| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00266/И |
| Дугаар | 00254 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 4 дүгээр баг Гүн худаг 07 тоотод оршин суух Боржигон овогт Дамдингийн Эрдэнэчимэг /РД:МИ61100408/-ээс гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал, хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... миний бие 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сангийн аж ахуйн их эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажилд орж 1987 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл ажилласан. 1992 оны 06 дугаар сарын 15-аас 1996 оны 04 дүгээр сарын 30-ыг хүртэл бага эмчээр ажиллаж байсан тушаал олдохгүй өнөөг хүрч тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймээс 1981 оны 09 дүгээр сарын 10-аас 1987 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл, 1992 оны 06 дугаар сарын 15-аас 1996 оны 04 дүгээр сарын 30-ыг хүртэл ажилласан 10 жил 04 сарын ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сангийн аж ахуйн их эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажилд орж 1987 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл ажилласан, 1992 оны 06 дугаар сарын 15-аас 1996 оны 04 дүгээр сарын 30-ыг хүртэл бага эмчээр ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: Сэлэнгэ аймгийн Төрийн архивын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 314 дугаар тодорхойлолт, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Мандал сумын Хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 20 дугаар тушаалын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны эрүү мэндийн төвийн 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 37 дугаар тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэрх Тосгоны Захирагчийн албаны архивын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1981 оноос 1994 оны 02 сар хүртэл Дамдины Эрдэнэчимэгийн цалингийн тодорхойлолт, 1978 онд олгосон үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар батлуулсан хуулбар болон
Гэрч Ж.Гандолгорын шүүхэд өгсөн мэдүүлэг: Би Хэрхийн Их эмчийн салбарт 1976 онд ажиллаж байхад Д.Эрдэнэчимэг нь 1981 онд асрагчаар ажилд орж байсан. Тус салбарт ажиллаж байхдаа сургуульд явж ирээд тасралтгүй ажиллаж байсан. Би 2011 онд тэтгэртээ суусан гэх мэдүүлэг
Гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг: Би Хэрхийн Их эмчийн салбарт 1979 оноос эхлэн ээлжийн сувилагч хийж байсан. Д.Эрдэнэчимэг нь 1981-1987 он хүртэл тус салбарт асрагч угаагчаар ажиллаж байсан. Дунд нь сургуульд яваад 1992-1996 он хүртэл эх баригч бага эмчээр ажилласан. Би тус салбартаа тасралтгүй ажиллаж байгаад 2011 онд тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлэг
Гэрч С.Алтан-Аргамжийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Хэрх сангийн аж ахуйн эмнэлэгт 1980 оноос намайг ажилд ороход Д.Эрдэнэчимэг нь тус эмнэлэгт асрагч хийж байсан. Би 1987 оныг хүртэл ажиллахад Д.Эрдэнэчимэг нь тэр үед сургуульд явсан би ажлаасаа гарч зоринд ногоочингоор ажилд орсон. Д.Эрдэнэчимэг нь сургуулиа төгсч ирээд бага эмчээр ажиллаж байсан. Би тухайн үед эмнэлэгт хамт ажиллаж байхдаа ээлж солилцдог байсан учир сайн мэдэж байгаа юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сангийн аж ахуйн их эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажилд орж 1987 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл ажилласан, 1992 оны 06 дугаар сарын 15-аас 1996 оны 04 дүгээр сарын 30-ыг хүртэл бага эмчээр ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Дамдингийн Эрдэнэчимэг нь 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс1987 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сум Сангийн аж ахуйн их эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар, 1992 оны 06 дугаар сарын 15-аас 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сум Сангийн аж ахуйн Хүний их эмчийн салбарт
бага эмчээр ажиллаж байсан хугацааг тус тус сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ