Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1156

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар,

шүүгдэгч Н.П,  түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-д холбогдох эрүүгийн 1903 00256 0208 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн П, 1989 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн цагдаа, жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч цолтой, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 38а байрны 75 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Н.П нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өглөөний 07 цаг 08 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн ганц буудлын шинэ замын уулзварт “Хюндай Соната Эл Эф” маркийн 02-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улмын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч П.Буяннэмэхийг мөргөж, амь насыг нь хохироон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би даргын жолооч хийдэг юм. Хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө даргыг авах гээд явж байгаад Дарь-Эхийн ганц буудлын орчимд машины урдуур хүүхэд гүйхээр нь сандарсандаа тормоз гишгээд амжихгүй болохоор нь хажуу тийшээ дартал ийм үйл явдал болсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хоёр хүүхэдтэй. Энэ хэрэг гарсны дараа шүүгдэгч талаас бид нарыг харж хандаж байсан. Шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Бид ах дүү нартайгаа ярилцаад гомдол саналгүй гэж шийдсэн” гэв.

Хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..миний хувьд их гомдолтой байна, сэтгэл санааны хохирлыг яаж барагдуулах юм бэ, тогтсон ханш гэж байх биш би ямарч байсан энэ хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг цуглуулж байгаа, баримтуудаа нэгтгээд өгнө. Н.П-н гэр бүлээс оршуулгын хайрцаг болон түүнтэй холбоотой гар цайлгах рестораны цайллагын төлбөр зэргийг гаргаснаас гадна манай талийгаач эхнэрийн группын зээл болох 950.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн төлбөрийг төлсөн баримт нь надад байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-51/,

“...миний хувьд Н.П ярьсан байгаа бөгөөд тэр надад тодорхой хэмжээний төлбөр барагдуулах талаар ярьсан асуудал байгаа. Миний хувьд танайд нэхэмжлэлийн 6.241.332 төгрөгний баримтыг гаргаж өгсөн байгаа. Мөн Н.П нь даатгалын байгууллагаас хэдэн төгрөг орж ирэх ёстой юм байна. Таны дансан орсон уу гэж асууж байсан. Н.П-н гэр бүлээс оршуулгын хайрцаг болон түүнтэй холбоотой гар цайлгах рестораны цайлллаганы төлбөр зэргийг гаргаснаас гадна манай талийгаач эхнэрийн группын зээл болох 950.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн төлбөрийг төлсөн баримт надад байгаа...” /1хх-ийн 51/,

“...Н.П-н зүгээс оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн дээр нь сэтгэл санааны хохирол арилгах үүднээс хүү бид хоёрт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамжны 12 дугаар байрны 88 тоот 1 өрөө 26 метр квадрат орон сууцыг 36.000.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Миний хувьд хохирлоо бүрэн барагдуулж авсан. Н.П-ын хувьд хэдийгээр болгоомжгүйгээр осол гаргаснаас манай эхнэр нас барсан боловч санаатайгаар энэ хэргийг үйлдээгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, мөн намайг орон сууцтай болгосон зэрэгт нь маш их баярлаж байна. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй учраас энэ хүүхдэд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” /2хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Т.Цэндсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай байгууллагын тээврийн хэрэгслүүд “МИГ даатгал” ХХК-д даатгагдсан байгаа бөгөөд манайх даатгалын байгууллагад нэхэмжлэлийн баримтаа гаргаж өгсөн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын авто бааз нь машиныг засварлах учраас алба хаагчаас нэхэмжлэх зүйл байхгүй. Даатгалаас мөнгөө гаргуулан авч машинаа засварлах учраас алба хаагчаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-58/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ууганжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд би замын голд ирээд зам хөндлөн гүйх гэхэд гэнэт хар өнгийн машин намайг чиглээд ирснээ гэнэт нөгөө тийшээгээ дарсан. Тэгтэл тэр машин замын тэнд зогсож байсан ягаан цамцтай эгчийг мөргөөд унагаасан тэр мөргүүлсэн эгчийн хажууд нь зогсож байсан ах хөлөө бариад зам гараад явчихсан юм. Миний хувьд машин гэнэт хүрээд ирэхээр нь би айгаад хөшөөд зогсчихсон юм.” гэх мэдүүлэг /1 хх-62/,

Гэрч С.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай компаний “Оюу” дэлгүүр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Цагдаагийн хэсгийн байртай залгаа байрладаг. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай дэлгүүрийн орчим авто осол болж манай дэлгүүртэй залгаа баар хүртэл хийсэн байсан төмөр хайс машинд дайрагдаж эвдэрсэн. Харин машины жолооч ирж засварлаж бүрэн болгосон учраас надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-64/,

Гэрч С.Маралгоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр бол хүмүүжил сайтай. Их зөөлөн сэтгэлтэй, аль болох хүнд туслах гээд гүйгээд байдаг санаатай. Ер нь их тусархуу хүн байгаа юм. Н.П-ын хувьд архи дарс уудаггүй...ер нь архинаас аль болох татгалзаж явдаг. Ер нь жолоо барьдаг болохоор, тэгээд даргын жолооч учраас аль болох их бага гэлтгүй уухаасаа ямагт татгалзаж байдаг. Тэр өдөр би сургалтанд суугаад Н.П 2 хүүхдээ дагуулаад явсан... гэхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд зүрх нь хурдан цохилоод байдаг. Би өөрийнхөө зүрхтэй харьцуулаад үзэхэд их хурдан цохилж байгаа нь мэдэгдэж байсан. Сүүлийн 2-3 сарын хугацаанд П-ын даралт нь ихсээд байдаг болсон. Нэг удаа даралт нь 140 хүрээд түргэн дуудахад хөөлгөөн хийх, хооллолт, хоол зэргээсээ шалтгаалж залуу хүмүүсийн даралт исхсээд байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66/,

Гэрч Б.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.П-ын хувьд их хүн чанар сайтай хүн байгаа юм. Ядарсан хүнд их туслах сэтгэлтэй, харьцахад амар, хүний зовлон жаргалыг их ойлгодог, аль болох хүнд туслах юмсан гэж бодож явдаг хүн байгаа юм. Гэр бүлдээ их халамжтай, алба ажилдаа хариуцлагатай, цагдаагийн байгууллагын тэргүүний албан хаагчдын нэг гэж бодож явдаг. Ажил төрөлдөө сайн, машин техникээ их гамтай, цэвэр үзэмжтэй байлгадаг, албаын бэлэн байдлыг хангах тал дээр сайн залуу байгаа юм ...” гэх мэдүүлэг /1хх- ийн 43/,

Иргэний хариуцагч Б.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.П нь цагдаа-жолоочоор ажилладаг ба техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох үндсэн үүрэгтэйгээс гадна эргүүл харуул гэх мэт цагдаагийн байгууллагын бусад ажилд томилогдсон тохиолдолд уг үүргийг гүйцэтгэдэг, ажилд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа шалгуулж гардаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 81/,

Яллагдагч Н.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гражаас машинаа аваад 06 цаг өнгөрч байхад хөдлөөд даргыг авахаар түүний гэр рүү явсан...Ингээд Дарь-Эхийн ганцын уулзвараар чигээрээ хойшоогоо явж байгаад уулзвар гарах үед ертөнцийн зүгээс баруунаас зүүн тийшээгээ миний зүүн гар талаас 4 хүүхэд зам хөндлөн гарч байгаад нэг хүүхэд нь гэнэт гүйсэн. Би тэр хүүхдийг гүйхийг нь хараад тоормос гишгээд мөргөхөөс урьдчилан сэргийлээд ганц руу салдаг тал руу буюу жолоогоо баруун гар тал руугаа мушгисан. Гэтэл замын хажууд зорчих хэсгийн гадна талд зогсож байсан ягаан өнгийн гадуур хувцастай  эмэгтэйг мөргөсөн. Тухайн үед би байшин мөргөөд зогслоо гэж бодож байсан боловч машинаас буугаад ирж харахад эмэгтэй цагдаагийн капудны хажууд  хэвтэж байсан. Тухайн үед би маш их айж сандарсан. Ингээд 102 дугаарын утас руу залгасан. Мөн 103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Ингэж утсаа хайж байхдаа машин дотор байсан долоогоны ханд байсныг аваад халаасандаа хийсэн байсан. Тухайн үед мх сандарсан зүрх дэлсээд байсан болохоор халаасанд байсан долоогоны ханднаас бага зэрэг уусан. Яг хэдэн дусал ууснаа мэдэхгүй байна. Би талийгаачийн ажил явдлынх нь зардлыг гаргасан. Талийгаачийн хайрцаг, хөшөө, машины үнэ нийлээд багцын үйлчилгээний хөлсөнд 2.550.000 төгрөг, Их буурал ХХК-ны ресторанд талийгаачийн буяны ажил дууссаны дараа хүмүүсийг гар цайлгах /зэд/-д 2.433.700 төгрөг, 6.488.700 төгрөгийг өгсөн байгаа. Мөн талийгаач Буяннэмэх нь тэтгэврийн зээлтэй байсан бөгөөд тэр зээлийн үлдэгдэл болох 1.000.000 төгрөгийг Ж.Ганбаатар ах руу шилжүүлсэн. Миний хувьд энэ хүний нэхэмжилж байгаа хохирлыг бүрэн барагдуулна гэж бодож байгаа. Ийм зүйл болсонд маш их хармасаж байна. Би өөрийнхөө үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Талийгаач болон талийгаачийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141/,

Гэрэл зургийн үзүүлэлт, Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...урагшаа чигт явж байгаа машинуудыг өнгөрөөж цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машины ар талаар гарцаар баруунаас зүүн тийш зам гарахаар алхаж байх үед гурван эмэгтэй хүүхдийн ард явсан намхан эрэгтэй хүүхэд урдаас хойшоо чигт явж байсан хар өнгийн машиныг харж байгаад урдуур нь гүйж орох үед тэр хар өнгийн машины жолооч жолоогоо баруун гар тийш нь дарж уулзварын зүүн хойд хэсэг дээр зогсож байсан улаан өнгийн хувцастай хүн болоод хажуу талд нь зогсож байсан цагаан өнгийн малгай бараан хувцастай хоёр хүн рүү машин чиглэх үед зам гарахаар гүйж явсан хүүхэд замаа гараад машин зогсож байсан хоёр хүнд тулаад ирэх үед наад талд нь зогсож байсан эрэгтэй хүн хойшоо зайлж улаан хувцастай хүн бага зэрэг хойшоо алхаад 07 цаг 51 минут 40 секундэнд уг хар өнгийн автомашинд мөргөгдөж унаж машин улаан өнгийн тоосгон байшин мөргөөд зогсох үед улаан хувцастай хүний наад талд зогсож байсан хүн машинаас зайлж гараад баруун тийш болоод замын голд ирэх үед зам гарахаар явж байсан хүмүүс бужигналдаж гүйж байх ба цагаан малгайтай хүн хазганаж баруун талд гарч ирээд зам тээврийн осол гарсан машиныг харж зогсож байхад жолооч машины зүүн урд талын хаалга нээгдэж эрэгтэй хүн бууж ирээд машины ар талаар нь тойрч... цагаан өнгийн малгайтай хүн “Гол зам” гэсэн тэмдэгний хажуу талд зогсож байхад хар өнгийн машинаас бууж ирсэн эрэгтэй хүн нааш цааш гүйж үсэрч байгаад машинаас гар утасаа авч залгаж дуудлага хийж ...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 10-18/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 19/, Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-25/, ШШҮХ-ийн шинжээчийн №2385 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 129/,

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2019 оны 04 дүгээр сарын 24- ний өдрийн 12/57 дугаартай: “Хюндай Соната Эл Эф” маркийн 0262 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Н.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг тус тус зөрчсөн байна” гэсэн гэх техникийн шинжээчийн дүгнэлт /1хх-84-85/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 754 дугаартай:

  1. Талийгаач П.Буяннэмэхийн цогцост дагз яснаас баруун чамархай, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай, чамархай, дагз, зүүн зулай, чамархайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн дотор гадаргуун тархины эдийн няцрал, дух, зулай, дагзны хуйхны дотор гадаргуу, баруун зулай, дагзны ясны шар хальс, өвчүүний цус хуралт, 2 талын олон хавирганы хугарал, уруул буйлны зааг, доод уруулын шарх, зүүн нүдний дээд зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвуу, өвдөг, шилбэний зүүн сарвуу, гуя, шилбэн, шагайн цус хуралт, зух, зүүн хөмсөг, хацар, зүүн нүдний дотор гадаргуу, уруул, баруун гарын чигчий хуруу, баруун шилбэ, шагайн зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, шахагдах үйчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн амь нас аврагдах боломж муутай байна.
  5. Талийгаачийн цогцогт үхэлд архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  6. Талийгаач дээрх гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
  7. Талийгаач нь 2019.03.18-ны өдрийн 12 цаг 40 минутанд цогцост хийсэн гадна үзлэгээрр нас бараад 4-6 цаг болсон байна.
  8. Талийгаач АВО систетээр О/I/ бүлгийн цустай байна.
  9. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. гэх дүгнэлт, шинжилгээний зургийн үзүүлэн /1хх-ийн 89-95/,

Нийслэлийн цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.П ажил, зан байдлын тодорхойлолт /1хх-ийн 178/, илтгэх хуудас /2хх-ийн 51/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 170/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 69/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.П нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өглөөний 07 цаг 08 минутын орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн ганц буудлын шинэ замын уулзварт “Хюндай Соната Эл Эф” маркийн 02-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улмын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч П.Буяннэмэхийг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь

Насанд хүрээгүй гэрч Б.Ууганжаргалын “...тэгээд би замын голд ирээд зам хөндлөн гүйх гэхэд гэнэт хар өнгийн машин намайг чиглээд ирснээ гэнэт нөгөө тийшээгээ дарсан. Тэгтэл тэр машин замын тэнд зогсож байсан ягаан цамцтай эгчийг мөргөөд унагаасан тэр мөргүүлсэн эгчийн хажууд нь зогсож байсан ах хөлөө бариад зам гараад явчихсан юм. Миний хувьд машин гэнэт хүрээд ирэхээр нь би айгаад хөшөөд зогсчихсон юм.” гэх мэдүүлэг,

Хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатарын “...Н.П-н зүгээс оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн дээр нь сэтгэл санааны хохирол арилгах үүднээс хүү бид хоёрт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамжны 12 дугаар байрны 88 тоот 1 өрөө 26 метр квадрат орон сууцыг 36.000.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Миний хувьд хохирлоо бүрэн барагдуулж авсан. Н.П хувьд хэдийгээр болгоомжгүйгээр осол гаргаснаас манай эхнэр нас барсан боловч санаатайгаар энэ хэргийг үйлдээгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, мөн намайг орон сууцтай болгосон зэрэгт нь маш их баярлаж байна. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй учраас энэ хүүхдэд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Т.Цэндсүрэнгийн:“...манай байгууллагын тээврийн хэрэгслүүд “МИГ даатгал” ХХК-д даатгагдсан байгаа бөгөөд манайх даатгалын байгууллагад нэхэмжлэлийн баримтаа гаргаж өгсөн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын авто бааз нь машиныг засварлах учраас алба хаагчаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, Камерийн бичлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ШШҮХ-ийн шинжээчийн №2385 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Н.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.П нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгч Н.П ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. П-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.П тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Н.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Н.П-д сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.П-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.П цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн №00995889 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгохыг тус тус дурьдсугай.

 

  1. Н.П-н №505746 дугаартай B,C,D,E ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР