Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00525

 

 

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00626 дугаар шийдвэртэй,

 

*******ы нэхэмжлэлтэй,

******* газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан ХХК-ийн гаргасан 2024 оны 1 сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01328 дугаартай шийдвэрээр ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн хороо, *******, хаягт байрлах, 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1,458 м.кв талбайтай, газар эзэмших эрх, Баянзүрх дүүрэг, хороонд байрлах 5,500 м.кв талбайтай, ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбайн дугаар бүхий газар эзэмших эрх зэрэг хөрөнгүүдийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* газар болон ******* ХХК, *******д тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

3.1. Уг шийдвэрийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/12141 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2024/00721 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн ******* газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын сарын 10-ны өдөр үүсгэжээ.

2024 оны сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн хороо, *******, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1,458 м.кв талбайтай газрыг, 2024 оны сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, хороо, хэсэгт байрлах, ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбайн дугаар бүхий 5,500 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжилж, дээрх хөрөнгүүдийг 2024 оны сарын 18-ны өдөр болон 2024 оны сарын 22-ны өдөр хураан авсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.2. ******* газраас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК-иас тус компанийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн хороо, *******, хаягт байрлах, 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай, газрын үнэлгээг 45,000,000 ам.доллараар, 5500 м.кв талбайтай, газрын үнэлгээг 8,500,000 ам.доллараар тогтоолгохоор тус тус санал гаргасныг төлбөр авагч Б.Чулуунбаатар зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны сарын 29-ний өдрийн 10/307 дугаар тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

 

4.1. ХХК-ийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 18,343,755,000 төгрөгөөр үнэлэхдээ Баянзүрх дүүрэг, хороо, хэсэгт байрлах газрын хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 5,500 м.кв тооцож үнэлгээг тогтоожээ.

 

4.2. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийдвэрийг үндэслэн ******* ХХК-д эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэсэн, Баянзүрх дүүрэг, хороо, байрлах, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай газрыг 14 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгохдоо газрын хэмжээг 5,881 м.кв талбайтай болохыг тодорхойлжээ.

 

5. Хариуцагч байгууллагаас томилсон шинжээч ХХК нь зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргаар барьцааны хөрөнгийг үнэлсэн гэх боловч уг газрын бодит хэмжилтийг газрын цахим мэдээллийн www.egazar.gov.mn санд 5,881 м.кв талбайтай байгаа талаар үнэлгээний тайланд дурдсан атлаа шүүхийн шийдвэрт дурдсан хэмжээгээр буюу 5,500 м.кв талбайгаар тооцож үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д бодитой байх, 8 дугаар зүйлийн 8.1-д ...үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна., 8.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэнэ.

Өөрөөр хэлбэл, барьцааны зүйл болсон газар эзэмших эрх нь 5,500 м.кв талбай бүхий газарт хамаарч байсан ба уг газрын хэмжээ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийдвэрээр өөрчлөгдөж 5,881 м.кв талбайтай болжээ. Үүнээс дүгнэвэл эзэмшил газрын бодит хэмжээ болох 5,881 м.кв талбайгаар ямар хэмжээгээр буюу нэгж талбараар тодорхойлж 5,500 м.кв талбайг зааглаж албадан худалдах нь тодорхойгүй. Хэрэв уг 5,881 м.кв талбай бүхий газрыг хуваагдах эсхүл үл хуваагдах шинжийг тодорхойлох байсан. Үл хуваагдах шинжтэй буюу газрыг 5,500 м.кв хэмжээгээр салгаж авснаар үлдэх 0,381 м.кв талбай бүхий газар нь олгосон зориулалтын дагуу ашиглах шинжийг алдахаар байвал үнэлгээг бүхэлд нь хийх учиртай. Шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгаагүй тул үнэлгээ бодитой байх шаардлага нийцээгүй гэж дүгнэнэ.

Улмаар үнэлгээг дутуу хийснээр үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байх шаардлагыг хангахгүй байна.

 

6. Иймд ******* байгууллагаас томилсон шинжээч нь газрын бодит бус талбайн хэмжээнд үндэслэн үнэлгээг тогтоосон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, ХХК-ийн 2024 оны 1 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн хороо, *******, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1,458 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баянзүрх дүүрэг, хороо, хэсэгт байрлах, ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбайн дугаар бүхий 5,500 м.кв талбайтай газар эзэмших эрхийг нийт 18,343,755,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

7. Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй. Учир нь:

7.1. Нэхэмжлэгчийн гаргасан 2024 оны 1 сарын 13-ны өдрийн нэхэмжлэлд шүүх 2024 оны 1 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэлийг т 2024 оны 1 сарын 21-ний өдөр олгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 3 сар гаруй хугацаанд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах хангалттай хугацаанд эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байтал уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгчээс татгалзах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг гаргахдаа өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүгч хүлээн авахаас татгалзахтай холбоотойгоор гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 9 зүйлийн 91.1-д зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг татгалзахгүй гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь хуульд заасан дээрх үндэслэлд хамаарахгүй байна. Иймд уг хүсэлтийг шүүгч 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж амаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар захирамжийг бичгээр гаргаагүй боловч уг алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой алдаанд тооцохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт ХХК-ийн 2024 оны 1 сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/00626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ХХК-ийн 2024 оны 1 сарын 06-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн хороо, *******, хаягт байрлах, 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 1,458 м.кв талбайтай, газар эзэмших эрх, Баянзүрх дүүрэг, хороонд байрлах 5,500 м.кв талбайтай, ******* тоот гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбайн дугаар бүхий газар эзэмших эрхийг нийт 18,343,755,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА