| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/05816/И |
| Дугаар | 210/МА2025/00506 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00506
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00513 дугаар шийдвэртэй,
*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Дутуу нийлүүлсэн 29,750,000 төгрөгийн үнэ бүхий дундын Mild тамхи 10 хайрцаг, KILD тамхи 10 хайрцгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дага Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Бид 2005 оноос хойш ******* ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд компаниас бидэнтэй холбогдож зарим нэр төрлийн тамхины үнэ хайрцаг тутамд 1 төгрөг, блок тутамд 1,000 төгрөг нэмэгдэх учраас мөнгөө урьдчилж хийгээд захиалга өгч болно гэсэн тул 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 141,950,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 78,175,000 төгрөг, нийт 220,125,000 төгрөг шилжүүлж тамхиа тухай бүр нь захиалж авахаар тохиролцсон.
1.2. Урьдчилан захиалга өгсний дагуу нийт 190,375,000 төгрөгийг тамхи авсан. Харин үлдэгдэл 29,750,000 төгрөгийн тамхийг одоог аваагүй бөгөөд компаниас нэхэхэд манайх борлуулагчтайгаа тулгалт хийнэ, түүний дараа шилжүүлэх үгүйг шийднэ гэсээр өнөөдрийг хүрч тамхиа ч өгөхгүй, мөнгө ч өгөхгүй бидний гэр бүлийн бизнесийг алдагдалд оруулж байна.
1.3. Бид бараагаа захиалахдаа өглөө бүр борлуулагчийн холбогдох дугаарт авах барааны нэр, тоог мессежээр илгээж түүний дагуу захиалга хүргэгдэж ирдэг байсан.
1.4. ******* ХХК-ийн борлуулагч биднийг захиалга өгөөгүй байхад компаниас тамхи авсан эсэх талаар бид мэдэхгүй бөгөөд борлуулагчтайгаа байгуулсан гэрээ, батлан даалтдаа үндэслэн хариуцлагаа тооцохгүй атлаа Нарантуул зах дээр жилийн дөрвөн улиралд зогсож амьдралаа авч явдаг биднийг хохироож байна.
1.5. Иймд үлдэгдэл 29,750,000 төгрөгийн үнийн дүнд тохирох бараа болох дундын mild-10 хайрцаг /33000/, KLD-10 /26500/ хайрцгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Харилцагч нараас ирүүлсэн захиалгын дагуу тухайн сувгийн борлуулагч бараа захиалснаас эхлээд тухайн хүргэсэн барааны төлбөр тооцоог дуусгах хүртэлх ажиллагааг хариуцан явуулдаг.
2.2. Тухайн үед Нарантуул захын бөөний сувгийг хариуцан ажиллаж байсан борлуулагч нь ******* байсан бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн болох нь *******ын харилцагчийн авлагын дэлгэрэнгүй тайлан, харилцагчийн хүргэлтийн баримтын жагсаалт, *******ын агуулахаас бараа хүлээн авсан баримт, борлуулагчийн бараа материалын товчоо тайлан, хүргэлтийн баримт зэрэг манай компанийн дотоод санхүүгийн анхан шатны баримттай таарч байна.
2.3. *******ыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн бөгөөд уг асуудлын талаар *******аас тодруулахад тэрээр харилцагчийн авсан бараа нь агуулахад багтахгүй байсан тул *******ын хариуцдаг Нарантуул зах дахь агуулахаас бага багаар авдаг байсан, захиалсан бүх барааг хүлээлгэн өгсөн, хүлээж авснаа харилцагч нар санахгүй байгаа гэх тайлбарыг өгсөн.
2.4. Мөн нэхэмжлэгч нар уг барааг хүлээн аваагүй гэх боловч *******т холбогдох санхүүгийн анхан шатны баримтаар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон бүх хүргэлт хийгдэж, авлага тэглэсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын гаргасан тайлбарын агуулга:
3.1. Би ******* ХХК-д 11 жил ажилласан. 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр манай компани зугаалгад явах байсан тул өмнөх өдөр буюу 8 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн биеэр явж захиалга авсан. Миний туслах ******* барааг хүргэж өгсөн. Гэтэл барааг надаас нэхээд байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан дутуу нийлүүлсэн 29 750 000 төгрөгийн үнэ бүхий дундын Mild тамхи 10 хайрцаг, KILD тамхи 10 хайрцгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 306,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүх талуудын гаргасан баримтыг харьцуулан дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтат огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 220,125,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 141,950,000 төгрөгт 30 авдар KLD, дундын mild 50 авдар, нарийн mild 2 авдар авахаар, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 50 авдар KLD тамхины үнэд 66,250,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 9 авдар тамхины үнэд 11,925,000 төгрөг, нийт 78,150,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
5.2. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх гол үндэслэлээ Гэрч *******ын Нарантуул өргөтгөлд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тамхи хүргэж өгсөн гэх мэдүүлэг болох хэргийн 93 дугаар талд авагдсан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66,250,000 төгрөгийн баримтад нэхэмжлэгч ******* хүлээн авсан хэрэгт гарын үсэг зурсан баримтаас дүгнэхэд гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй гэж тайлбарсан.
5.3. Гэвч 93 дахь талд авагдсан баримт нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 78,150,000 төгрөгийн үнийн дүнд багтсан тамхины үнийн баримт юм. Уг 66,250,000 төгрөгийг ******* ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө хийвэл нэмэгдээгүй үнээр тамхиа захиалж болно гэсэн тул 50 авдар KLD тамхины үнэд 66,250,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр авсан 9 авдар тамхины үнэд 11,925,000 төгрөг, нийт 78,150,000 төгрөгийг хэлсэн өдрөөс өмнө шилжүүлж тооцоогоо барагдуулсан.
5.4. Гэтэл шүүх тус баримтыг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 141,950,000 төгрөгт 30 авдар KLD, дундын mild 50 авдар авахаар шилжүүлсэн мөнгөн дүнтэй андуурч үнэлээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэрвээ шүүхийн дүгнэснээр 50 авдар KLD тамхи хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан байна гэж үзэж буй бол нийт 2 удаагийн гүйлгээгээр 80 авдар KLD, mild 50 авдар тамхины мөнгө тушаасан байх бөгөөд хэргийн 93 дугаар талд авагдсан баримтнаас үзэхэд надад зөвхөн 50 авдар KLD тамхи буюу 66,250,000 төгрөгийн тамхи хүлээлгэн өгснөөс надад өгөх ёстой 30 авдар KLD тамхийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Үүнээс үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 141,950,000 төгрөгт авах ёстой 30 авдар KLD/ дундын mild 50 авдар, нарийн mild 2 авдар тамхинаас 10 авдар KLD, дундын mild 10 авдар авчирч өгөөгүй талаар маргаж байгаа болно.
2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тамхи хүлээлгэн өгсөн гэх баримтны мөнгөний тооцоо 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бүрэн хийгдсэн тул би 50 авдар дээр маргаагүй харин 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөнгөө шилжүүлсэн тамхины үлдэгдлийг хүлээн аваагүй тухайд маргаж байна. Үүнийг аваагүй болох нь миний захиалга өгөөгүй тухай нотлох баримтуудаар тогтоогдоно. Борлуулагч ямар ч тохиолдолд амаар захиалга авдаггүй, Нарантуул дээрх бүх тамхины лангуутай, 30 гаран төрлийн тамхины захиалгыг амаар авч нийлүүлнэ гэдэг нь бодит байдал дээр ямар ч байх боломжгүй тайлбар юм. Тэрээр зөвхөн утсанд очсон мессежний дагуу хүргэлтээ хийж ажилласаар олон жил болсон ******* ХХК-ийн ажилтан юм.
5.5. Гэтэл нэхэмжлэгч миний гаргаж өгсөн нотлох баримтын ******* дугаартай утаснаас борлуулагч *******ын ******* утсанд мсж илгээж ямар тамхи авах талаар захиалга өгөөгүй байхад түүнийг хүргэж ирсэн гэж шүүх *******ын амаар гаргасан тайлбарыг нотлох баримтаар үнэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгт авагдсан баримтыг хэт нэг талыг баримталж дүгнэсэн гэж үзэхэд хүргэж байна.
Үүнээс гадна гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад та захиалга аваагүй тамхийг яаж мэдэж хүргэж өгсөн бэ гэж асуухад би хүргэгч бараа хүргэхээс өмнө өөрөө явж бичиж авч түүний дагуу хүргэлтээ хийсэн гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт борлуулагч захиалгыг бичиж авсан талаарх баримтаа хавсаргаж өгөөгүй, тус баримтаа авчрах боломжоор хангаж хуралдаан хойшилж байсан.
5.6. Харилцагч миний хувьд ч баримттай улдэх, тоо тооллого хийхэд санаж мэдэж байхын тулд заавал харилцдаг утаснаасаа мсж бичиж захиалга өгч, түүнийгээ дэвтэртээ өдөр өдөртөө бичиж тэмдэглэх замаар наймаа хийж орлого, зарлага, ашгаа тооцож ажилласаар 30 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ талаарх борлуулагчтай мсж бичсэн талаарх өдөр хоногийг харуулсан лавлагаа, дэвтэр зэргээ нотлох баримтаар хүргүүлж үзлэг хийж бэхжүүлсээр байтал шүүх захиалаагүй тамхийг хүргэсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
5.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81, 82 дугаар зүйлд шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэх маргаан төрлүүдийг зааж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тус маргааныг шийдвэрлүүлэхдээ ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэм буруутай үйлдлийн улмаас харилцагч хохирсон үндэслэлээр буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ тодорхойлж маргасан байхад шүүгч хэргийг дангаараа хянан шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
5.8. Хэдийгээр хариуцагч манайхаас надад ирэх ёстой бүх тамхийг дотоод баримт бичгээр гарсан гэх тайлбарыг өгч байгаа боловч энэ нь тухайн төлбөрийг нь төлсөн баримтыг надад бүрэн гүйцэд шилжүүлж өгсөн гэдгийг нотлох боломжгүй баримт юм.
Учир нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцлагын гэрээ зэрэг баримт бичгүүдээр эрхэлсэн ажлаа үнэн зөв, алдаа дутагдалгүй хийхийг шаардах эрх ажил олгогч буюу ******* ХХК-д өөрт нь хадгалагдаж байгаа тул би тус компаны харилцагч тул өөрт учирсан хохирлоо барагдуулахаар компанийг хариуцагчаар татаж оруулсан, надад хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж харилцагчид хохирол учруулсан асуудлыг борлуулагч нараас шаардах эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
6.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн. Нэхэмжлэгч нар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би ямар нэгэн мессеж бичиж захиалга өгөөгүй, өөрийн хар дэвтэрт бараа авсан талаар тэмдэглээгүй учир тухайн өдөр ямар ч тамхи аваагүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн захиалсан бүх бараа бүтээгдэхүүнийг төв агуулахаас нэхэмжлэгчид хүргэсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон.
6.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу хэргийн 93 дахь талд авагдсан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66,250,000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны үед тайлбар өгөхдөө 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ямар ч бараа аваагүй, *******тай огт уулзаагүй гэж тайлбарладаг. Гэвч бараа авсан, аваагүй гэж маргаж байгаа тухайн өдөр буюу 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч ******* бараа авсан болох нь хэргийн 93 дахь талд авагдсан баримтаар нотлогддог.
6.3. *******ын туслах ажилтнаар ажиллаж байсан ******* нь гэрчийн мэдүүлэгтээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барааг хүргэж өгсөн, энэ талаар өмнө нь цагдаагийн байгууллагад мэдүүлж байсан гэх тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгч талын зүгээс гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг хуульд заасны дагуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6.4. Дэвтэрт бичсэн тэмдэглэлийн тухайд зөвхөн нэхэмжлэгч нь өөрөө бичсэн бөгөөд хариуцагч тал гарын үсэг зурж баталгаажуулсан зүйл байдаггүй. Мессежний тухайд мессежийг хүлээн авч байгаа талаас хариу ирүүлсэн зүйл байхгүй, мөн мессеж бичсэнээр захиалга өгсөн эсвэл бараа хүлээн аваагүй гэдгийг тогтоох боломжгүй байсан.
6.5. Нэхэмжлэгч талаас шүүхэд дансны хуулга, хар дэвтэр, мессеж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн ба үүнээс өөрөөр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн баримтыг гаргаж өгөөгүй. Мөн хариуцагч талын зүгээс өгсөн нотлох баримт, хариуцагч болон гуравдагч этгээдийн гэрчийн мэдүүлэг, хариу тайлбарыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй.
6.6. Маргааны үйл баримт нь гэм хорын хохирлоор шаардах боломжгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан дутуу нийлүүлсэн 29,750,000 төгрөгийн үнэ бүхий дундын Mild тамхи 10 хайрцаг, KILD тамхи 10 хайрцгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ямар ч бараа захиалаагүй, хариуцагч талаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр захиалсан дундын mild нэртэй тамхи 10 хайрцаг, KLD нэртэй тамхи 10 хайрцагийг тус тус өгөөгүй гэж, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч нарт хүргэж өгсөн нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогддог гэж, гуравдагч этгээд нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгууллагаараа салхинд гарах байсан тул өмнөх өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр биечлэн явж захиалга аваад мөн өдөртөө захиалгыг хүлээлгэж өгсөн гэж тус тус тайлбарлажээ.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсан нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зарлагын баримт гэх баримтын харилцагч хэсэгт , гүйлгээний нийт үнийн дүнд 66,250,000 төгрөгийг шилжүүлж, гарын үсэгт хэсэг ******* гэж зурсан байх ба уг мөнгөн дүн нь хэзээ захиалсан ямар нэртэй, хэдэн блок тамхины үнэ болох, мөн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлгөөний баримтын №1220241 гэх хүснэгтээр зарлагын төв агуулахаас гарсан 250,000 блок LD club silver нэртэй тамхи нь нэхэмжлэгч нарт нийлүүлсэн дутуу бараа мөн эсэх талаарх үйл баримтыг тодруулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэж, үндэслэл бүхий шийдвэр гаргахад ач холбогдолтой байна.
5. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан шүүх нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлд тус тус хамаарч байх тул анхан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЗОЛЗАЯА