Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
Хэргийн индекс | 2106019821246 |
Дугаар | 73 |
Огноо | 2023-04-17 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 73
Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,прокурор О.Сарангэрэл, хохирогч О.Э, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1310 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар магадлалтай, Г.Г-т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Н” ХХК-ний захирал ажилтай, урьд Дорнод аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар 4 сар баривчлах, мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар 2 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялын хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдаж байсан А овогт Гын Г.
Г.Г нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр О.Э-д аялалын чиргүүл зарах зорилгогүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулж бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон чиргүүлийн үнэ гэж Г.Н-ийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансаар 6,000,000 төгрөг, Төрийн банкны ****** тоот дансаар 15 удаагийн гүйлгээгээр 44,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1310 дугаар цагаатгах тогтоолоор прокурорын газраас Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж 83 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэлдээ:“... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэл бичих үндэслэлтэй байна. Үүнд:
Цагаатгах тогтоолд Г.Г нь О.Э-ыг хуурч мэхлэн, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Харин өөрийн өмчлөлд зүй ёсоор ирэх тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас чөлөөлж авсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна гэж дүгнэлт хийж хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 83 дугаар магадлалаар шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Г.Г-ын хэргийг хянан шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэлт хийсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно’’ гэж, 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ’’, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа", 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа гэж тус тус заасан нь Г.Г-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд болон прокурорт буцаах хуулийн зохицуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Г.Г-ыг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж хохирогч О.Э-ны эрх зөрчигдөж, нөхөн сэргээгдэх нөхцөл байдал бүдгэрч, дээрх шийдвэрээс үүдэлтэйгээр энэ хэргийн оролцогч нарын дунд эрх зүйн маргааныг бий болгож байна.
Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд гарцаагүй эрүүгийн хариуцлага хүлээдэг байх зарчим, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн гэм буруугийн зарчим алдагдаж гэмт этгээд ял завшиж, хохирогчид учирсан их хэмжээний хохирол арилах, нөхөн төлөгдөх нь эргэлзээтэй байдалд хүргэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж, тус зүйлийн 14 дахь хэсэгт “.. эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхтэй гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй" гэж Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болон Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл үндэсний шударга шүүхэд гомдол гаргах уул эрхээ сэргээлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг баталгаажуулан хуульчилсан байна.
Шүүгдэгч, хохирогч хэн адил Монгол Улсын иргэн бөгөөд хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Харин Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасан “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах”, 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасан "энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалтыг тус тус хүчингүй болгосон нь хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хязгаарласан, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй болгож Үндсэн хууль, нэгдэн орсон Олон улсын гэрээний заалтыг зөрчиж байна гэж үзлээ.
Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зөрчсөн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан "...Шүүх хэрэглэсэн, эсхүл хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах тухай саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд шилжүүлэх” гэсэн заалтын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд саналыг шилжүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг нар хамтран гаргасан гомдолдоо: “... Хохирогч О.Э-ны өмгөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг зөрүүтэй тайлбарласан. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Харин давж заалдах шатны шүүх Г.Г-ын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө "бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогч О.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон, үйл баримтыг өөрчлөхүйц нөлөө үзүүлсэн баримтууд болох шүүх хуралдааны үед гаргаж өгсөн баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон, хэргийн бодит үйл баримтыг нотлох, зохих арга хэрэгслийг ашиглаж бүрдүүлсэн гэх баримтыг шүүх магадлах ёстой атал магадлалгүй нотолгооны арга хэрэгслийг зөрчиж бүрдүүлсэн баримт гэдгийг давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Магадгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ажиллагаанд ноцтой зөрчил үүсч цуглуулсан баримтыг үнэлсэн нь шийдвэр үндэслэлгүй гарах үндэс болсон гэж үзэхээр байна. Гэвч 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон”-оор уг байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй болсон гэж үзсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авч Үндсэн хуулийн холбогдох зүйл хэсгийг зөрчсөн гэж дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн саналаа Дээд шүүхэд хүргүүлсэн боловч Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээс татгалзсан. Эрүүгийн хуулийн зорилт нь нийгмийн үнэт зүйлсийг хуулиар хамгаалж, түүнд халдсан этгээдийг олж тогтоон, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх зарчимтай. Гэвч анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах нөхцөл байдлыг бий болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцээгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүх Г.Г-ын үйлдлийг гэм буруутай, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчимд нийцээгүй, нөгөө талаасаа хохирогчийг хохироод үлдэг гэж байна. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж зааснаар шүүхээс хохирогчийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг хохирогчийн өмнө биелүүлээгүй гэж үзэхээр байна. Хэдий 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон ч давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож...” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн. Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим, хохирогчийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжийг бүрдүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох...” гэж зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байхад цагаатгах тогтоол гаргасан нь хэргийн бодит байдал болон хуульд нийцээгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг хүчингүй болгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх санал гаргасныг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээс татгалзсан байдаг. Үүнтэй холбоотойгоор дүгнэлт хийж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүх Г.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс Г.Г-ыг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Үүнээс харахад Г.Г-ын үйлдлийн улмаас О.Э хохирч үлдэг гэсэн хандлага харагдаж байна. Нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан зарчим үйлчлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч О.Э хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Миний бие Г.Г-т 50,000,000 төгрөгөө шилжүүлээд мөнгө ч үгүй, чиргүүл ч үгүй хохирч явна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хоёр хүн хоорондын олон жилийн наймааны өглөг, авлагын асуудалд давхар намайг орооцолдуулсанд гомдолтой байна гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Анхан шатны шүүх “Н.У нь Г.Г-т аялалын чиргүүлээ зарж байж зээлийг чөлөөлж, тээврийн хэрэгслийг нэр дээр болгож өгнөгэж хэлэн улмаар үнийн дүнд өгсөн “Ланд крузер-200” маркийн тээврийн хэрэгслийг банк бусаас чөлөөлж, зээлээ хаах зорилгоор 50,000,000 төгрөгийг Г.Г-ын хамаарал бүхий Г.Н-ийн данс руу У-аас чиргүүлийн үнэ гэх утгаар шилжүүлж, Г.Г-т чиргүүлийн үнэ гэсэн ойлголтоор мөнгө шилжүүлж улмаар банк бус санхүүгийн байгууллагад нэр шилжүүлэх хүсэлт гаргаж зээл хаагдсан байна. Иймд Г.Г-ын үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байна. Харин давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн. эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана." гэж зааснаар хохирогч О.Э-ны мэдүүлэг. гэрч Г.Н-ийн мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлохбаримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолд заагаагүй байна” гэсэн дүгнэлт хийсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үүрэг болгосон хэм хэмжээг биелүүлээгүй байна. Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүхээс тухайн гэмт хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна. Өөрийн байр суурийг илэрхийлэхэд хэргийг прокурорт буцаах заалтыг хүчингүй болгосон нь Үндсэн хууль зөрчиж буй асуудалд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.” гэж заасан байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.
Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болох юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг билээ.
Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь болно.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.
Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгожээ.
Г.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар магадлалд “...цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх атал 2022 оны 7 дугаар сарын 04-нөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ...хүчингүй болсонд тооцсон”-оор уг байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй болсон.
Тухайлбал, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ байхгүй болж хууль буруу хэрэглэсэн дээрх зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг шүүх заавал хэрэглэх ба уг зохицуулалтыг хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг “хэргийн бодит байдалтай нийцээгүй” хэмээн дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасны удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1310 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ