| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2023/06809/И |
| Дугаар | 210/МА2025/00456 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00456
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
*******гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00238 дугаар шийдвэртэй,
*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Гэрээнээс татгалзаж, 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн,
нэхэмжлэгч *******аас 3,125,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
1.1. *******, ******* нар нь ******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сертификат олгох гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* худалдааны төвийн 1 тоот 4,255 м.кв талбайн эрхийг 3,750,000 төгрөгөөр, ******* нь 2 тоот 5.55 м.кв талбай бүхий лангууны эрхийг 3,750,000 төгрөгөөр, гадна талбайд хүнсний эгнээний 13 тоот контейнер бүхий 15 м.кв бүхий талбайн эрхийг 2,500,000 төгрөгөөр буюу тэд нийт 10,000,000 төгрөгөөр 2 лангуу, 1 контейнерийг ашиглах эрхийг худалдаж авахаар тохиролцсон.
1.2. Гэвч тус худалдааны төв нь 2020 онд багтаж ашиглалтад орно гэсэн боловч ороогүй, ******* ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, гэрээнд заасны дагуу гэрчилгээг олгоогүй учир бид гэрээнээс татгалзсан.
1.3. Улмаар хариуцагч ******* ХХК-д өгсөн 10,000,000 төгрөгөө буцаан авах талаар шаардахад удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн.
1.4. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлэх байсан 2 ширхэг лангуу, 1 контейнерыг өөр хүмүүсийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд бид нэг ч өдөр ашиглаагүй. Иймд хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.5. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 4.2-т заасан зохицуулалт нь нэхэмжлэгч талд хамааралтай байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс онцгой эрх эзэмшигчдэд утсаар болон мессежээр түрээсийн гэрээгээ хийх, лангуу тавиураа бэлдэх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд 2022 онд багтаан түрээсийн гэрээг 90 хувьтай, ажлын байрны тохижилтыг 70 хувь хүргээд 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээлт хийсэн.
2.2. Урилга хүргүүлснээс 14 хоногийн дотор ирж нэхэмжлэгч нар түрээсийн гэрээ хийх байсан ч хийгээгүй, лангуу тавиураа бэлдээгүй атлаа хариуцагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
2.3. Түрээсийн гэрээг хугацаанд хийгээгүй бөгөөд гэрээний 4.2-д А талын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр саад учруулах болон тус гэрээнд заасан зүйл заалтуудыг зөрчсөн тохиолдолд А талын санаачилгаар сертификатыг хүчингүйд тооцох бөгөөд сертификатын анхны үнийн 50 хувийг 3 сарын дотор шийдвэрлэж олгоно гэж зааснаар сертификатын анхны үнэ болох 6,250,000 төгрөгийн 50 хувь болох 3,125,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1-д баримтлан хариуцагч ******* ХХК-аас 6,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, 3,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгож, нэхэмжлэгч *******аас 3,125,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 184,350 төгрөг, хариуцагчаас төлсөн 65,566 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан, гэрээг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Сертификат /Онцгой эрх/ олгох гэрээний 3.2.4-т ...А талаас түрээсийн гэрээ байгуулах урилга хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талбайн түрээсийн гэрээ байгуулна гэж заасныг зөрчсөн. Учир нь *******т 2022 оны 5 сард түрээсийн гэрээг ирж байгуулах талаар утсаар мэдэгдсэн ч мэдсээр байж гэрээг ирж байгуулаагүй. Энэ тухай нэхэмжлэгч ******* нь 2023 оны 1 дүгээр сард зах ашиглалтад орсон. Ашиглалтад орсноос хойш 20 гаруй хоног нээж чадаагүй гэж тайлбарладаг.
4.2. Мөн гэрээний 3.2.4-т зааснаар нэхэмжлэгч тал түрээсийн гэрээ байгуулах хүртэл өөрийн эрхлэх үйл ажиллагааны бэлтгэлийг хангах ёстой байсан ч хангаагүй. Онцгой эрх эзэмшигч бүр үйл ажиллагаа явуулах лангуугаа өөрсдөө хийлгэж, тохижуулж байгаа. Учир нь ямар бараа, хүнсний бүтээгдэхүүн зарах вэ гэдгээс хамаараад лангуу нь өөр өөр байдаг.
4.3. Компанийн үйл ажиллагаанд саад учруулж, түрээсийн гэрээг байгуулахгүй, лангуу, тавиураа хийхгүй гэрээгээ зөрчсөөр байсан нь *******ын өөрийн тайлбараар ч, хэрэгт авагдсан баримтаар ч нотлогддог. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон заалт нь түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш ажил эхлэх хүртэлх хугацаанд А талын үйл ажиллагаанд ******* саад учруулсныг ойлгоно.
5.2. Мөн гомдолд дурдсан ажлаа эхлээгүй, лангуу бэлдээгүй, тохижуулаагүй байх тохиолдлууд нь түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш хийгдэх ажлууд юм. Талууд 2020 онд ******* худалдааны захыг ашиглалтад оруулахаар тохиролцсон ч хугацаандаа ашиглалтад ороогүй. Гэтэл хариуцагч тал захыг өөр этгээдүүдэд түрээслүүлсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч *******аас 3,125,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй. Үүнд
3.1. *******, ******* болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сертификат /онцгой эрх/ олгох нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Сонгинохайрхан дүүрэг, ******* хороонд байрлах ******* худалдааны төвийн 2 тоотод байрлах 5,55 м.кв талбайг агуулах чиглэлээр, 13 тоотод байрлах 15 м.кв талбайг ажлын байрны түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах онцгой эрхийн сертификатын анхны үнэд нийт 6,250,000 төгрөг төлөхөөр, ******* нь тус худалдааны төвийн 1 тоотод байрлах 4,255 м.кв талбайн түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэд нийт 3,750,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.
3.2. ******* нь 6,250,000 төгрөг, ******* нь 3,750,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг хариуцагч Ричнес инвэстмент ХХК-д шилжүүлсэн.
3.3. ******* худалдааны төвийн үйл ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлсэн.
3.4. Гэрээний зүйл болох 1, 2 тоот лангууг хариуцагч тал өөр этгээдэд түрээслүүлсэн.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд талбай түрээслэх эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.
5. Гэрээний 3.2.3-т Ричнес инвэстмент ХХК нь ******* худалдааны төвийн түрээслэх нийт талбайн 60-аас доошгүй хувийг бусад түрээслэгч нартай гэрээ байгуулсан тохиолдолд худалдан авсан сертификатыг үндэслэн талбайн түрээсийн гэрээ байгуулан талбайг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна. Уг үүргээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл биелүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагчийн тайлбарыг дурдсан мөн өдөр худалдааны төвийн үйл ажиллагааг нээснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтээр илэрхий үйл баримт гэж үзэхгүй.
Иймд худалдааны төвийн барилгыг ашиглалтад оруулах хугацааг тохиролцоогүй боловч 2 жил 4 сарын хугацааг барилга барих ерөнхий хугацаа байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.
Улмаар ******* худалдааны захын талбай түрээслэх эрхийн үнэд төлсөн 6,250,000 төгрөг, ******* нь 3,750,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Ричнес инвэстмент ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6. Нэхэмжлэгч нарыг худалдааны төв ашиглалтад орж түрээсийн гэрээ байгуулах урилга хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүй гэх тайлбараа хариуцагч Ричнес инвэстмент ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
7. Ричнес инвэстмент ХХК нь ******* худалдааны төвийн захыг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу 2 жил 4 сарын дараа ашиглалтад оруулсан байх уг хугацаанд нэхэмжлэгч нарыг хариуцагч компанийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэхгүй юм.
8. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй байна.
9. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЗОЛЗАЯА