Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1148

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Баярмаа,                            

улсын яллагч Д.Ариунжаргал,

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д холбогдох эрүүгийн 1906 00539 1373 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Д, 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, Нарантуул Олон Улсын Худалдааны төв дээр хүүхдийн тоглоом зардаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 5 дугаар байр, 122 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж  байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55-60 УБР улсын дугаартай Тоёота Кроло Аксио маркийн тээврийн хэрэгслээр иргэн Т.Туяацэцэгт үйлчилж байхдаа дэлгүүрээс эд зүйл авахуулахаар өгч улмаар авахаа мартаж явуулсан Хаан банкны виза картнаас 2.330.000 төгрөгийг нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан.” гэв.

Хохирогч Т.Туяацэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз нарын хамтаар өөрийн төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Ингээд 13-14-нд шилжих шөнө төрсөн өдрөө тэмдэглэж байгаад шөнийн 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Singles баарнаас гараад төв замаас цагаан өнгийн марк улсын дугаарыг нь мэдэхгүй таксинд гар өргөн суусан. Ингээд уг такситайгаа хамт гэрийнхээ зүг явж байгаад нэмж пиво уумаар санагдсан учир би таксины жолоочоос 6 дугаар хороо Жулия төв оръё тэндээ пиво авъя гээд явж очсон. Ингээд уг таксины жолоочийн хамтаар байрныхаа гадна хүргүүлсэн бөгөөд таксины жолоочийг би энэ пивыг ганцаараа ууж барахгүй хань болоод хамт сууж байгаад хуваагаад уучихъя гэхэд за гээд зөвшөөрсөн. Ингээд бид 2 пиво хувааж уусан бөгөөд би буухынхаа өмнө таксины жолоочоос картаа бас утсаа авъя гэхэд би өгсөн шүү дээ гээд гүрийж байгаад яваад өгсөн. Ингээд маргааш нь миний картнаас 2.100.000 төгрөг ботаникийн захаас, 230.000 төгрөг Баянзүрх дүүргийн нэг цэгийн үйлчилгээний АТМ-ээс гарсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж ирэхийнхээ өмнө Хаан банкинд очиж хүсэлт гарган дансны хуулга АТМ-ын хяналтын камерын бичлэгийг харахад таксины жолооч мөн байсан. Би Жулия баарнаас очоод пиво аваад ир гэж гаргаж явуулахдаа нууц дугаараа хэлж өгч явуулсан..." гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10/,

Хохирогч Т.Туяацэцэг дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөдөл өгөхдөө самсунг жи-7 маркын гар утсаа 01 дүгээр сарын 13-ны өдөр найзуудтайгаа шоудаж байгаад тэд нараас такси барихдаа Цэнд-Аюуш гээд найздаа өгсөн байна лээ. Тэд өдрийн маргааш нь хөдөө яваад бид 2 хоорондоо холбоогүй байж байгаад найз маань цагаан сарын өмнө хөдөөнөөс ирээд миний утсыг надад байгаа ирж аваарай гэж хэлээд би самсунг жи-7 маркийн гар утсаа найзаасаа авсан..." гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12/,

Гэрч Г.Алтаншагай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Миний эзэмшлийн машин байгаа юм. Би уг машиныг Нет капитал банк бус санхүүгийн байгууллагад 9.000.000 төгрөгний зээлийн гэрээ хийж урьдчилгаа 4.300.000 төгрөгийг өгч худалдан авсан машин байгаа юм. Одоо уг машиныг үеэл Н.Д унаж яваа..." гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14/,

Яллагдагч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би кино үйлдвэрийн автобусны буудал дээр байдаг түц ороод тамхи авах гэхэд нөгөө эмэгтэйн виза карт нь миний халаасанд байсан. Тэгэхээр нь би Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр халтсийн хажуугийн АТМ ороод картнаас 230.000 төгрөг авсан. Ингэхдээ дасны баримт авахад дотор мөнгөтэй байхаар нь Жанжин захын банкны АТМ-ээс 2.100.000 төгрөг авсан. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө авсан үнийн дүнг зөрүүтэй мэдүүлсэн байна лээ...” /хх-ийн 31-32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55-60 УБР улсын дугаартай Тоёота Кроло Аксио маркийн тээврийн хэрэгслээр иргэн Т.Туяацэцэгт үйлчилж байхдаа дэлгүүрээс эд зүйл авахуулахаар өгч улмаар авахаа мартаж явуулсан Хаан банкны виза картнаас 2.330.000 төгрөгийг нууцаар хууль бусаар авсан нь

Хохирогч Т.Туяацэцэгийн: "...Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз нарын хамтаар өөрийн төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Ингээд 13-14-нд шилжих шөнө төрсөн өдрөө тэмдэглэж байгаад шөнийн 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Singles баарнаас гараад төв замаас цагаан өнгийн марк улсын дугаарыг нь мэдэхгүй таксинд гар өргөн суусан. ...Ингээд уг таксины жолоочийн хамтаар байрныхаа гадна хүргүүлсэн бөгөөд таксины жолоочийг би энэ пивыг ганцаараа ууж барахгүй хань болоод хамт сууж байгаад хуваагаад уучихъя гэхэд за гээд зөвшөөрсөн. Ингээд бид 2 пиво хувааж уусан бөгөөд би буухынхаа өмнө таксины жолоочоос картаа бас утсаа авъя гэхэд би өгсөн шүү дээ гээд гүрийж байгаад яваад өгсөн. Ингээд маргааш нь миний картнаас 2.100.000 төгрөг ботаникийн захаас, 230.000 төгрөг Баянзүрх дүүргийн нэг цэгийн үйлчилгээний АТМ-ээс гарсан байсан." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Д нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Д-Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Н.Дарьбаатар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Н.Д сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР