| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/02520/И |
| Дугаар | 210/МА2025/00409 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00409
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05848 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******-т холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,452,*******4 төгрөг буцаан гаргуулах, 22052900 болон 24084400 тоот хэрэглэгчийн бүртгэлтэй цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээнүүдийн 2.7 дахь заалтыг хүчингүй болгож, 2024 оны 09 сарын 30-ны байдлаар 22052900 тоот хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хуримтлагдсан алданги 12,141,602.87 төгрөг, 24084400 тоот хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хуримтлагдсан алданги 9,740,742.27 төгрөг, нийт 21,882,345.1 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
алдангид 12,339,136 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
1.1. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК, ******* ХХК-иуд хамтран ажиллах гэрээ болон хөрөнгө шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр Баянгол дүүргийн ******* хороонд байрлах ******* ХХК-ийн ******* хотхоны орон сууцны *******, *******а байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө, гадна дотор инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, тоноглолын ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг, хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тус байрнуудын 9 нэр төрлийн 158,435,000 төгрөгийн өртөгтэй инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн ялтас, тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой баримт бичгийг тус тус ******* ХХК-д шилжүүлсэн.
1.2. ******* ХХК-иас Хот, суурины ус, хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ******* хотхоны орон сууцны *******, *******а байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө, гадна дотор инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, тоноглолын ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шилжүүлэхийг мэдэгдсэн бөгөөд ******* ХХК-ийн 00505 дугаартай тусгай зөвшөөрөлд зохих бүртгэлийг нэмэлтээр хийх хүсэлтийг хангасан. Үүний дагуу ******* ХХК нь ******* хотхоны орон сууцны *******, *******а байруудын иргэн, хуулийн этгээдүүдэд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг үзүүлж байгаа.
1.3. Гэтэл *******,******* нь ******* ХХК өртэй байгаа гэх үндэслэлээр ******* хотхоны *******, *******а байруудыг шилжүүлэхгүй байгаа бөгөөд эдгээр байруудын төлбөр тооцоог ******* ХХК-ийн тарифаар тооцож, ******* ХХК-иас нэхэмжлэн авч байгаа.
1.4. ******* ХХК-ийн цэвэр усны тариф нь 720 төгрөг, бохир усны тариф нь 550 төгрөг, ******* ХХК -ийн цэвэр усны тариф нь 850 төгрөг, бохир усны тариф нь 600 төгрөг байна. ******* ХХК-ийн цэвэр усны тарифаас 130 төгрөг, бохир усны тарифаас 50 төгрөгийн үнийн зөрүү бий болж байна. Үүнээс үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны нийт алданги 8,593,440 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 859,344 төгрөг, нийт 9,452,*******4 төгрөгийг болж байна.
1.5. ******* нь ******* ХХК-ийн гэрээг ******* ХХК-д шилжүүлж өгөөгүйн улмаас 2022 оны 04 сараас 2023 оны 09 сарын байдлаар цэвэр усны үнийн тарифын зөрүүнээс 5,893,514 төгрөг, бохир усны үнийн тарифын зөрүүнээс 3,559,270 төгрөг, нийт 9,452,*******4 төгрөгийн илүү төлөлт хийж хохирч байна.
Иймд уг хэмжээгээр *******-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул 9,452,*******4 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.6. *******-тай 2020 оны 03 сарын 01-ний өдөр 22052900 тоот /Баянгол дүүргийн байр/ болон 24084400 тоот /Баянзүрх дүүргийн байр/ хэрэглэгчийн бүртгэлийн дугааруудтай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах тухай гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдээр ******* нь ******* ХХК-д хариуцсан байруудын иргэд, аж ахуйн нэгжүүдийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, ******* ХХК нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлбөрүүдийг цуглуулж *******-руу шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.
1.7. Дээрх гэрээнүүдийн 2.4-т Нэгдүгээр циклд хамрагдаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/-ийн усны тоолуурын заалтыг сар бүрийн 01-ээс 07-ны хооронд авах бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч /1/, тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/-ийн төлөөлөгч хамтран хяналтын картанд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна, 2.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч /1/ нь нэгдүгээр циклийн хэрэглэгчийн усны төлбөрийн нэхэмжлэх болон тооцооны хуудсыг сар бүрийн 08-ны өдөр www.eus.mn сайтад байршуулж, төлбөрийн нэхэмжлэл гарсан тухай мессежийг тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/-ийн гэрээнд тэмдэглэгдсэн утасны дугаарт илгээнэ, 2.6-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч /1/ нь сар бүрийн 14-ний дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/-ийн төлбөр төлөх эцсийн хугацааг мессежээр сануулна, 2.7-д Нэгдүгээр циклийн тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/ төлбөрийн нэхэмжлэл www.eus.mn сайтад байршсанаас хойш 7 хоногийн дотор буюу сар бүрийн 15-ны дотор усны төлбөрөө бүрэн төлсөн байна, 2.8-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/ нь 2.7-д заасан хугацаанд усны үйлчилгээний төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцож эхэлсэн тухай мессежийг илгээх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алдангийг хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0,2 хувиар тооцно гэж талуудын төлбөрийн харилцааг гэрээнд зохицуулсан.
1.8. Мөн гэрээнүүдийн 2.14.8-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/ нь тухайн сарын усны үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 25-ны дотор бүрэн төлөх ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувиар бодож алданги тооцно гэжээ. Эндээс үзэхэд гэрээнүүдийн 2.7 болон 2.14.8 заалтуудын төлбөр төлөх эцсийн хугацааны хувьд зөрүүтэй байна.
******* нь гэрээнүүдийн 2.7-д заасан зохицуулалтыг баримталж ******* ХХК-д сар бүрийн төлбөр төлөх эцсийн хугацааг 15-ны өдрөөр тасалбар болгон тооцон хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.2 хувийн алданги тооцож байгаа.
22052900, 24084400 тоот хэрэглэгчийн бүртгэлтэй гэрээнүүдийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар алдангийн тооцоо дараах байдалтай байна. Үүнд:
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 22052900 тоот гэрээний дагуу хуримтлагдсан алданги 12,141,602.87 төгрөг, 24084400 тоот гэрээний дагуу хуримтлагдсан алданги 9,740,742.27 төгрөг, нийт 21,882,345.1 төгрөгийн алданги хуримтлагдсан.
1.9. *******-аас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний загвараар орон сууц нийтийн үйл ажиллагаа явуулдаг бүх хуулийн этгээд нартай гэрээ байгуулдаг. Үүнээс үзэхэд цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзэхээр байна.
******* ХХК-ийн зүгээс 22052900 тоот болон 24084400 тоот хэрэглэгчийн бүртгэлийн дугааруудтай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах тухай хоёр гэрээний 2.4, 2.5, 2.6, 2.7-д заасан заалтуудыг өөрчлөх саналыг *******-т хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн.
1.10. ******* нь гэрээний заалтыг өөрчлөхөөс татгалзсаны улмаас ******* ХХК нь хэрэглэгчийн өмнөөс төлбөр, алданги төлж их хэмжээгээр хохирч байна. ******* ХХК нь *******-ын www.eus.mn сайтаас авсан нэхэмжлэлийн дагуу иргэн, өрх гэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэглээний болон бохир усны төлбөрийг сар бүрийн 08-наас 25-ны хооронд цуглуулж Төрийн банкаар дамжуулан шилжүүлдэг.
Гэвч гэрээний 2.7-д заасан хугацаа буюу 7 хоногийн дотор төлбөр цуглуулж төлбөрийг дуусгах боломжгүй байна. Учир уг хугацаа нь ердийн боломжит хугацаа биш бөгөөд ******* ХХК нь бусдын өмнөөс алданги төлж алдагдал хүлээж байгаа нь шударга ёсны зарчимд харш, ******* ХХК-д илт хохиролтой байна.
Иймд 2024 оны 09 сарын 30-ны байдлаар 22052900 тоот /Баянгол дүүргийн байр/ гэрээний дагуу хуримтлагдсан алданги 12,141,602.87 төгрөг, 24084400 тоот /Баянгол дүүргийн байр/ гэрээний дагуу хуримтлагдсан алданги 9,740,742.27 төгрөг, нийт 21,882,345.1 төгрөгийн алдангийг хүчингүй болгож өгнө үү.
1.11. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний 7.1-т энэ талаар заасан. Талуудын хооронд байгуулсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг сунгасан талаарх баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй. 2020 онд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болсон гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. ******* ХХК болон ******* ХХК нь Баянгол дүүргийн ******* хороонд байрлах ******* хотхоны орон сууцны *******, *******а байруудыг хоорондоо шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагад гаргасан.
2.2. Гэтэл ******* ХХК нь Засгийн газрын 2020 оны 2******* тогтоолын хүрээнд /Коронавируст халдварын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай/ үүссэн 101,950,576 төгрөгийн, мөн цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрт 7,415,936 төгрөгийн өр төлбөртэй байсан.
2.3. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь ******* ХХК-ийн үүсгэсэн дээрх өр төлбөрийн асуудлыг цаашид аль тал хариуцан төлж барагдуулахыг тодорхой шийдвэрлэхгүйгээр ******* ХХК-ийн үйлчлэх хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* хотхоны орон сууцны *******, *******а байруудыг нэмэлтээр бүртгэсэн.
Иймд усны төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцласан, байруудыг шилжүүлсэн тохиолдолд өр төлбөрийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар манай байгууллагаас зохицуулах зөвлөлд хандан тодруулга авах тухай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 13/1032 дугаар албан тоот явуулсан боловч албан бичгийн хариу ирээгүй тул гэрээнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд ******* ХХК-ийн тухайн үед мөрдөж байсан үйлчилгээний төлбөрийн үнэ тарифаар ******* хотхоны орон сууцны *******, *******а байруудын төлбөр тооцоог тооцож байсан.
2.4. Мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын хариуцаж буй орон сууц, барилга байгууламж, үйлчилгээний хамрах хүрээг бүртгэх дотоод журмын 3.5-д Барилга байгууламж, үйлчилгээний хамрах хүрээг мэдээллийн сан болон гэрчилгээний хавсралтад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: 3.5.2-т ******* сувгийн удирдах газрын тодорхойлолт, /дамжин хэрэглэгч эсэх талаар, мөн аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх эсэх талаар/ гэж заасан байдаг ч тус журмын дагуу тодорхойлолтыг манай байгууллагаас гаргаж өгөөгүй байхад ******* ХХК-ийн байруудыг ******* ХХК-ийн үйлчлэх хүрээнд нэмж бүртгэсэн байдаг.
Дээрх үндэслэлүүдээр манайхаас ******* ХХК-ийн ******* хотхоны орон сууцны *******, *******а байруудыг ******* ХХК-д тухайн үед шилжүүлж өгөөгүй болно.
2.5. Харин ******* ХХК нь 2023 оны 09 сард ******* ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 7,415,936 төгрөгийг төлж 2020 оны 2******* тогтоолын хүрээнд үүсгэсэн 101,950,576 төгрөгийн төлбөрөөс 31,950,576 төгрөгийг төлсөн, мөн дахин гэрээ шилжүүлэх хүсэлт тавьсан байсан тул манай байгууллагаас тухайн байруудын ашиглалтыг ******* ХХК-д шилжүүлж гэрээнд өөрчлөлт оруулсан болно.
Иймд ******* ХХК-ийн гэрээнд бүртгэлтэй байсан ******* хотхоны орон сууцны *******, *******а байруудын 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын хооронд хэрэглэсэн усны төлбөрт төлөгдсөн төлбөрийг одоо ******* ХХК-иас хасах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.6. ******* ХХК нь манай байгууллагатай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй.
Улмаар 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын хооронд Баянгол дүүрэгт 22052900 дугаартай гэрээнд 6,777,679 төгрөг, Баянзүрх дүүрэгт 24084400 дугаартай гэрээнд 5,561,456 төгрөг, нийт 12,339,136 төгрөгийн алданги төлбөр үүссэн. Тус компанид гэрээний 2.7 дугаар зүйлд заасан хугацаанд усны үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дугаар зүйл, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний 2.8 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцно гэдгийг сар бүр мэдэгдэж байсан болно.
2.7. Гэвч ******* ХХК нь гэрээний үүргийг удаа дараа зөрчин 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын хооронд үүссэн 501,066,838 төгрөгийн усны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцон алданги төлбөр 12,339,136 төгрөгийг гаргуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ************** ОНӨААТГ-аас 9,452,*******4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 22052900 болон 24084400 тоот хэрэглэгчийн бүртгэлтэй цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээнүүдийн 2.7 дахь Нэгдүгээр циклийн тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/ төлбөрийн нэхэмжлэл www.eus.mn сайтад байршнаас хойш 7 хоногийн дотор буюу сар бүрийн 15-ны дотор усны төлбөрөө бүрэн төлсөн байна гэсэн заалтыг болон 21,882,345.1 төгрөгийн алдангийг тус тус хүчингүй болгох тухай шаардлагыг, хариуцагч ************** ОНӨААТГ-ын 12,339,136 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс ******* ХХК болон ************** ОНӨААТГ-уудын хооронд анх 2010 оны 11 сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээг цуцлаагүй, гэрээний харилцаа үргэлжилж байгаа, гэрээний харилцаа дуусгавар болоогүй байна гэж дүгнэсэн атлаа 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагчаас 9,452,*******4 төгрөг гаруулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.2. Мөн 2010 оны ******* сарын 01-ний өдөр байгуулан одоог хүртэл харилцаа нь үргэлжилж байгаа 22052900 болон 24084400 гэрээнд талууд гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд ******* ХХК-д илт хохиролтой, шударга ёсны зарчмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй" гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээр 2 байгууллагын хооронд байгуулсан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ" хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
4.3. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12,339,136 төгрөгийн алдангийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа: ...хариуцагч ************** нь алдангитай холбоотой мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж байсан нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тал үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй бөгөөд гэрээний дагуу алданги тооцсоныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нь уг алданги тооцсон мэдэгдлийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж тайлбарласан байна.
******* сувгийн удирдах ОНӨААТГ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчтэй байгуулсан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ний 2.5-д заасны дагуу хэрэглэгчийн усны төлбөрийн нэхэмжлэх болон тооцооны хуудсыг сар бүрийн 08-ны өдөр www.eus.mn сайтад байршуулж, төлбөрийн нэхэмжлэл гарсан тухай мессэжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрээнд тэмдэглэсэн утасны дугаарт сар бүр тогтмол илгээдэг. Энэ мэдээлэлийг www.eus.mn сайтаас хэрэглэгчийн гэрээний дугаараар харах боломжтой талаар шүүх хурлын үеэр тайлбарласан.
4.4. Нэхэмжлэгч ******* ХХК нь сар бүрийн төлбөрийн нэхэмжлэл тооцооны хуудсыг www.eus.mn сайтаас авдаг ба анхан шатны шүүхэд ******* ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар 22052900 тоот гэрээний дагуу хуримтлагдсан алданги 12,141,602.87 төгрөг, 24084400 тоот гэрээний дагуу хуримтлагдсан алданги нь 9,740,742.27 төгрөг нийт 21,882,345.1 төгрөгийн алданги хуримтлагдсан тооцоог гаргаж өгсөн нь алдангитай холбоотой мэдээллийг хариуцагч баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, алдангийн тооцоог ******* ХХК хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Мөн нэхэмжлэгч тал алдангийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гол үндэслэлээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ"-ний 2.7-д заасан төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус заалтыг хүчингүй болгуулах, улмаар алдангийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа гэрээний 2.7-д заалтын дагуу болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу гаргасан 12,339,136 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
5.1. ******* ХХК нь ******* сувгийн удирдах ОНӨААТГ-тай байгуулсан гэрээгээр ******* сувгийн удирдах ОНӨААТГ нь ******* ХХК-ийн хариуцаж байгаа байгууллагууд, орон сууцуудыг ус дамжуулах үйлчилгээгээр хангахаар тохиролцсон. ******* ХХК нь ******* сувгийн удирдах ОНӨААТГ-т өртэй учраас харъяалагдах орон сууцуудыг манайд шилжүүлээгүй учраас бидний дунд эрх зүйн харилцаа үүсээгүй.
Анхан шатны шүүхийн ******* ХХК нь ******* ХХК-ийн өрийг төлж байгаа гэж дүгнэж үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээний заалтууд зөрүүтэй талаар удаа дараа *******-т албан бичиг хүргүүлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсгийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ************** ОНӨААТГ /цаашид ************** гэх/-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,452,*******4 төгрөг буцаан гаргуулах, 22052900 болон 24084400 тоот хэрэглэгчийн бүртгэлтэй цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээнүүдийн 2.7 дахь заалтыг хүчингүй болгож, 2024 оны 09 сарын 30-ны байдлаар 22052900 тоот хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хуримтлагдсан алданги 12,141,602.87 төгрөг, 24084400 тоот хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хуримтлагдсан алданги 9,740,742.27 төгрөг, нийт 21,882,345.1 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алдангид 12,339,136 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагч ******* сувгийн удирдах газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж 9,452,*******4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь:
3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах нэртэй гэрээгээр ******* ХХК Баянгол дүүргийн ******* хороо *******, *******а орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгө, гадна дотор инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, тоноглолын ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг, мөн хөрөнгө шилжүүлэх нэртэй гэрээгээр уг орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ялтас, нийт 9 нэр төрлийн 158,435,000 төгрөгийн тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой баримт бичгийг тус тус ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ.
3.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчлгээг зохицуулах зөвлөлөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн хавсралтад 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн ******* хороо ******* хотхон-ы *******, *******а орон сууцны барилгын 187 өрх, 10 аж ахуйн нэгж байгууллагад хуульд заасан нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх эрхийг олгожээ.
3.3. Хариуцагч ************** нь нэхэмжлэгч ******* ХХК-тай дээр дурдсан *******, *******а орон сууцны барилгатай холбоотой цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг байгуулаагүй.
3.4. ******* ХХК цэвэр усны төлбөрийг 1 м.куб-д 720 төгрөг, бохир усны төлбөрийг 1 м.куб-д 550 төгрөг, ******* ХХК-ийн цэвэр усны төлбөрт 1 м.куб-д 850 төгрөг, бохир усны төлбөрт 1 м.куб-д 600 төгрөгөөр тариф тус тус тогтоосон талаар талууд маргаагүй.
3.5. Нэхэмжлэгч ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй атлаа хариуцагч ************** нь дээр дурдсан *******, *******а орон сууцны барилгын цэвэр болон бохир усны хэрэглээний төлбөрийг ******* ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүнгээр тооцож, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд цэвэр усны төлбөрийг 130 төгрөг, бохир усны төлбөрийг 50 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сар дуустал хугацаанд цэвэр усны төлбөрийг 140 төгрөг, бохир усны төлбөрийг 100 төгрөгөөр тус тус илүү тооцож авсан байгааг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тухайн сар бүрийн тоолуурын заалтын талаар талууд маргаагүй бөгөөд үүнийг үндэслэн илүү төлөгдсөн төлбөрийг цэвэр ус 5,893,514 төгрөг, бохир ус 3,559,270 төгрөгөөр нийт 9,452,*******4 төгрөгөөр тогтоосон нь зөв болжээ.
3.6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг 9,452,*******4 төгрөгөөр хангасан нь үндэслэлгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй.
3.7.Харин анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв дүгнэсэн атлаа шийдвэрийг тогтоох хэсэгт мөн хуулийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь алдаатай болсон боловч шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулаагүй болно.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 22052900 болон 24084400 тоот хэрэглэгчийн бүртгэлтэй цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээнүүдийн 2.7 дахь Нэгдүгээр циклийн тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/ төлбөрийн нэхэмжлэл www.eus.mn сайтад байршнаас хойш 7 хоногийн дотор буюу сар бүрийн 15-ны дотор усны төлбөрөө бүрэн төлсөн байна гэсэн заалтыг болон 21,882,345.1 төгрөгийн алдангийг тус тус хүчингүй болгох тухай хэсгийг, хариуцагч ************** ОНӨААТГ-ын 12,339,136 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
4.1. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах тухай 22052900 болон 24084400 гэрээнүүдийг байгуулсан байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
4.2. Дээрх 2 гэрээний 2.7-д Нэгдүгээр циклийн тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/ төлбөрийн нэхэмжлэл www.eus.mn сайтад байршсанаас хойш 7 хоногийн дотор буюу сар бүрийн 15-ны дотор усны төлбөрөө бүрэн төлсөн байна гэж, 2.14.8-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч /2/ нь тухайн сарын усны үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 25-ны дотор бүрэн төлөх ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувиар бодож алданги тооцно гэж төлбөр төлөх хугацааг өөр өөрөөр тодорхойлсон байна.
4.3. Гэрээнд төлбөр төлөх хугацаа хэтрүүлснээс иргэний эрх зүйн хариуцлага тооцохоор тохиролцсон нь зөв боловч 2 өөр хугацааг тохиролцсон тохиолдолд төлбөр төлөгчид ашигтайгаар тайлбарлаж, гэрээний 2.14.8-д зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийг сар бүрийн 25-ны дотор төлөх үүрэгтэй байсан гэж тооцох нь зүйтэй. Учир нь төлбөр төлөгч ******* ХХК нь уг төлбөрийг хэрэглэгч болох иргэн, аж ахуйн нэгжээс хураан авч хариуцагчид шилжүүлдэг бөгөөд ийнхүү шилжүүлэх үүрэгт дан ганц түүний буруу гэж тухайлан тодорхойлох боломжгүй байна.
Гэрээний заалтыг шүүх хүчингүй болгох боломжгүй бөгөөд гагцхүү гэрээг тайлбарлах эрхийн хүрээнд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт зааснаар гэрээний төлбөр төлөх хугацааг сар бүрийн 25-ны өдөр гэж тогтоосон болно.
4.4. Харин гэрээний 2.8, 2.14.8-д зааснаар талууд алдангийн хэмжээг 0,2 хувь гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоонд нийцсэн.
4.5. Мөн анхан шатны шүүх хариуцагч ******* сувгийн удирдах газрыг гэрээний 2.5-д заасан төлбөрийн нэхэмжлэл гарсан тухай мессежийг, 2.7-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцож эхэлсэн тухай мессежийг илгээх үүргээ биелээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй болно.
4.6. Дээрх үндэслэлээр хариуцагч нь алдангийг сар бүрийн 25-ны өдрөөс эхлэн тооцох ёстой атал сар бүрийн 15-ны өдрөөс гэрээгээр тохиролцсон үнээс зөрүүтэй байдлаар тооцсон нь буруу тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.
5. Дээр дурсан үндэслэлээр хариуцагч ******* сувгийн удирдах газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,909 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА