Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00455

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/00051 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК холбогдох

 

Гэм хорын хохиролд 9,655,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь Сүхбаатар дүүрэг, хороо, ******* гудамж, ******* барилгын А блок, 18 давхар, ******* тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2023 оны 1 сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө дээд айлын аль нэг давхраас их хэмжээний ус алдсан.

1.2. Тухайн үед ******* ХХК-ийн СӨХ-ны ажилтан болон ******* ХХК-ийг хариуцдаг орон сууцны конторын сан техникийн ажилтнууд ус алдсан шалтгааныг 21 давхараас хүйтэн усны крантаа нээлттэй орхиж ус алдуулсан тухай хэлж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус контороос ус алдсан шалтгааныг тогтоосон дүгнэлт гаргасан.

1.3. Ус алдсан тухайн үед усны гуталтай орохоос өөр аргагүй байснаас гадна хоёр хоног гоожсон нь ямар их хэмжээний ус алдсан нь ойлгомжтой байгаа юм.

1.4. Манайх үнэтэй байранд шинээр ороод чанартай материалаар засвар хийсэн байсан бөгөөд даатгуулж ч амжаагүй байсан. Ус алдсанаас чухал бичиг баримтууд усанд автаж, компьютер, принтер усанд норж шатсан мөн байрны цахилгааны монтаж гэмтсэн, таазны гэрлүүд шатаж давхар таазыг хуулж дахин засварлах шаардлагатай болсон. Мөн хана халтардаж шарласан бөгөөд обойнууд хууларч, паркэтэн шал хөндийрч боссоноос гадна бүгд заагтай болсон. Гурван өрөөөнд дэвссэн дрож бүхэлдээ усанд нэвт нороод ялзарч үнэр ороод дахин ашиглах боломжгүй болсон бөгөөд Виннэрвэй үнэлгээ ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн.

1.5. Иймд хөрөнгийн үнэлгээ 6,080,000 төгрөг, ажиллагааны зардалд 244,000 төгрөг компьютер, принтер засварт 2,364,600 төгрөг, тээврийн зардалд 50,000 төгрөг, засварын ажлын хөлс 900,000 төгрөг, нотриатын зардал 17,000 төгрөг, нийт 9,655,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Ус алдалтын шалтгааныг бүрэн тодорхойлогдоогүй. Манай байгууллага 211 тоотын тус өрөөг бичиг баримт, бараа материалын агуулах хэлбэрээр ашигладаг. Ус авах, цай хоол хийх, ариун цэврийн өрөө байрлуулах зэрэг хүний хүчин зүйлээс ус алдах байдлаар ашигладаагүй.

2.2. Түүнчлэн аваарын винтелийг хүний гараар эргүүлэх чиглэлийг идэвхтэй үйлдлээр нээх боломжтой бөгөөд бидэнд тийм үйлдэл хийх хэрэгцээ шаардлага байгаагүй. Бодит байдал дээр ямарваа нэгэн байдлаар аваарын винтелийг хөндөх үйл ажиллагаа хийгээгүй бөгөөд манай компанийн ажилтан албан хаагчдын зүгээс аваарын винтелийг нээгээгүй.

2.3. Мөн бид дээрх ус алдалтын шалтгааныг тодруулахаар ажиллан, 2023 оны 11 сарын 29-ний өдөр сантехникийн мэргэжлийн байгууллагаас усны алдагдал тодорхойлуулах дуудлага өгсний дагуу ирсэн мэргэжилтнүүд "*******" ОСНАА-ын конторын инженер мэргэжилтнүүдийн хамт үзлэг хийж, тусгай багажаар шалгахад хэрэглээний усны алдагдалгүй, халуун усны далд шугам хоолойн алдагдалтай байгааг багажаар тодорхойлж, хэмжилтийн үйл явцыг видео бичлэгээр баталгаажуулсан бөгөөд ус алдалт нь далд шугам хоолой задарснаас үүдэлтэй хуримтлагдсан ус алдагдсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

Учир нь нийт 20 давхар нэлэнхүйдээ усанд автаж зарим давхарын таазны хийцлэл даралтын улмаас нурсан байдалтай байсан. Энэ байдлаас үзэхэд ийм их хэмжээний ус нь даралтат усны шугам хоолой задарсан тохиолдолд алдагдах боломжтой гэж тооцоолж болох бөгөөд усны хоолойг хаасан байх үед хүртэл хуримтлагдсан ус доошоо урссаар байсан тул тухайн ******* менежмент ХХК-ийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

2.4. Мөн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагыг хэрэглээний усаа нээлгэхэд аливаа ашиглалт хийгдээгүй байхад хүйтэн усны тоолуурын заалт гүйж байсан зөрчил илэрсэн.

2.5. Түүнчлэн 22 давхарын 221 тоот байрны засвар хийж байгаа нөхцөл байдалтай танилцахад дээд давхараас их хэмжээний ус алдан паркетин шал хөөж хөндийрсэн, шал тааз ханад гэмтэл учирсан, доошоо ус алдсан, СӨХ энэ талаар мэдэж байгаа бөгөөд арга хэмжээ авч хаасан гэж тайлбарласан. Мөн 23-22 давхарын шатны хонгилын хана дагуу магистрал одоо хүртэл чийгтэй нойтон байгаа энэ талаар бүгд мэдэж байгаа гэж тайлбарласан бөгөөд бид видео бичлэг хийж газар дээр нь баталгаажуулсан.

Иймд манай байгууллага хохирлыг хариуцах боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 6,324,000 /зургаан сая гурван хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, үлдсэн 3,331,600/гурван сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбар нотлогдоогүй тул тухайн маргаанд хариуцагч байх магадлалтай ******* ХХК-ийн 2023 оны 05 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр манай дээд давхарт дээд талаас нь ус алдсан түүнд засвар хийж байгаа газар орсон бичлэгийн тэмдэглэл, тухайн тэмдэглэлд ус 22 давхрын айлд ус алдсан байх бөгөөд тухайн айлд засвар хийж байсан этгээдээс "...дээд давхараас ус алдсан" гэх тайлбарыг хэлсэн байна.

Мөн ******* ОСНААК-ийн 2023 оны 0 сарын 08-ны өдрийн 0024/4 тоот албан бичигт "...21-р давхрын хананы цаана ус шуугин дуугарч байсан тул тоолуур дээр усыг буцаан хаасан" гэх албан бичгийг өгсөн байгаагаас харвал ус хэрэглэгчийн орон сууцанд байрлах хэсгээс биш дундын шугамаас ус алдсан бүр 23 давхраас ус алдаж 22 давхрын айл засвар хийсэн гэдгийг харуулдаг. Мөн видео бичлэг дээр хариуцагчийн орон сууцанд ус алдсан зүйлгүй байдаг бөгөөд харин хананаас ус шүүрч орж ирсэн байх бөгөөд ил харагдах шугамаас ус алдсан гоожсон зүйлгүй байдаг. Иймд хариуцагчийн хэрэглээний зөрчлөөс шалтгаалж ус алдсан гэх үндэслэлгүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа дүгнэлтийг няцаах зорилгоор анхан шатны шүүхэд удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй атлаа уг маргаж байгаа шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэрэгт өөр баримтууд байсаар байтал холбогдох шинжээчийг томилолгүй хариуцагч тайлбараа нотолж чадаагүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Бид шинжээч томилуулахаар мэргэжлийн байгууллагад хандсан боловч шүүгчийн захирамжийн дагуу шинжээч ажиллах боломжтой гэсэн бөгөөд уг хариуг шүүхэд өгч шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч хангаагүй. Энэ нь хариуцагчийн тайлбарын үндэслэлээ нотлох үүрэгт хамааралгүй өөрөөр хэлбэл шүүхэд л шинжээч томилох эрх хэмжээ нь олгогдсон байтал уг эрхээ хэрэгжүүлж хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй атлаа маргаантай байгаа дүгнэлтээр хэргийг шийдвэрлэж хариуцагчийг нотлоогүй гэх нь ойлгомжгүй.

4.3. СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.8-д заасны дагуу ******* менежмент ХХК болон ******* ОСНААК-тай гэрээ байгуулсан.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаас үзвэл дундын шугам сүлжээг хэрэглэгчид хүртэл СӨХ болон түүнтэй гэрээ байгуулсан мэргэжлийн байгууллага хариуцахаар заажээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 1.1, 3.1.1, 3.1.5, 3.1.6, 3.1.13, 3.1.14, 14.2, 14.2.4, 14.2.5-д заасны дагуу хананы цаана ус алдаж шуугиж байсан нь дундын шугамаас ус алдсан байх тул СӨХ болон ******* ОСНААК-ийн хариуцах хэсэг байх тул шүүхээс эдгээр хуулийн заалтад тодорхой дүгнэлт өгөлгүй зөвхөн хариуцагч байх магадлалтай этгээдийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг эрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1. Хариуцагч тал 23 давхраас ус алдахад бичлэг хийсэн гэдэг ч тухайн бичлэгт гарч буй засвар нь маргаан бүхий үйл баримттай хамааралгүй.

Хариуцагч талаас инженерүүдийг гэрчээр оролцуулсан бөгөөд гэрчүүд нь контор болон СӨХ-оос гарсан дүгнэлт гэдгийг тайлбарладаг. Гэтэл дүгнэлт гаргасан актад гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 9,655,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс зарлуулах боломжгүй байна. Учир нь

3.1. Хариуцагч тал өөрийн тайлбар, татгалзлыг нотлох зорилгоор ус алдсан шугам хоолой дундын шугам эсэх, стандарт заасны дагуу хангагч холболтыг зөв хийсэн эсэх, хугацаатай засвар үйлчилгээг хийсэн эсэх, юунаас шалтгаалж ус алдсаныг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлтийг 2024 оны 1 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргажээ.

Анхан шатны шүүх 2024 оны 1 сарын 29-ний өдрийн *******/ШТ2024/00595 дугаар тогтоолоор хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахгүй орхихдоо ус алдсан үйл баримтаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн, шинжээч томилох нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой гэж үзээгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр ... шүүх шинжээчийг томилно. гэж заасан ба хүсэлт гаргаж буй этгээд хүсэлтдээ үндэслэлийг заасан байхыг шаарджээ. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасныг анхан шатны шүүх үндэслэхдээ шинжээч томилуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзээгүйгээ огт тайлбарлаагүй байна. Дээрхи зохицуулалтын зорилго нь хэргийн оролцогч нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэхэд хүсэлт гаргасан байх, хүсэлтэд уг нотлох баримт хэрэгт ямар ач холбогдолтой байхыг ойлгоно.

Шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарснаар тухайн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой эсэх нь тодорхой болох учиртай.

 

4. Дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй, 168.1.7-д заасан шүүх нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлд тус тус хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/00051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,134 төгрөгийгшүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА