Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, 

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-д холбогдох эрүүгийн 1806 06218 0988 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ш, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникийн засварчин мэргэжилтэй, ОСНААУГ-н хэрэглэгчдэд үйлчлэх төв 10-т засварчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүургийн 29 дугаар хороо 137-82 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Г.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ц.Азжаргалтай орцонд маргалдаж зүүн талын нүдэн тус газар нь гараараа цохиж, шатан дээр унасан байхад нь дахин гараараа 3-4 удаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Шинэхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Азжаргалтай үерхэдэг байсан бөгөөд өөр залуутай уулзахаар нь хардалтаас болж ийм хэрэг үйлдсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шинэхүү бид 2 Мөөгийгийн байрных нь орцонд хэрэлдсэн тэгтэл тэгтэл Шинэхүү миний зүүн талын нүд орчимд гараараа нэг удаа цохитол би толгойгоороо хана мөргөөд шатан дээр унасан. Тэгтэл Шинэхүү дахиад миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...харин маргааш нь надад хэлэхдээ өчигдөр орой сансарт нэг охинтой танилцсан. Тэгээд тэр охинтой уулзаад тэрний найз нарт нь зодуулсан гэж хэлсэн. Би хэн зодсон юм гэж асуухаар ерөөсөө хэлэхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

“...би тухайн үед пиво уучихсан байсан болохоор Азжаргалын яг хаана цохисноо санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед Азжаргалын нүүр рүү цохисноо санаж байгаа. №9139 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг би Азжаргалын биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Азжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Яллагдагч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Азжаргал бид 2 манай найз Бат-Эрдэнийн гэрт очтол хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгээд Азжаргалтай маргалдсан. Тэгээд нэг мэдэхэд Азжаргалыг зодчихсон байсан..." гэх мэдүүлэг /хх 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9139 тоот дүгнэлтэд: 

  1. Ц.Азжаргалын биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун чихний дэлбэн, баруун зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-30/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, Нэт капитал ББСБ-ын албан тоот /хх-ийн 48/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Түвшинжаргалын хүсэлт /хх-ийн 90/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ц.Азжаргалтай орцонд маргалдаж зүүн талын нүдэн тус газар нь гараараа цохиж, шатан дээр унасан байхад нь дахин гараараа 3-4 удаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Насанд хүрээгүй хохирогч Ц.Азжаргалын: “...Шинэхүү бид 2 Мөөгийгийн байрных нь орцонд хэрэлдсэн тэгтэл тэгтэл Ш миний зүүн талын нүд орчимд гараараа нэг удаа цохитол би толгойгоороо хана мөргөөд шатан дээр унасан. Тэгтэл Ш дахиад миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Түвшинжаргал нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Г.Ш-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш-Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Ш-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ш нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР