч дахиад үйлдэл хийгээгүй гэж шүүх дүгнэсэн. 2022 оны 6 сарын 30-ны өдрийг дуустал хариуцагч компаниас ийм виз гарлаа, ийм мэдээлэл орлоо гэдэг мэдээлэл өгөөгүй. Дахиад нэг сарын хугацаа олгоход бас л мэдээлэл өгөөгүй. 1 жилийн дараа буюу 2023 оны 10 сарын 31-ний өдөр визний зардал 1.000 ам.долларыг *******ийн өмнөөс тушаасан гэж маргадаг. *******ийн өмнөөс 1.000 ам.долларыг тушаасан нотлох баримт байдаггүй.
Гадаад банкны төлбөрийн даалгаврын баримт байдаг. 2023 оны 11 сард бичиг баримт ирсэн гэж хэлчхээд, ******* 2024 оны 2 сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлахад өгөхөд бид чиний визний төлбөрийг төлсөн, ийм ажиллагаа хийсэн гэж нотлох баримт гаргаж өгөөгүй. 4 сард шүүхэд өгснөөс хойш ийм баримт ирсэн гэж гадаад хэлтэй бичиг баримт гаргаж өгөөд байгаа нь гэрээний төлбөрийг төлсөн гэдэгт нийцэхгүй байна. 2 жилийн хугацаанд ямар ч ажиллагаа хийгээгүй байсан мөртлөө хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д хол*******уулан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 1,800 евро буюу 6,595,200 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч зарим хэсэг буюу 500 евротой тэнцэх төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг “... гэрээний хугацаанд Европт ажиллах хол*******ох бүх бичиг баримтаа өгөхийг манай компанийн зүгээс *******д утас, мэйлээр мэдэгдсэн боловч Норвегийн Элчин сайдын яаманд бүрдүүлэн өгөх бичиг баримтыг өөрийн биеэр бэлтгэж компанид хүлээлгэн өгөөгүй тул виз мэдүүлгээс хоцорч тус улсад ажиллах эрхээ баталгаажуулаагүй, манайх гэрээгээ зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр татгалзан, маргажээ.
3. ******* нь *******-тай 2022 оны 12 сарын 01-ний өдөр “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, гүйцэтгэгч тал буюу ******* нь үйлчлүүлэгчийн шийдвэрийн дагуу сонгосон улсад ажлын гэрээгээр ажиллах, амьдрахтай холбоотой мэдээ мэдээллээр хангах, ... сонгосон улс дахь амьдралын нөхцөл байдал болон визний талаар зөвлөгөө өгч, журмаар заагдсан бичиг баримтыг бүртгэж хүлээн авах, үйлчлүүлэгчид хол*******ох ангиллын виз мэдүүлэх бөгөөд гэрээний 2.2.-т заасан үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч буюу ******* нь хөтөлбөрт хамрагдан ажилд орох болон виз мэдүүлэхтэй холбоотой эрх бүхий байгууллагаас хүлээлгэн өгөх материалын бүрдүүлэлтийг үйлчлүүлэгч хариуцагч компанид хүлээлгэж өгөх, үйлчилгээний үндсэн төлбөр 1800 еврог гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу саадгүй төлөх, гэрээгээр тохирч виз мэдүүлснээс хойш дур мэдэн ажил солихгүй байх, гэрээгээр ажиллах хугацаанд хоёр талын компаниас гаргасан журмыг дагаж мөрдөх, сонгосон улсын виз олгох журмын дагуу шаардлагатай хувийн бусад бүх бичиг баримтыг өөрийн биеэр үнэн зөв бүрдүүлэх, ... үйлчлүүлэгч болон түүний батлан даагч нь ажил орлого, санхүүгийн тогтвортой байдлаараа дадлага дууссаны дараа эх орондоо эргэж ирэх баталгааг хангах тус тус үүрэг хүлээжээ. /хх10-12/
Гэрээний дагуу ******* нь 2022 оны 12 сарын 01-ний өдөр *******-ийн эзэмшлийн ******* банк дахь ******* дугаарын данс руу үйлчилгээний хөлс 1800 евро шилжүүлсэн болох нь хэргийн 13 дахь талд авагдсан ******* банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон.
4.Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг зөв үнэлсэн. Харин талуудын байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач хол*******олтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
5.Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, дараах байдлаар залруулан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
5.1. Гэрээ байгуулсан болон хөлс төлсөн үйл баримтад зохигч маргаангүй, харин хэний буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
5.2. Хариуцагч талаас нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ буюу нэхэмжлэгч *******тай байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэх үйл баримтаа нотлохоор “Үйлчилгээний гэрээ”, 3473/2023 дугаартай Гэрээ, Батлан даалтын бичиг, Ажиллах хугацааны орон байрны баталгаа, EEA/EFTA улсын иргэдэд зориулсан хөдөлмөрийн гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтуудын шүүхэд гарган өгчээ.
6. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 сарын 01-ний өдрийн “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэлээ.
6.1. Учир нь, хариуцагч ******* нь “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” нэртэй гэрээний 2.2-т заасан гадаад дахь түнш байгууллагаар дамжуулан хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хөтөлбөрт оролцогчийн CV анхан шатны танилцуулгыг тус улс дахь ажил олгогч эсвэл түүнтэй адилтгах хуулийн этгээдэд мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд CV-ийг боловсронгуй болгож ажил олгогчийн шаардлагатай нийцүүлэх, ажлын байртай холбоотой мэдээллээр хангах /үүнд ажиллах цаг, цалин, амьдрах нөхцөл, даатгал.../ зэрэг хамаарна, шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн ярилцлагад бэлтгэх зааварчилгаа зөвлөгөө өгөх, визтэй холбоотой материал орчуулга, боловсруулалтын үйлчилгээ, ажил олгогчийн урилга авч өгөх, оршин суух зөвшөөрөл авч өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээжээ. /хх10/
6.2. Мөн гэрээгээр бүртгэл хийгдэж гэрээ байгуулснаар ажилд зуучлах үйл ажиллагаа эхэлсэнд тооцох, үйлчлүүлэгчийн танилцуулга, CV бэлтгэх, хянах, сайжруулах, ажил олгогчид биечлэн танилцуулах, хариу мэдээлэл, харилцаа холбооны ажил, ярилцлагад бэлдэх, ярилцлагын цаг товлох зэрэг үйлчилгээ хийгдэх, ажил олгогчид сонгогдох хугацааг 14 хоногоос 6 сарын хооронд байх зэрэг нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна. /хх10/
6.3. Хэрэгт авагдсан “Үйлчилгээний гэрээ”-г ALMINA TURIZM TASIMACILIK буюу нэгдүгээр талыг төлөөлж ноён *******, хоёрдугаар тал буюу *******-ийг төлөөлж ******* нар байгуулж, гэрээг 2023 оны 05 сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр харилцан тохиролцсон байна. Гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс ур чадвартай, ур чадваргүй бүх төрлийн ажлын гэрээгээр үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, улирлын чанартай ажлууд зэрэг ажлын байранд Европын орнуудад гэрээт ажилтан явуулах хамтын ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулах харилцаа хамтын ажиллагааг зохицуулах, ******* нь нэгдүгээр талаас ажлын байрны захиалга, итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээний мэдээлэл, хөдөлмөрийн яамны зөвшөөрөл зэргийг хүлээн авч Монгол Улсад буюу өөрийн нутаг дэвсгэрт сурталчлан ажилтнуудыг цуглуулж бүртгэн ажилтан хөлслөн авах үйл ажиллагааг амжилттай хийж, нэгдүгээр талд хүлээлгэн өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөрийн хувийн дата мэдээлэл, сонин сэтгүүл зэрэг эх үүсвэрийг ашиглан ажлын байрны захиалгын бичгийн шаардлагад нийцэх хөдөлмөрлөх хүчийг бүртгэн авах, эрүүл мэндийн хувьд тэнцэх ажилтнуудыг сонгон авах, Европын холбооны болон Холбооны бус орнуудын ажил олгогч нарын шаардлагад нийцсэн ажилчдыг олж, өөрийн болох ойролцоох орнуудын Элчин сайдын яамдад хол*******ох виз мэдүүлэх ... зэрэг үүрэг хүлээсэн байна. /хх58-63/
6.4. Мөн 3473/2023 дугаартай Гэрээ, Батлан даалтын бичиг, Ажиллах хугацааны орон байрны баталгаа, EEA/EFTA улсын иргэдэд зориулсан хөдөлмөрийн гэрчилгээ зэрэг баримтуудад нэхэмжлэгч *******ийн нэр бичигдсэн байх бөгөөд тус баримтуудад хөдөлмөрийн гэрээ, ажиллах цаг, хөдөлмөрийн нөхцөл, орон байрны баталгаа болон батлан даалтын баталгаа зэрэг нөхцөлийг тус тус тусгажээ.
Дээрх нотлох баримтуудаар хариуцагч *******-ийг Норвеги улсад хөдөлмөр эрхлүүлэхээр талаар нэхэмжлэгч *******д зуучлах үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээсэн байна.
7. 2001 оны Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1-д “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан.
7.1. Хариуцагч ******* нь хуульд заасны дагуу дээрх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүйн гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зөвшөөрөлгүй” гэсэн агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд тайлбарлаж байна. /хх192/
Иймд талуудын байгуулсан “Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” нэртэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.
7.2. Энэ тохиолдолд талуудын тохиролцоо анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн 1,800 евро буюу 6,595,200 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтийг, тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт тус тус оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00813 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,474 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД