| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0991/Э |
| Дугаар | 1149 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох эрүүгийн 1906 0000 01045 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн М, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Саруул Тэнгэр хотхоны 47-128 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 595 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч М.М нь 2019 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Нийлэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 32-858 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Туяажаргалын “Билэгт-Очир” хүнсний дэлгүүрийн цоожийг эвдлэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 ширхэг шампанск, 5 ширхэг 0,5 литрийн пиво хулгайлж, дэлгүүрийн цоожийг нь эвдлэн нийт 79.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сарын 8-нөөс 9-нд шилжих шөнө дэлгүүрт орсон. Тухайн үед манай эхнэр уг дэлгүүрийг ажиллуулдаг байсан. Туяажаргал бол манай эхнэрийн эгч. Тухайн үед тэгэж орохдоо эхнэртэйгээ муудалцсан байсан. Орох зорилго бол юм хулгайлах байгаагүй. Яагаад гэвэл хойд өрөөндөө манай эхнэр, бид хоёр унтдаг байсан болохоор унтах гэж л орсон. Дэлгүүрээс гарахдаа би юм авч гараагүй, задлаад задлаад юмнуудаа орхичихсон байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.Туяажаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...би 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Билэгт-Очир хүнсний дэлгүүрийг түрээслэсэн. Энэ үеэр Б.Түвшинжаргал, М.М нар муудалцаад тус тусдаа байсан. Тэгээд би Б.Түвшнжаргалд “манай дэлгүүрт ажиллаад өгөөч” гэж хэлсэн. миний хувьд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг би өөрөө төлдөг, түрээсээ ч би өөрөө төлдөг. Б.Түвшинжаргал манай худалдагчаар ажиллаж байгаа. М.М энэ дэлгүүрт ямар нэгэн хамааралгүй. М.М-н гэх хөрөнгө мөнгө энэ дэлгүүрт байхгүй. Хаалганы зүүдэг цоож эвдэрсэн гэж байсан. Би очоогүй учраас сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим найз Ууганбаяртай багшийн дээд орчимд уулзаж архи уусан. Тэгээд нэлээн согтсон ба тэндээсээ таксидаад Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 32-858 тоотод байх түрээслэн ажиллуулдаг “Билэгт-Очир” хүнсний дэлгүүр дээр ирсэн дэлгүүр дээр манай эхнэр Түвшинжаргал, 2 дүүтэйгээ хамт цэвэрлэгээ хи йж байсан тэгээд орчихоод буцаж гараад гэр рүүгээ харьсан. Тэгээд эхнэрийг дэлгүүрээ хаагаад ирж байгаа байх гэж бодоод буцаж дэлгүүр дээрээ очсон тэгсэн хаагаад явсан байсан би хашаагаар нь ороод ард талын хаалгаар нь орох гэтэл би түлхүүрээ нуусан газраасаа аваад гадна талын хаалгаа онгойлгож ороод хойд өрөөндөө унтсан, тэгээд дотор талын дэлгүүр рүүгээ шууд ордог хаалгаа онгойлгох гэтэл түлхүүр нь байхгүй байхаар нь эвдээд орсон байсан би тухайн үед архи нилээн уусан байсан болохоор сайн санахгүй байна. Өглөө нь 09 цагийн үед сэрэхэд би дэлгүүр дотроо ороод ирсэн пиво, шампаск задалж уусан байдалтай байсан. Тэгээд би тэрийгээ эхнэрээ ирэхээс нь өмнө гараад явсан тэгтэл эхнэр дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан байсан...Гадна талын хаалгыг нь бол түлхүүрээр онгойлгож орсон орохдоо бол унтах гэж л орсон харин дотор талын яг дэлгүүр рүү ордог хаалгыг нь бол яг яах гэж эвдсэн талаар сайн санахгүй байна бодвол юм уух гэж л орсон байх. Манай дэлгүүр хяналтын камертай тухайн үед эхнэр Түвшинжаргал камераа шүүж хараад намайг орсон гэж мэдсэн байсан тэгээд хаалгаа эвдсэн байсан болохоор уурандаа гомдолтой байна гэж мэдүүлэг өгсөн гэсэн...” /хх-ийн 35-36/,
Гэрч М.Бат-Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.М нь миний төрсөн ах маань байгаа юм. Б.Түвшнжаргал бол миний бэр эгч маань айгаа юм. Бид гэр бүлийн харилцаа холбоотой байдаг. Б.М гэрсэг, гэрийн ажилд сайн, архи согтууруулах ундаа уухгүй үедээ бол дүү нарынхаа хичээлийг хийлгэдэг хүүхдүүдээ хараад байж байдаг. Тухайн дэлгүүрийг Б.Түвшинжаргалын төрсөн эгч нь түрээслэдэг харин Б.Түвшинжаргал, Б.М нар түрээсийн мөнгө төгрөгөө төлдөг бараа материалаа худалдааны орлогоороо л эргэлдүүлээд байдаг байх. Дэлгүүрийн объекууд бол өөр хүний өмч байгаа юм...” /хх-ийн 37/,
Яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгой 32-858 тоотод байх хүнсний дэлгүүрийн эхнэр Б.Түвшинжаргал бид хоёр түрээслэн ажиллуулж байгаа. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би дэлгүүр дээрээ байж байгаад найз нартайгаа уулзахаар 15:00 цагийн орчим гарсан. Гарахдаа дэлгүүрээ хаагаад гарсан. Тэгээд найз нартайгаа хамт архи ууж байгаад орой 20 цагийн орчим дэлгүүр дээрээ ирж таксины мөнгө авч өгсөн. Тэгээд би тэндээсээ гэр рүүгээ харьсан ба гэрт маань аав, ээж маань хүүхдүүдийн хамтаар байж байсан. Тэгээд орой би унтаж байгаад 23 цаг гээд буцаж дэлгүүр дээрээ ирсэн ба би дэлгүүрээс гарахдаа үүдэнд түлхүүрээ нуучихсан байсан юм гэтэл түлхүүр байгаагүй. Тэгээд би дэлгүүрээсээ юм авах гэтэл түлхүүр байгаагүй учир хаалганы зүүдэг цоожийг өшиглөөд онгойлгосон байсан. Авсан эд зүйлээ дандаа дотроо задлаад хаячихсан байсан. Энэ явдал болсны дараа би эхнэрийгээ дэлгүүртээ ирэхээс өмнө нь гараад явчихсан байсан ба эхнэр маань намайг гэж мэдэлгүйгээр цагдаагийн байгууллагад хандсан байсан юм...” /хх-ийн 50/,
Хохирогч Б.Туяажаргал нь “Билэгт-Очир” хүнсний дэлгүүрийг түрээслэсэн гэрээ, холбогдох бичиг баримтуу /хх-ийн 16-22/, хохирогч Б.Туяажаргалын 5952029599 дугаартай Хаан Банкны дансны хуулга /хх-ийн 24-32/, хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн хулгайд алдагдсан эд зүйл, эвдрэл гэмтэлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Шинэжилийн үүрэг гүйцэтгэх хугацаанд бичсэн “Илтгэх хуудас” /хх-ийн 68/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ий 2-6/, мөрдөгчийн мэдэгдэл /хх-ийн 70/, Баянзүрх дүүргийн прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 77/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.М нь 2019 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Нийлэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 32-858 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Туяажаргалын “Билэгт-Очир” хүнсний дэлгүүрийн цоожийг эвдлэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 ширхэг шампанск, 5 ширхэг 0,5 литрийн пиво хулгайлж, дэлгүүрийн цоожийг нь эвдлэн нийт 79.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
Хохирогч Б.Туяажаргалын: "...би 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Билэгт-Очир хүнсний дэлгүүрийг түрээслэсэн. Энэ үеэр Б.Түвшинжаргал, М.М нар муудалцаад тус тусдаа байсан. Тэгээд би Б.Түвшнжаргалд “манай дэлгүүрт ажиллаад өгөөч” гэж хэлсэн. миний хувьд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг би өөрөө төлдөг, түрээсээ ч би өөрөө төлдөг. Б.Түвшинжаргал манай худалдагчаар ажиллаж байгаа. М.М энэ дэлгүүрт ямар нэгэн хамааралгүй. М.М-н гэх хөрөнгө мөнгө энэ дэлгүүрт байхгүй. Хаалганы зүүдэг цоож эвдэрсэн гэж байсан..." гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.М нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч М.М-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар М.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.М цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР