| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/02345/И |
| Дугаар | 210/МА2025/00440 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00440
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, бүрэлдэхүүнд шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/05265 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШШ2021/00889 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1017 дугаар магадлалаар ******* ХХК-иас 113,817,176 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн хороо, ******* хотхон /13380/, гудамж, байр, ******* хаягт байрлах 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
1.2. ******* ХХК буюу ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөө огт төлөхгүй байгаа гэж хариуцагч байгууллагаас тайлбарладаг бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нар зөвхөн над руу залгаж байрыг чинь хураана, албадан худалдана гэж сүрдүүлэх болсон. Миний бие хөгшин настай эцэг, эхийнхээ орон сууцыг алдахаас айж, арга буюу ийн өмнөөс төлбөрийг нь бага багаар төлж байгаа ч ******* нь утсаа ч авахаа больж, манай гэр бүлийг хохироож байгаад маш гомдолтой байна.
1.3. Гэвч ******* газраас намайг огт байлцуулалгүйгээр, мэдэгдэлгүйгээр миний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураасан бөгөөд шинжээч нь миний орон сууцанд орж ч үзээгүй атлаа хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. ******* газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7742 дугаар мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийг 520,000,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн.
1.4. Түүнчлэн, миний өмчлөлийн орон сууцны үнэлгээг гаргахдаа үнэлж буй хөрөнгөтэй газар дээр нь танилцаагүй, давуу талыг шинжлэн судлаагүй, харьцуулж буй хөрөнгөтэй огт шинжилж харьцуулаагүй, харьцуулж буй хөрөнгийн талаар огт баримт, мэдээлэл нотолгоог тусгаагүй зөвхөн фэйсбүүк группт тавигдсан нэг зарыг л үндэслэн үнэлгээг гаргасан нь миний хөрөнгийг үндэслэлгүйгээр, хэт үнэгүйдүүлж, үндэслэлгүйгээр нэг м.кв талбайг 3,481,754 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.
1.5. Тухайн орон сууц нь байрлалын хувьд хотын А бүсэд байрлах, худалдаа үйлчилгээний төв болох Сансарын E-mart худалдааны төвийн хойно байрладаг бөгөөд их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудтай маш ойрхон, супер засвартай, нэг давхарт байрлах тул орж гарахад амар, дотоод зохион байгуулалт сайтай, давуу талтай орон сууц бөгөөд нэг м.кв нь 4,500,000 төгрөгөөс буухааргүй үнэлгээтэй орон сууц юм.
Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Төлбөр төлөгч ******* ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулахгүй өдийг хүрсэн тул барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 хороо, 103 байр, ******* хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан.
2.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах мэдэгдлийг хүргүүлсэн боловч хэн аль нь санал ирүүлээгүй тул 2024 оны 03 дугаар сарын 21-ний шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчийг томилуулсан.
2.3. Хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшаар 520,000,000 төгрөг гэж тогтоосныг талуудад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7742 дугаар мэдэгдлээр танилцуулан өмчлөгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо өөрийн биеэр гарын үсэг зурж хүлээн авсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* газарт холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн хороо, ******* хотхон /13380/, гудамж, байр, ******* хаягт байрлах 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг түүнийг огт байлцуулалгүйгээр, мэдэгдэлгүйгээр битүүмжилж, хураасан байх ба ******* газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7742 дугаар мэдэгдлээр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 520,000,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн.
4.2. ******* газрын томилсон шинжээч нь үнэлж буй хөрөнгөтэй газар дээр нь танилцаагүй, давуу талыг шинжлэн судлаагүй, харьцуулж буй хөрөнгөтэй огт шинжилж харьцуулаагүй, харьцуулж буй хөрөнгийн талаар огт баримт, мэдээлэл нотолгоог тусгаагүй байх тул тус хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хөрөнгийг үндэслэлгүйгээр, хэт үнэгүйдүүлэн үнэлгээ гаргасан гэж тухайн үнэлгээг эс зөвшөөрч байгаа юм.
4.3. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц нь байрлалын хувьд хотын А бүсэд байрлах, худалдаа үйлчилгээний төв болох Сансарын E-mart худалдааны төвийн хойно байрладаг бөгөөд их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудтай маш ойрхон, супер засвартай, нэг давхарт байрлах тул орж гарахад амар, дотоод зохион байгуулалт сайтай, давуу талтай орон сууц бөгөөд нэг м.кв нь 4,500,000 төгрөгөөс буухааргүй үнэлгээтэй орон сууц байгаа юм. Гэтэл шинжээч нь нэхэмжлэгчийн орон сууцны үнэлгээг хэт үнэгүйдүүлэн, үндэслэлгүйгээр нэг м.кв талбайг 3,481,754 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.
4.4. Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн үнэлгээний тайлан шаардлага хангаагүй талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессын талаар л дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.5. Мөн анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчиж, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хан-Уул үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00889 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1017 дугаар магадлалаар ******* ХХК-иас 113,817,176 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, *******ийн өмчлөлийн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороо, ******* хотхон гудамж байрны ******* хаягт байршилтай орон сууцны зориулалттай 149,35 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* ХХК сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ГХ2022/00536 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн хороо, ******* хотхон /13380/, гудамж, байр, ******* хаягт байрлах 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22410312/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22410312/04 тогтоолоор хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгуулахтай холбоотой гомдлыг шаардлага гаргаагүй тул уг ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэнэ. Эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэж буй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор урьдчилан шийдвэрлүүлэх журамтай болно.
4.1. Түүнчлэн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 224103121/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч үйлдэж, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл уг тогтоолыг *******т өгүүлэхээр гэрийн эзэн, эд хөрөнгийг хадгалагч т танилцуулсан талаар дурджээ. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22410312/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэхэд *******ийн хамаатан байлцсан байх ба тэрээр тогтоолд гарын үсэг зурахгүй гэсэн талаар тэмдэглэсэн байна. Иймд дээрх эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоолыг нэхэмжлэгч *******т мэдэгдээгүй гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Энэ ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр хариуцагч байгууллага нь ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
6. Шинжээч ХХК нь дээрх 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 520,000,000 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээ болон тайланг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоод хүлээлгэн өгсөн байна.
7. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх бөгөөд орон сууцны зах зээлийн үнэлгээг хийхдээ ижил төрлийн 1 ширхэг орон сууцыг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Харин шинжээч шинжилгээний обьект болон тухайн орон сууцны дотор байдалтай танилцахаар очиход нэхэмжлэгч тал орон сууцанд оруулаагүйг шинжээчийн дүгнэлтэд тэмдэгдэгдсэн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байна. Үүнд шинжээчийг буруутгах боломжгүй болно.
8. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу үгүйсгэж, нотлоогүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/05265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА