Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0122

 

Б.О-ы нэхэмжлэлтэй,

Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                                           Г.Банзрагч

                                                                М.Батсуурь

                                                                П.Соёл-Эрдэнэ

      Илтгэгч шүүгч:                                 Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0592 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2024/0602 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/0430 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, М.М нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгчээс “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-д заасны дагуу Монголбанкны ахмад настны бүртгэлд бүртгэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойших нэмэгдэл тэтгэвэр олгуулах тухай” хүсэлтийг Монголбанкны Ерөнхийлөгч шийдвэрлээгүй.

3.Нэхэмжлэгчээс “... Монголбанкны ахмад настны бүртгэлд бүртгэж, өндөр настны тэтгэвэр тогтоолгох хугацаанаас хойших нэмэгдэл тэтгэвэр олгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагчаас “... журмын 4.1-д заасан үйл ажиллагаа нь Монголбанканд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн дээр олгосон бүрэн эрхийн хүрээнд захирамжилсан шийдвэр гаргах үүрэг ногдуулсан хэм хэмжээ биш, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Монголбанкнаас гаргасан аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхээр заасан” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед Монголбанкны Ерөнхийлөгчийн хүчин төгөлдөр үйлчилж байсан 2014 оны А-152 дугаар тушаалаар баталсан журамд нийцүүлэн нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус” үндэслэлээр Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “Журам 2023 онд шинэчлэгдсэн ч нэмэгдэл тэтгэвэр авах зохицуулалт өөрчлөгдөөгүй, ижил шаардлага бүхий нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны захирамжаар “захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэх маргаан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна, энэхүү маргаан захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна“ гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Т.М нар гомдолдоо:

6.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.5 дахь хэсэгт зааснаар Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргааныг тусгай журмаар буюу давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхээр тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа буюу шийдвэрийн төрөлд эс үйлдэхүйг хамруулахаар заасан.

6.2.Тус зохицуулалтаар Монголбанкнаас гаргасан шийдвэрийг тусгай журмаар хянан шийдвэрлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан үйл баримтаар тайлбар гаргасан боловч шүүхүүд үүнийг аливаа хэлбэрээр үнэлээгүй, хэрхэн ердийн журамд хамруулсан үндэслэл, тайлбарыг шийдвэртээ тусгаагүй болно.

6.3.Иймд дээрх хурлын тэмдэглэл, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж, түүнээс гарсан шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрлийг шүүхүүд гаргасныг нотолж байна.

6.4.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд тус тус зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг тус тус хүлээдэг.

6.5.Ийнхүү судлан тогтоосон бодит нөхцөл байдал нь захиргааны байгууллагаас гарах шийдвэртэй шууд хамаарал бүхий, зайлшгүй ач холбогдолтой байдаг.

6.6.Нэхэмжлэгчийн өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж даалгасан нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд шууд халдсан.

6.7.Шүүхүүд хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой зөв хэрэглээгүй.

6.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/0430 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт ердийн маргаанаас богино хугацаанд түргэн шуурхай хянан шийдвэрлэх зорилгоор зарим төрлийн маргааныг тусгай журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсны дотор хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5.-д Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр заажээ.

11.Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар Монголбанк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхтэй.

12.Энэ хүрээнд Монголбанк холбогдох хяналт шалгалтыг хийж шаардлагатай тохиолдолд хуульд заасан албадлагын арга хэмжээ буюу Банкны тухай хуулийн Зургадугаар бүлэгт заасан Банкны тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх, Урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах, Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх, Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах, Банкийг татан буулгах зэрэг албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой байна.

13.Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанк, эрх бүхий бусад этгээдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 75.3-д ”Шүүх энэ хуулийн 75.1-д заасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1-д заасан тусгай журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж хуульчилжээ.

14.Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл хууль тогтоогч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасан “... Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан” гэдэгт хуульд заасан үндсэн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлж гаргасан акттай холбоотой Монголбанкны шийдвэрийг хамааруулсан гэж ойлгохоор байна. 

15.Иймд Монголбанк болон түүнээс тэтгэвэрт гарсан өндөр настны нэмэгдэл тэтгэвэртэй холбоотой маргаан нь дээрх тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн “шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

16.Монголбанкны Санхүү, бүртгэлийн газрын Бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.О 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банканд хянагч нягтлан бодогчоор томилогдсоноос хойш Монголбанканд 37 жил тасралтгүй ажилласан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

17.Монгол Улсын Их Хурлаас ахмад настны эрхийг хангах, тэдгээртэй холбоотой төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлох зорилгоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг 2005 онд, Ахмад настны тухай хуулийг 2017 онд тус тус батлан гаргахдаа аль алинд нь “Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр... олгох,” зохицуулалтуудыг тусгасан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчөөс хуулийн тухайн заалтуудын хүрээнд 2014 оны А-152, 2023 оны А-183 дугаар тушаалуудаар “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ыг баталж, Монголбанкнаас тэтгэвэрт гарсан өндөр настнуудад Монголбанканд ажилласан хугацаанаас хамааруулж нэмэгдэл тэтгэврийг тодорхой хувиар олгосоор иржээ.

18.Дээрх журмуудын 2.1-д “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх хүртэл Монголбанканд ажилласан ажилтныг ахмад настнаар бүртгэх”-ээр нэгэн адил заасан бөгөөд нэхэмжлэгч Б.О-ы тухайд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б-465 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр журмын дээрх заалтаар уг байгууллагын ахмад настнаар бүртгүүлэх эрх үүсжээ.

19.Нэхэмжлэгчийн зүгээс эрх үүссэнтэй холбоотойгоор ахмад настнаар бүртгүүлэхээр Монголбанканд 2022 оны 7 дугаар сарын 20, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд өргөдөл гаргасан боловч Монголбанкны Ерөнхийлөгч түүнийг хүлээн авч шийдвэрлээгүй нь хууль зөрчжээ.

20.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. ...” гэж заасан бөгөөд хариуцагч Монголбанкны Ерөнхийлөгч “ахмад настнаар бүртгүүлэх нэхэмжлэгчийн өргөдлийг хуульд заасан хугацаанд өөрийн баталсан журамд нийцүүлэн шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл болно. 

21.Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/152 дугаар тушаалаар баталсан “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын  4.1-д “Монголбанкинд 15 буюу түүнээс дээш жил ажилласан ахмад настанд өндөр насны тэтгэвэр авах хугацаанд Монголбанкны Ерөнхийлөгч (орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарын захирал)-ийн тушаалаар нэмэгдэл тэтгэвэр олгоно”, 4.2.7-д “Монголбанканд тасралтгүй 30 ба түүнээс дээш жил ажилласан бол улирал бүр 300,000 төгрөгийн нэмэгдэл олгох”-оор заасан нь нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А-183 дугаар тушаалаар шинэчилсэн баталсан журамд нэмэгдэл тэтгэвэр авахтай холбоотой зохицуулалт өөрчлөгдөөгүй байна.

22.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж хуульчилсан нь захиргаанд хуульд зааснаас гадуур өөрийн үзэмжээр шийдвэр гаргах эрхийг олгосон агуулгагүй өөрөөр хэлбэл Монголбанкны ерөнхийлөгч нь хуульд заасан насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгож, журамд заасан болзол хангасан нэхэмжлэгчид ялгамжтай хандаж, ахмад настнаар тооцохгүй байх, улмаар нэмэгдэл тэтгэврийг олгохгүй байх эрхийг олгоогүй байна.

23.Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаанд хамаарал бүхий хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0592 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2024/0602 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                          М.БАТСУУРЬ

                                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.БАТБААТАР