Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0072/З |
Дугаар | 221/МА2020/0071 |
Огноо | 2020-01-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2020/0071
Д.О, Ц.Э нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.О, Ц.Э, түүний өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 836 дугаар шийдвэртэй, Д.О, Ц.Э нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 836 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээрз үйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.О, Ц.Э нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.О, Ц.Э нар давж заалдах гомдолдоо: ... шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан тухайд: ... шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “ ... хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэрээр ... газруудыг нэг газар гэж дүгнэсэн байна..., хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул ... давхардаж дүгнэлт хийхгүй болно” гэсэн боловч үүнийгээ үгүйсгэн ... “... нэгж талбарын 18644314184121 дугаар бүхий 668.01 м.кв талбайтайгаар иргэн Ж.Сэлэнгийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр, ... Нийслэлийн кадастрын мэдээлэлд бүртгэгдээгүй..., “ ... Д.О хороонд ажилтай, хашаа татаж байшин барьсан, хэнээс худалдаж авсныг мэдэхгүй гэх гэрчийн мэдүүлэг...” гэснээс дүгнэхэд Д.О-ийн 2012 онд анх эзэмшсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна” гэж дахин давхардаж дүгнэлт хийсэн болно.
Шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “ ... заасны дагуу шүүхийн шийдвэрийн биелүүлж Нийслэлийн Засаг даргаас 2017 оны А/655 дугаар захирамжаар “Д.О-д олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэж буруу дүгнэсэн тухайд: ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 548 дугаар шийдвэрт “Д.О-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болго гэсэн зүйл байхгүй. Харин “Баянзүрх дүүргийн Засаг даргаас иргэн Ж.С болон Д.О нарт анх газар эзэмшүүлсэн байршил өнөөгийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 16 гудамж, 384 тоот хашаа мөн эсэхийг тодруулах шаардлагатай ...” гэсэн байдаг.
Иргэн Ж.С-д анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний 401 дүгээр захирамжаар Дарь-Эхийн 4-24 тоотод байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн, гэтэл Нийслэлийн Засаг даргад газраа өмчлөх хүсэлтээ гаргахдаа өөр хаягт байрлах газар буюу дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 401 дүгээр захирамжаар иргэн Дархантөрд эзэмшүүлсэн Сэлбийн 7-р гудамж, 15-242 тоот хаягт байрлах газрыг өмчлөн авах хүсэлт гаргасан. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга 2005 оны 330 дугаартай захирамжаар Ж.С-д газар өмчлүүлэх захирамж гаргахдаа Ж.С-ийн хүсэлтэд дурдсан газрыг шалгаж тодруулалгүйгээр дахин хаягийг зөрүүтэй Сэлбийн 7 дугаар гудамж, 15-241 тоотод байрлах 668 м.кв газар буюу дүүргийн Засаг даргын 2002 оны 401 дүгээр захирамжаар Ж.С-д эзэмшүүлсэн газраас өөр, мөн Ж.С-ийн хүсэлтэд дурдсан газраас дахин өөр хаяг бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Ийнхүү анх Баянзүрх дүүргийн Засаг даргын Дарь-Эхийн 4-24 тоотод байрлах 300 м.кв газар байсан боловч, өмчлүүлэх явцад хороо, эгнээ, хаалганы дугаарт хүртэл өөрчлөлт орсон байдаг бөгөөд газрын хэмжээг нэмэгдүүлсэн ямар нэгэн захирамж гараагүй байтал газрын хэмжээ нь хүртэл гэнэт нэмэгдэж 668 мкв болсон байдаг.
Ж.С-д анх эзэмшүүлсэн Дарь-Эхийн 4-24 тоот хаяг нь одоо байдаг бөгөөд нэхэмжлэгч нарын эзэмшил газрын замын эсрэг талд, уулан дээр байрлалтай болно.
Мөн түүнчлэн анх Ж.С-д анх газар эзэмшүүлсэн гэх дан ганц захирамж л байдаг бөгөөд газар эзэмшигчийн хувийн хэрэг, газар өмчлөгчийн хувийн хэрэг огт байдаггүй. Анх эзэмшиж, өмчилж байсан газрын байршлаа ч мэддэггүй, үүнийгээ гэрчийн мэдүүлэг дээр ч хэлсэн.
Харин Д.О нь маргаан бүхий газар дээр 2008 оноос хойш байшин барьж оршин сууж байсан бөгөөд 2014 оноос хойш нэхэмжлэгч Ц.Э худалдан авч, одоог хүртэл оршин сууж байгаа бөгөөд 2008 оноос хойш 10 гаруй жил уг газарт оршин сууж, эзэмшигчийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн.
Гэвч нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрт дурдснаар Ж.С, Д.Онарт эзэмшүүлсэн газар нь нэг газар мөн эсэхийг тодруулах, тэдэнд анх газар эзэмшүүлсэн үйл баримтыг шалгаж тогтоох байтал, ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, шалгаж тогтоосон талаар огт баримт ирүүлээгүй, харин ч “шалгаж тогтоох, мэдэгдэх, сонсгох ажиллагаа ч явуулах шаардлагагүй байсан” гэх тайлбар гаргасан байхад шүүгч “шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.
2. Хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг цуглуулж үнэлсэн тухайд:
Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааны үйл баримттай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэрээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа маргаантай холбоотой бүх талын баримтыг бүрэн цуглуулж, үнэлж, дүгнэлт гарган хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас иргэд газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх боломжгүй болсон болохыг тогтоосон.
Уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хорооны Засаг даргын тодорхойлолтууд, Улам-Өрнөхийн гарын үсэг “нотариатын тамгатай” хүсэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай бүх баримтуудыг цуглуулж, шинжлэн судалсны эцэст “бодит нөхцөл байдлыг судлах ... Ж.С болон Д.О нарт анх эзэмшүүлсэн газар нь 1 газар мөн эсэхийг дахин шалган тогтоох, тодруулах шаардлагатай” гэж үзэж маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэрэгт нотлох баримтаар авагдаж үнэлэгдсэн нотлох баримтуудыг “... шүүхийн шинжээчээр дахин шинжлүүлэх хуулийн үндэслэл” байхгүй.
Гэтэл шүүгч нэхэмжлэгч нарыг илтэд буруутган, нэхэмжлэгчийн эсрэг баримтыг цуглуулж , “нэхэмжлэгч та өөрөө хуурамч баримт цуглуулж газар эзэмшсэн юм бишүү” гэж хүртэл хардаж, үүнийгээ нотлох зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2745 дугаар захирамж гаргаж, тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаар шийдвэртэй хэрэгт нотлох баримтаар авагдаж, судлагдсан баримтууд болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны тодорхойлолт нь Засаг даргын гарын зсэг мөн эсэх, нотариатчийн баталсан өргөдөл дээрх гарын үсэг нотариатчийн гарын үсэг мөн эсэх, Д.О-ийн иргэний үнэмлэх дээрх хаягийн бичилт, нотариатчийн тамга тэмдэг жинхэнэ эсэхийг тогтоохоор шинжээч томилсон.
Ийм байдлаар шүүгч нэхэмжлэгч талыг илтэд буруутгах хандлага гаргаж, өнөөгийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчиж, хэрэгт хамааралгүй болон шүүхийн хшчин төгөлдөр шийдвэртэй хэрэгт авагдаж, үнэлэгдсэн нотлох баримтуудыг дахин үнэлж шийдвэр гаргасан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу 836 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.О, Ц.Энараас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/655 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... уг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Д.О-г оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 13.3, 27 дугаар зүйл, 43.1, 43.2-т заасныг зөрчсөн, өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан” гэж маргажээ.
Хариуцагч нь “... шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий газрын кадастрын зурагт 2006-2018 он хүртэл нэг ч өөрчлөлт орж байгаагүй ба тухайн газрын орчим 10-230 тоот хаяг байгаагүй, Д.Ою нь хуурамч нотариатын өргөдөл гарган шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсныг харгалзан Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 28.1.5-д заасныг баримтлан сонсох ажиллагаа явуулалгүйгээр Д.О-ийн газар өмчлөх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 548 дугаар шийдвэрээр У.У-Ө-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2012 оны 665 дугаар захирамжийн Д.О-д газар өмчлүүлсэн хэсэг, газрын эрхийн улсын бүртгэлийг дахин шинэ акт гаргах хүртэл тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх шүүхийн шийдвэрт тодруулах шаардлагатай гэж үзсэн Баянзүрх дүүргийн Засаг даргаас иргэн Ж.Сболон Д.О нарт анх газар эзэмшүүлсэн байршил нь өнөөгийн маргаан бүхий хаягт байрлах газар мөн эсэхтэй холбоотой хэргийн нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа явуулалгүй, тухайн үед гуравдагч этгээдээр оролцож байсан Д.Оү, уг газар дээр байшин барьж амьдарч байгаа П.Э нарыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулалгүй, газар өмчлөх эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосныг дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр гаргасан шийдвэр гэж үзэхээргүй байна.
Мөн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/655 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12.1.3, 21.1-д заасныг үндэслэн 3 дахь заалтаар эрх бүхий шийдвэрээр өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт орж байгаа нэр бүхий 85 иргэдийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар, бүртгэлд өөрчлөлт орсонтой холбогдуулж газар өмчлөх эрх олгосон шийдвэр нь хүчингүй болж байгаа нэр бүхий 88 иргэдийн жагсаалтыг баталсан 4 дүгээр хавсралтад Д.О-д газар өмчлүүлсэн 2012 оны А/655 дугаар захирамж оржээ.
Захирамжийн 3 дугаар хавсралтад заасан газрын бүртгэлд өөрчлөлт орсонтой холбоотой 4 дүгээр хавсралтад заасан иргэдийн газар өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болсон байх бөгөөд хэрэгт захирамжийн гуравдугаар хавсралт авагдаагүй тул хэний ямар газрын бүртгэлд хэрхэн өөрчлөлт орсонтой холбоотой 4 дүгээр хавсралтаар Д.О-д газрыг өмчлүүлсэн 2012 оны А/655 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байна.
Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 28.1.5-д зааснаар захиргааны шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэсний дагуу уг ажиллагааг хийгээгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй, захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Хариуцагч маргаан бүхий захирамжийг гаргахдаа захиргааны шийдвэр биелүүлээгүй бөгөөд шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн анх эзэмшсэн газар мөн эсэх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн байхад гуравдагч этгээдэд эерэг үйлчлэлтэй актыг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа эрх нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Захиргааны хэргийн шүүхээс хариуцагчид хэргийн нөхцөл байдлыг тогтоож шинэ акт гаргах хүртэл актуудыг түдгэлзүүлсэн боловч дээрх байдлаар хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүйгээс нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн маргаан тасрахгүй байх тул анхан шатны шүүх холбогдох баримтыг цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх Газрын кадастрын мэдээллийн санд тухайн нэгж талбар нь 2006-2018 он хүртэл өөрчлөлтгүй хэвээр байсан гэх баримтыг үндэслэл болгосон боловч хэрэгт авагдсан хэргийн 1 дүгээр хавтасны ... 2005.06.27-ны өдрийн кадастрын зурагт 18644314184121 нэгж талбарын дугаартай “111 овогтой 111-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг“ гэж тэмдэглэгдсэн, Ж.С-ийн гаргасан газар эзэмших хүсэлтэд 2-р хорооны Засаг дарга “Сэлбийн 14-242 тоот хашааны эзэн Ж.С-д газрын гэрчилгээ олгоё” гэж тэмдэглэсэн, мөн Д.О нь “анх 2008 онд хашаагүй, хог овоорсон, эзэнгүй байсныг хашаа хатган цэвэрлэж аваад амьдарсан. ... Хүний амины хэрэг гарсан гээд эзэнгүй орхигдсон газар байсан. Энэ хооронд хэн ч маргаж байгаагүй” гэх тайлбар, Ж.Сэд эзэмшүүлж өмчлүүлсэн, У.У-Ө-д шилжүүлсэн, Д.О-д эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын хаягууд зөрүүтэй, У.У-Ө нь 2014 онд буюу Д.О-д 2012 онд газар өмчлүүлсэн хаяг “Сэлбийн 16-384” гэх хаягаар гэрчилгээнд өөрчлөлт оруулсан зэргээс үзвэл Ж.С-д анх эзэмшүүлж, өмчлүүлэн хожим У.Улам-Өрнөхөд шилжүүлсэн газар нь маргаж байгаа байршил мөн эсэхтэй холбоотой 2002 оноос хойш нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд тодорхойлолт, цохолт хийж өгсөн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчууд зэрэг маргаан бүхий газрын хаягийн өөрчлөлт болон тухайн газар дээр хэн амьдарч байсан талаар мэдэх этгээдийг гэрчээр асуух, бусад холбогдох нотлох баримт цуглуулж хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.