Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 281

 

 

 

 

П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Хурц,

Шүүгдэгч П.Чинбат, түүний өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгч Я.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Бавуугийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Б.Хурцын бичсэн улсын яллагчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар эсэргүүцлээр П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох 201601000059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбат, 1966 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД66072835/,

Алаг адуу овогт Ядамсүрэнгийн Алтанцэцэг, 1959 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 38 дугаар байрны 63 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЕ59111601/,

П.Чинбат нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6 (Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна.),  1.7 (Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн    нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна.), 3 дугаар хавсралтаар баталсан 1.9 (Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна.), 1.10-т (Энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн  халамжийн   асуудал  хариуцсан  байгууллагатай   гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн  бэрхшээлтэй  иргэн  өөрөө  сонгож авна.)  гэсэн заалтуудыг зөрчин, Дүүргийн халамжийн сангийн данснаас “Зоог трейд” ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, “Андын өгөөмөр тус” ТББ-ын данс руу 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг, “Радонтхайрхан” ХХК-ийн данс руу 2014 оны 11 дүгээр сарын 3 -ны өдөр 5.000.000 төгрөг,

“Саруул орчлон” ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг, “Ихэр арслан”  ХХК-ийн данс руу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, иргэн Бадамцэцэгийн данс руу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 44.770.000 төгрөгт ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан,

Я.Алтанцэцэг нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга П.Чинбат холбогдох хууль тогтоомж зөрчин дүүргийн халамжийн сангийн данснаас “Андын өгөөмөр тус” ТББ, “Ихэр арслан” ХХК, “Саруул орчлон”ХХК-иуд руу 11 удаагийн үйлдлээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн гарган авч ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учуулсан гэмт хэрэгт 8 удаагийн үйлдлээр 31.570.000 төгрөг гарган авахад 2 дугаар гарын үсэг зурж учрах саадыг арилган хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогдуулан П.Чинбатад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Я.Алтанцэцэгт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно.”, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж тус тус заасан ба шүүгдэгч П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн 201601000059 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор талуудын эрх тэгш бүхий Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Зоог трейд”, “Радонтхайрхан”, “Саруул орчлон”, “Ихэр Арслан” ХХК-иудаас 2014, 2015 онуудад худалдан авсан гэх ортопед, тусгай хэрэгслийн орлогын баримтууд (9103230 регистрийн дугаартай Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Андын өгөөмөр” ТББ-д 5.200.000 төгрөгийн тохойвчтой цагаан таяг /1-р хх-70-71/, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Радонтхайрхан” ХХК-д 5.000.000 төгрөгийн 500 ширхэг гар таяг /4-р хх-185/, “Саруул орчлон” ХХК 5.000.000 төгрөгийн 125 ширхэг суга таяг /1-р хх-74-75/, эд зүйл хүлээн авч Мөнх-Эрдэнэ гэгчийн тайлбартай гарын үсэг бүхий зарлагын баримт зарлагадаад мөн өдрүүдэд эд зүйл хүлээн авч Мөнх-Эрдэнэ гэсэн таталбартай гарын үсэг бүхий орлогын баримт, “Ихэр Арслан” ХХК-ийн дарга Сарнай /1-р хх-89/, нябо Сарнай /1-р хх-86/, эд хариуцагч Сарнай /1-р хх-79/) 2015 онд худалдан авсан гэх бараа, бүтээгдэхүүний тайлан байхгүй, зөвхөн 2014 онд ортопед тусгай хэрэгслийн тайлан мөрдөн байцаалтын шатанд гэрч Батсүх, Эрдэнэчимэг, Туяа, Сарангэрэл нарын ортопед тусгай хэрэгсэл нийлүүлээгүй, дансанд шилжсэн мөнгийг гаргаж өгсөн, гэрч Нацаг, Даариймаа нарын Эрдэнэчимэгийн бичсэн чекээр мөнгө авч өгсөн зэрэг мэдүүлэг зэргээс дүгнэхэд эдгээр баримт, сэлт, мэдээллүүд нь дээрх хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шаардлагыг хангахгүй байхын зэрэгцээ П.Чинбат, Я.Алтанцэцэг нарын энэхүү үйлдлийн улмаас Нийслэлийн төсөвт Гэрэлтуяагийн 30.000.000 төгрөг, гэрч Очирхүүгийн 2014 онд 34.500.000 төгрөг, 2015 оны эхний хагас жилд 14.000.000 төгрөг, яллах дүгнэлтэд дурдсан 44.700.000 төгрөгийн аль хохирол хүнд хор уршиг учруулсныг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хохирлын тооцоог үнэн зөв Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн шалгаж тогтоогоогүй, хэрэгт авагдсан эдгээр баримт, сэлт нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах хууль зүйн шаардлагад нийцээгүй, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс Нийслэлийн төсөвт хэдэн сая төгрөгийн хохирол учирсан талаарх эх сурвалжийг зааж чадахгүй байна. Иймд дээрх ажиллагааг шалган тогтоосны эцэст хэргийг нэг мөр зөв зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн 201601000059 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн 201601000059 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт очтол П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт сэлт нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах хууль зүйн шаардлагад нийцээгүй, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс Нийслэлийн төсөвт хэдэн сая төгрөгийн хохирол учирсан талаарх эх сурвалжийг зааж чадахгүй байх тул дээрх ажиллагааг шалгаж тогтоосны эцэст хэргийг нэг мөр зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3, 230.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Шүүгчийн захирамжид “...тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шаардлагыг хангахгүй байхын зэрэгцээ П.Чинбат, Я.Алтанцэцэг нар нь энэхүү компани, ТББ-ын данснаас гаргуулсан мөнгө хаана, хэний дансанд орсон, хэрхэн яаж, ямар байдлаар завшсан буюу үрэгдүүлсэн, П.Чинбат, Я.Алтанцэцэг нарын энэхүү үйлдлээс Нийслэлийн төсөвт Гэрэлтуяагийн 30.000.000 төгрөг, гэрч Очирхүүгийн 2014 онд 34.500.000 төгрөг, 2015 оны эхний хагас жилд 14.000.000 төгрөг, одоогийн яллах дүгнэлтэнд дурдсан 44.770.000 төгрөгийн аль хохирол, хүнд хор уршиг учруулсныг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хохирлын тооцоог үнэн зөв Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн шалган тогтоогоогүй...” гэжээ.

Мөрдөн байцаалтаар 2014 оны 2 дугаар сарын 21-нээс 2015 оны 3 дугаар сарын 31-ний хооронд Налайх дүүргийн Нийгмийн халамжийн хэлтсийн данснаас 12 удаагийн гүйлгээгээр нийт 44.770.000 төгрөг дээрх нэр дурдагдсан компаниуд болон Төрийн бус байгууллагын дансаар орж бэлнээр П.Чинбат, Я.Алтанцэцэг нарын гар дээр очсон болох нь хохирогч Б.Загарсүрэн, тухайн компаний захирлуудыг гэрчээр байцаасан, мөн гэрч Л.Нацаг, Г.Наранбаатар, Г.Дариймаа нарын мэдүүлэг, Нийслэлийн Аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1076 дугаартай албан бичиг, хавсралт, “Ихэр арслан”, “Саруул орчлон”, “Зоог трейд”, “Радонт хайрхан” ХХК, “Андын өгөөмөр тус” ТББ-ын дансны гүйлгээний хуулгууд зэрэг нотлох баримтуудаар шалгагдаж тогтоогдсон. Мөрдөн байцаалтаар боломжтой гэж үзэж шалгаад, нэгэнт үйл баримт, нотлох баримтаар эргэлзээгүй тогтоосон хохирлыг заавал тусгай мэдлэг мэргэжил бүхий эдийн засгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Загарсүрэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт Гэрэлтуяагийн 30.200.000 төгрөг гэсэн нь хэлтсийн дарга П.Чинбат, нягтлан бодогч Я.Алтанцэцэг нарын хамаарал бүхий компаниуд руу шилжүүлсэн мөнгөн дүн, Нийслэлийн халамж үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүүгийн мэдүүлсэн 34.500.000 төгрөг нь тус хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд зөвхөн 2014 онд хийсэн аудитын шалгалтын дүн, яллах дүгнэлтэд дурдагдсан 44.770.000 төгрөг нь хэлтсийн дарга П.Чинбатын 2014, 2015 онуудад Нийгмийн халамжийн тухай хууль, холбогдох бусад тогтоол, дүрэм, журмыг зөрчин бэлнээр гаргаж авсан мөнгөн дүн болохыг удаа дараа мэдүүлсээр байхад шүүх хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар эх сурвалжийг зааж чадаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. П.Чинбат, Я.Алтанцэцэг нарын тухайд ажил үүргийн хувьд халамжийн сангийн данснаас бэлэн мөнгө гарган ортопед, тусгай хэрэгсэл зэргийг бэлтгэн нөөц үүсгэх ёсгүй, тийм шаардлага ч байгаагүй болох нь Нийгмийн халамжийн хууль, Засгийн газрын 2012 оны “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, холбогдох дээд байгууллагаас хүргүүлсэн чиглэл зэргээр тогтоогдсон.

Прокуророос П.Чинбатыг төрийн албан тушаалтан албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хүнд хор уршиг учруулсан, шүүгдэгч Я.Алтанцэцэгийг халамжийн сангийн данснаас мөнгийг гарган авахад гарын үсэг зурж учрах саадыг арилган, гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж ялласан ба ингэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн асуудал гаргаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч П.Чинбатын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 2 дугаар сараас 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 12 удаагийн үйлдлээр 44.770.000 төгрөгийн хүнд хор уршиг учруулсан гэсэн үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа. Энэ асуудлаар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд миний үйлчлүүлэгч маргаагүй. Уг 44.770.000 төгрөгөөр зорилтот бүлгийн хүмүүст зориулан ортопед, тусгай хэрэгслүүд, гурил зэргийг бэлтгэснээс 30.000.000 гаруй төгрөгийн ортопед, тусгай хэрэгслүүд, гурил зэргийг тарааж, үлдэгдэл 11.000.000 төгрөгийн ортопед, тусгай хэрэгслүүд, гурил үлдсэнийг Нийгмийн халамжийн дансанд тусган, агуулахад хадгалагдаж байдаг. Энэ үлдэгдэл бараа материалыг мөрдөн байцаалтын ажиллагааны үед битүүмжилсэн. Үүнээс үзэхэд хүнд, хор уршиг учирсан гэх зүйл тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхээс уг асуудлаар тусгай мэргэжлийн шинжээч томилон хохирлыг тогтоолгох гэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. 44.770.000 төгрөг гаргаж авсныг хохирол гэж үзсэнээс байгууллагын баллансад бүртгэлтэй зарлага болон үлдэгдэлийн талаар прокурор ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй. Иймд Нийгмийн халамжийн санд хэдэн төгрөгийн хохирол учирсаныг тогтоолгох шаардлагатай. Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд Нийгмийн халамжийн санд учирсан бодит хохирол байхгүй, харин журам зөрчсөн нь харагдаж байгаа тул зөрчлийн хэмжээнд арга хэмжээ авагдах шаардлагатайгаас эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй гэж үзэж мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Хохирогч эх сурвалжаа зааж чадахгүй байгаа учраас хохирсон эсэхийг тусгай мэдлэг мэргэжил бүхий шинжээчээр дүгнэлт хийлгэх шаардлагатай. Иймд прокурорын эсэргүүцлийн хүчингүй болгож анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч П.Чинбатын өмгөөлөгч Л.Сарангуа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд Засгийн газрын 2012 оны 108 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. 2014 оны 10 сард 334 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. Эхний тогтоолд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүссэн газраас авах талаар заасан. Сүүлд өөрчлөгдсөн тогтоолд сонгосон байгууллагаасаа авна гэсэн байдаг. Дараа нь Нийгмийн халамжийн байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас тухайн этгээд өөрөө сонгож авна гэсэн заалт нэмэгдсэн. Уг байгууллага нь хэзээ байгуулагдах болон Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл бүхий байгууллага байна гэсэн байдаг. Хавтаст хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийгмийн халамжийн Ерөнхий газраас байгууллагууд тусгай зөвшөөрлөө авч байна гэсэн баримт хавтаст хэрэгт байдаг. 2015 оны 9 дүгээр сарын 24-нд Нийгмийн халамжийн Ерөнхий газраас Налайх дүүрэгт 3-н байгууллагатай хамтран ажилла гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажиллагаанууд нь бүрдээгүй байхад өмнө нь зорилтот бүлгийн хүмүүсийн хэрэгцээг хүссэн газраасаа авдаг байсан. Одоо агуулахад ортопед, тусгай хэрэгслүүдэд таяг, нүдний шил зэрэг байгаа. Гарын үсэг зурж хүлээж авсан ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн захирамжтай санал нэг байна. Тухайн байгууллагуудаас мөнгө гарч хувийн компаниудад шилжсэн тодорхой бөгөөд түүнийг П.Чинбат өөрөө мэдүүлдэг. Гэхдээ буцаад бараа бүтээгдэхүүн болж, хүрэх ёстой хүмүүст тараасан байхад Нийгмийн халамжийн байгууллага хохирох уу, түүнийг хэрхэн тогтоох ёстой вэ. Нийгмийн халамжийн байгууллага хэрхэн хохирсон эх сурвалжаа зааж чадахгүй байгаа учраас хөндлөнгийн байгууллагаар тогтоох хэрэгтэй. Үүнийг тогтоогоогүй байхад хэрэг хэрхэн үйлдэгдсэн сэдэлт болон гэм буруугийн хэлбэр, хохирлын шинж чанар, хэмжээ зэргийг тогтоох боломжгүй. Энэ талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. Мөрдөн байцаалтад буцааж ажиллагаа хийхдээ байгууллага  нэмж оруулж ирснээс миний үйлчлүүлэгчийн цагаатгах талыг баримтыг бүрдүүлэхгүйгээр, улсын яллагч хэт яллах талыг барьж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. Ер нь байгууллагаас мөнгө гарсан нь хүнд хор уршиг мөн гэсэн нотолгоо болохгүй. Улсын яллагчийн хэлснээр ортопед, тусгай хэрэгслүүд, гурил авсан хүмүүсээс гомдол ирсэн эсэхийг шалгах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Я.Алтанцэцэгийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэргийн хувьд шүүхээр 2 удаа хэлэлцэгдэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Өмнөх мөрдөн байцаалтад буцаасан захирамжид заасан ажиллагаа хангалттай хийгдээгүй. Мөн хоёр дахь удаагийн шүүх хуралдаанаас гарсан захирамжид заасан хохирол эргэлзээтэй гэсэн шалтгаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэж гарсан гэж үзэж байна. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Шүүгчдэгч П.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Нийгмийн халамжийн даргаар 17 жил ажилласан. Иргэдэд очсон бараа материалуудад аудит болон мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шалгалт ирдэг. Иргэдэд олгосон бараа, материал баримтгүй олгогдсон удаа байхгүй. Энэ талаар шалгаж Налайхын цагдаагийн байгууллага айл бүрээр явж шалгасан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шалгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Я.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бараа материал тараасан. Хавтаст хэрэгт энэ талаар гарын үсэг зуруулж авсан баримт байгаа  учраас үүнийг шалгаж өгнө үү...” гэв. 

ХЯНАВАЛ:

П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 51 тоот шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

П.Чинбат нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Дүүргийн халамжийн сангийн данснаас “Зоог трейд” ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, “Андын өгөөмөр тус” ТББ-ын данс руу 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг, “Радонтхайрхан” ХХК-ийн данс руу 2014 оны 11 дүгээр сарын 3 -ны өдөр 5.000.000 төгрөг,

“Саруул орчлон” ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг, “Ихэр арслан”  ХХК-ийн данс руу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, иргэн Бадамцэцэгийн данс руу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6 (Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна.), 1.7 (Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна.), 3 дугаар хавсралтаар баталсан 1.9 (Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энз журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна.), 1.10-т (Энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал  хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна.) гэсэн заалтуудыг зөрчин, нийт 44.770.000 төгрөгт ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан,

Я.Алтанцэцэг нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга П.Чинбат холбогдох хууль тогтоомж зөрчин дүүргийн халамжийн сангийн данснаас “Андын өгөөмөр тус” ТББ, “Ихэр арслан” ХХК, “Саруул орчлон” ХХК-иуд руу 11 удаагийн үйлдлээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн гарган авч ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учуулсан гэмт хэрэгт 8 удаагийн үйлдлээр 31.570.000 төгрөг гарган авахад 2 дугаар гарын үсэг зурж учрах саадыг арилган хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийжээ.

            Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай хохирогч, гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт  “...шүүгдэгчийн хувьд гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана...” гэж зааснаар П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул улсын яллагч Б.Хурцын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны  өдрийн 7 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТСАЙХАН