Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00215

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

Нэхэмжлэгч: Онцгой байдлын Ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн  Мандал  сумын “Хараа Анирлан” ХХК-д холбогдох үрийн будааны төлбөр 16.170.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь улсын нөөцийн салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Монгол Улсын Засгийн Газрийн 2013 оны “ Улаан буудайн үр гаргах нөхөн бүрдүүлэх тухай “ 151 дүгээр тогтоол, Шадар сайдын 2013 оны “ Улаан буудайн үр гаргах тухай “ 48 дугаар тушаал, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2013 оны  Маш нууц А/334 дүгээр тушаалыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Улсын нөөцийн салбар 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дугаар 81 тоот Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох гэрээг байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалалтанд 1 тонн үрийг 600.000 төгрөгөөр тооцож урьдчилгаа төлбөр болох 30 хувь болох 6.930 000 төгрөгийг төрийн сангийн 130431002 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувь болох 16170000 төгрөгийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын 130431002 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгээр Улсын нөөцийн салбараас 38.5 тонн үрийн буудайг зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул Хараа анирлан ХХК -аас үлдэгдэл төлбөр болох 16170000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Хараа Анирлан ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус компани нь 2013 онд Мандал сум дахь Улсын нөөцийн газраас үрийн буудай авч тариалалт хийсэн нь үнэн болно. 2016 онд 130 га талбайд тариалалт хийсэн. Энэ жилийн цаг агаарын байдал сүүлийн 3 жилтэй харьцуулахад харьцангуй сайхан зуншлагатай, хур бороо сайтай байна. Одоогийн байдлаар ургацын борлуулалтаас 16170000 төгрөгийн өрийг маргах зүйлгүй 2016 оны 11 дүгээр сарын 01-нд төлж барагдуулна гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь улсын нөөцийн салбар нь 16170000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хараа Анирлан ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг гаргаж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Хараа Анирлан ХХК-аас 16170000 төгрөг гаргуулах тухай Онцгой байдлын Ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь улсын нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хараа Анирлан ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь улсын нөөцийн салбарын гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Хараа-Анирлан ХХК-иас 144310 төгрөгийг гаргаж төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ