Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1165

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, 

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Б.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03400 1569 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Л, 1980 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 34-24 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, 

Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Татах хүч” ХХК-ний замын хойно, хашаан дотор байрлах путекинд Р.Мөнх-Ертөнцийг зодож эрүүл мэндэд нь “дагзны шарх, зүүн чамархайн цус хуралт, зүүн чихний дэлбэн, уруулын дээд хэсгийн зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, зүүн завжны язрал, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Р.Мөнх-Ертөнц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Татах хүч” ХХК-ий замын хойно байрлах найз Санчирын машин зардаг хашаанд 13 цагийн үед хамт архи уусан. Тэгээд орой нь 18 цагийн үед манай эхнэр намайг ирж аваад би тэнд машинаа үлдээгээд гэр рүүгээ явсан. Тэгээд эргэж машинаа авах гээд 23 цаг 40 минутын орчим ирсэн чинь Санчир миний танихгүй 2 залуутай хашааны дотор байх путикэн дотроо гурвуулаа архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар хамт ойр зуурын юм болон онигоо ярьж сууж байгаад би 00-руу орчихоод эргэж орж ирэхдээ түрүүний ярьж байсан онигоогоо үргэлжлүүлээд Төв аймагт л гуйлгачингууд нь үлдсэн юм байна лээ гээд хэлчихсэн чинь л тэнд байсан Л гэдэг залуу нь чи намайг гуйлгачин гэлээ гээд шууд миний нүүр лүү 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би гарыг нь бариад авсан чинь миний ам руу долоовор хуруугаа хийгээд миний завжнаас татсан. Тэгээд миний ам өвдөөд байхаар нь би хурууг нь хазчихсан чинь тэр залуу миний гарыг хазлаа гэж уурлаад ширээн дээр байсан хайрцагнаас эвхэгддэг аптирк аваад миний толгой руу ир болон ар хэсгээр нь 2 удаа цохьсон. Тэгээд миний толгойноос цус гарахад Санчир болон хамт байсан залуу хоёр салгахаар нь би тэндээс гараад цагдаад дуудлага өгсөн...Л гэгч нь миний зүүн нүд болон чамархай хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон, аптиркны ир болон ар хэсгээр нь миний толгой болон бие рүү 4-5 удаа цохьсон. Одоо миний зүүн талын нүдний хөмсөг шалбарч хавдсан бас миний толгой хагарч би 2 оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Гэрч С.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тэгээд бид нар аймаг орон нутгийн онигоо яриад сууж байсан чинь сүүлд гаднаас орж ирсэн залуу “өө танай Төв аймгийнхан бүгдээрээ гуйлгачид шдээ” гэж хэлсэн. Тэгсэн Л уурлаад “би чамаас юу ч гуйгаагүй шүү чи наашаа суу” гээд нүүр лүү нь гараараа түлхсэн чинь тэр хүн Л-н баруун гарын долоовор хурууг хазчихсан. Тэгсэн Л хуруу тавь гээд зүүн гараараа тэр хүний зүүн талын хөмсөг хавьцаа нэг удаа цохьсон, тэгэхээр нь Санчир ах бид хоёр тэр хоёрыг салгаад суулгаад байж байсан чинь Л “чи яахаараа хүний хуруу хаздаг юм” гээд дахиад тэр хүнтэй заамдалцаж авахаар нь Санчир ах бид хоёр дахиад салгах гэж байхад тэр хоёр зууралдсан чигээрээ хамт цонхны доор байсан ширээ рүү ойчсон. Тэгээд босгоод ирсэн чинь Л-тай муудалцсан хүний толгойны ар хэсэг болон зүүн хөмсөгнөөс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

Яллагдагч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...Р.Мөнх-Ертөнцийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-н 29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6770 тоот дүгнэлтэд: 

  1. Р.Мөнх-Ертөнцийн биед дагзны шарх, зүүн чамархайн цус хуралт, зүүн чихний дэлбэн, уруулын дээд хэсгийн зулгаралт, зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны язрал, хүзүүний зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Татах хүч” ХХК-ний замын хойно, хашаан дотор байрлах путекинд Р.Мөнх-Ертөнцийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Р.Мөнх-Ертөнцийн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Татах хүч” ХХК-ий замын хойно байрлах найз Санчирын машин зардаг хашаанд 13 цагийн үед хамт архи уусан. ...Төв аймагт л гуйлгачингууд нь үлдсэн юм байна лээ гээд хэлчихсэн чинь л тэнд байсан Л гэдэг залуу нь чи намайг гуйлгачин гэлээ гээд шууд миний нүүр лүү 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би гарыг нь бариад авсан чинь миний ам руу долоовор хуруугаа хийгээд миний завжнаас татсан. Тэгээд миний ам өвдөөд байхаар нь би хурууг нь хазчихсан чинь тэр залуу миний гарыг хазлаа гэж уурлаад ширээн дээр байсан хайрцагнаас эвхэгддэг аптирк аваад миний толгой руу ир болон ар хэсгээр нь 2 удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Жавхлантөгсийн: “Тэгээд бид нар аймаг орон нутгийн онигоо яриад сууж байсан чинь сүүлд гаднаас орж ирсэн залуу “өө танай Төв аймгийнхан бүгдээрээ гуйлгачид ш дээ” гэж хэлсэн. Тэгсэн Ламчам уурлаад “би чамаас юу ч гуйгаагүй шүү чи наашаа суу” гээд нүүр лүү нь гараараа түлхсэн чинь тэр хүн Л-н баруун гарын долоовор хурууг хазчихсан. Тэгсэн Л хуруу тавь гээд зүүн гараараа тэр хүний зүүн талын хөмсөг хавьцаа нэг удаа цохьсон, тэгэхээр нь Санчир ах бид хоёр тэр хоёрыг салгаад суулгаад байж байсан чинь Л “чи яахаараа хүний хуруу хаздаг юм” гээд дахиад тэр хүнтэй заамдалцаж авахаар нь Санчир ах бид хоёр дахиад салгах гэж байхад тэр хоёр зууралдсан чигээрээ хамт цонхны доор байсан ширээ рүү ойчсон. Тэгээд босгоод ирсэн чинь Л-тай муудалцсан хүний толгойны ар хэсэг болон зүүн хөмсөгнөөс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Л 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Л нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР