| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/06298/И |
| Дугаар | 210/МА2025/00441 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00441
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах, бүрэлдэхүүнд шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/05314 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 173,632,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгчийн нөхөр ******* нь 2012 онд нас барж 2014 онд нэхэмжлэгч өв хүлээн авснаар Хан-Уул дүүрэг, хороо, ******* байр, 07 тоот 80 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч болсон.
1.2. Өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагаас авсны дараа тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглахаар очиход хариуцагч ******* байсан бөгөөд орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа шаардахад эхлээд энэ байрыг худалдаж авсан, дараа нь би одоо худалдаж авах юм, сүүлд 2023 онд манай захиалсан байр ашиглалтад орно тэр болтол хүлээж байгаарай гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй.
1.3. Хариуцагч ******* нь энэ орон сууцанд 10 гаран жил амьдарсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч бусдад түрээсэлсэн бол өнөөдрийн тооцоогоор 173,932,384 төгрөгийг олох бүрэн боломжтой байсан. Энэ их хэмжээний мөнгийг төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл бусдын орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Иймд *******г хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хохиролд 173,632,384 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Маргаан бүхий орон сууцыг 2010 онд ******* нь ******* гэх хүнд 92,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээг хийж, ******* нь 60,000,000 төгрөгийг *******д төлж 2010 онд байранд нүүж орсон, үлдэгдэл 32,000,000 төгрөгийг төлснөөр гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэхээр тохирсон.
2.2. ******* нь 2014 онд *******д уг орон сууцыг худалдаж, түүний төлбөрт ******* аймгийн Зуунмод суманд баригдаж байгаа ******* орон сууцны хорооллоос 3 өрөө байр, 15,000,000 төгрөгийн гараашийг шилжүүлэн авч, үлдэгдэл 32,000,000 төгрөгийг өмнөх эзэнд нь төлөхөөр тохиролцсон. Уг тохиролцооны дагуу *******ийн эхнэр *******д 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул үлдэгдэл 22,000,000 төгрөгийг байрны гэрчилгээг гаргаж өгөх хүртэл төлөхөөс татгалзсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, хороо, Үйлдвэр /17042/, ******* байр, 7 тоот, орон сууцны зориулалттай 80 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагын олох байсан орлого 173,632,384 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,096,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь бусдын орон сууцанд хууль бусаар амьдарсан бус уг орон сууцыг худалдан авсан юм. 2010 онд маргаан бүхий орон сууцыг өмчлөгч ******* нь *******т 92,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч худалдах, худалдан авах гэрээг хийсний дагуу ******* нь 60,000,000 төгрөгийг *******д төлж 2010 онд маргаан бүхий орон сууцанд нүүж орсон. Үлдэгдэл 32,000,000 төгрөгийг төлж дууссаны дараа гэрчилгээгээ *******ын нэр дээр шилжүүлэхээр гэрээгээр тохиролцсон.
4.2. 2014 онд ******* нь хариуцагч *******д уг орон сууцыг худалдахаар болсон ба ингэхдээ ******* нь ******* аймгийн Зуун мод суманд баригдаж байгаа орон сууцны хорооллоос 3 өрөө байр, 15,000,000 төгрөгийн гараашийг шилжүүлж, үлдэгдэл 32,000,000 төгрөгийг өмнөх эзэнд нь төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу *******гийн аав ******* нь *******т ******* аймгийн Зуун мод суманд баригдаж байгаа орон сууцны хорооллоос 3 өрөө байр, 15,000,000 төгрөгийн гараашийг шилжүүлэн өгч *******ийн эхнэр *******д 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Гэтэл орон сууцны үнийн 90 орчим хувийг төлчихөөд байхад байрны гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул байрны гэрчилгээг гаргаж өгвөл үлдэгдэл 22,000,000 төгрөгийг шилжүүлэе хэмээн олон жил ******* болон түүний хүүд хэлж шаардсаар ирсэн.
4.3. Уг бодит байдлыг тогтоохын тулд шүүхээс хэрэг маргаан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа *******ыг гэрчээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангасан. Гэвч *******ыг гэрчээр асуухаар шүүхээс *******ыг гэрчээр дуудсан боловч гэрчийг асуулгүйгээр, хэргийг шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
4.4. Мөн хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
5.1. ******* нь нэхэмжлэгч *******ын нөхөр *******д маргаан бүхий орон сууцны төлбөрт 60,000,000 төгрөгийг өгсөн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******аас гэрчийн мэдүүлэг авсан боловч *******д 60,000,000 төгрөгийг өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Мөн шүүхээс *******гөөс нэхэмжлэгч ******* руу би удахгүй орон сууцыг чөлөөлж өгөх учраас түр хүлээгээч гэх зурваст үзлэг хийсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хохиролд 173,632,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Учир нь
3.1. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн тайлбар болох маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч *******ын талийгаач нөхөр *******ээс ******* нь худалдаж авсан бөгөөд 32,000,000 төгрөгийг дутуу төлсөн байсан. Харин ******* нь уг орон сууцыг хариуцагч *******д худалдахаар тохиролцож, түүнд орон сууцын үнэд 3 өрөө орон сууц, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий гараашийн хамт шилжүүлж, мөн орон сууцны үлдэгдэл 32,000,000 төгрөгийг өмнөх эзэн буюу *******д өгөхөөр болсон. Үүний дагуу *******гийн аав ******* нь 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д шилжүүлсэн гэснийг тодруулахаар *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргажээ.
3.2. Анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/22964 дугаар захирамжаар *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
3.3. Шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрч тай 91913245 дугаарын утсаар түүнийг шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг лавлахад тэрээр би хотод очоогүй байна, надгүйгээр хурлаа хий, би очиж чадахгүй гэсэн хариу өгснийг шүүх тэмдэглэж авсан бөгөөд түүнийг гэрчээр асуух ажиллагааг явуулаагүй байна.
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасныг зөрчжээ.
4. Иймд гэрч асуух шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
5. Харин хариуцагчаас гаргасан түүнд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болсныг дурдах нь зүйтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ..., 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасны дагуу хариуцагч талд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааны товыг дугаарын утсанд мэдэгдсэн гэх тэмдэглэлд хариуцагч тал за, ойлголоо гэсэн тэмдэглэгээ үйлдэгдсэн байна. Иймд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дах хэсэгт заасан зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, энэ үүрэг мөн зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамааралтай болно.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/05314 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА