| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1129/Э |
| Дугаар | 1164 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Монгол нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А, Г, О нарт холбогдох эрүүгийн 1906 02722 1519 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А, 1999 оны 03 дугаар сарын 15-нд Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэнтодорхой ажилгүй, Төв аймгийн Архус сумын 1-р баг Ноён шанд 5-5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г, 2001 оны 03 дугаар сарын 13-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Архус сумын 2-р баг Нартс 9-4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн О, 2000 оны 04 дүгээр сарын 07-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Архус сумын 2-р баг Нарс гэх газарт суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч И.А, Г.О, Ж.Г нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Оюутны өргөө хотхоны орчим далангийн хажууд иргэн О.Отгонбаярын нүүр, гэдэс тус газар нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, Ай фоне 5 эс загварын гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч И.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр О, Г хоёр хамт байна гээд над руу залгасан. Орой 19 цагт залгаад дуудахаар нь би яваад очсон. Тэгээд араас Далайцэрэн ирээд бид нар Жуковын автобусны буудлын ард цайны газар орж хоол идээд, 8 цаг 30 минутын үед гараад, 21 цагт Бөхийн өргөөний тэнд “ЦЭ” нэртэй газар сууж байгаад гарсан. Талбайн хажуу талын “Мийтинг” гэдэг бааранд сууж байгаад шөнө 12, 01 цагийн тэнд Натур луу манайх руу очих гэж байгаад багшийн дээдийн тэнд О бид хоёр сууж байхад хоёр залуу явж байхаар нь утсаараа яриулчих гэтэл утас байхгүй гэсэн. Тэгээд утсаар ярих мөнгө өгчих гэтэл байхгүй гэсэн. Утсаар яриулчих гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Идэр байхгүй гээд түлхсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ? гээд ганц удаа яварсан. Отгонбаяр намайг уулзая гээд дуудаад, нөгөө хэдээс 10-15 метрийн зайд бид хоёрт мөнгө байхгүй айфон 5 эс гэдэг утас байна ав гэхээр нь юм бодолгүй авсан. Отгонбаяр дээр очиж гар утасных нь кодыг нь гаргуулсан. Өөрөө кодоо гаргаж өгөөд явсан. Тэгээд утсыг нь аваад тэр хоёроос салж яваад Натурт манайд очиж хоносон” гэв.
Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Анх 13 дугаар хорооллын буудал дээр О бид хоёр уулзаад дараа нь А-той уулзсаны дараа Далайцэрэнг гэдэг хүүхэд ирээд дуудаад хамт Жуковын тэнд хоолонд ороод, Бөхийн өргөөний тэнд нэг паабад сууж байгаад, тэндээсаа гараад талбайн тэнд “Мийтинг” гэдэг газар ороод шөнө харих гээд явж байгаад миний гэдэс эвгүйрэхээд, би бие засах гээд далангийн доошоо яваад иртэл А, О нар хоёр залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд мөнгө асуусан чинь байхгүй гэсэн. Отгонбаяр гэдэг залуу А-г авч яваад буцаж ирэхдээ гар утсаа өгсөн байсан. Утсаа өгснийг нь мэдээд тэр хоёр залуугаас салаад бид нар Амарболдынх руу хонохоор явсан” гэв.
Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бид 3 Жуковын тэнд хоолонд ороод, шөнө 12 цагийн үед талбайн тэнд “Мийтинг” бааранд сууж байгаад гарч явж байгаад Ганбат бие засна гээд явсан. Тэгээд өөдөөс хоёр залуу ирж байхаар нь утсаараа нэг яриулчих гэхэд байхгүй гэсэн. Тэгээд сүүлд нь Отгонбаяр гэдэг залуу Амарболдыг дуудаад гар утсаа өгсөн байсан” гэв.
Хохирогч Э.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 05 сарын 03-ны өдөр би өөрийн найз Мөнх-Идэртэй хамт ...Баянзүрх дүүргийн 6-р хороо Оюутны хотхоны баруун талд байрлах далан дээгүүр явж байтал бид 2-н зам дээр үл таних 2 залуу сууж байгаад бид нарыг зөрөөд өнгөрөхөд бид 2-г дуудаж утсаар яриулчих гэж асуусан. Бид нарт утас байхгүй гэж хэлээд зөрөөд өнгөрсөн. Тэгээд тэд нар араас дуудаад байхаар нь бид 2 тоохгүй явж байтал тэр 2 залуутай хамт явж байсан бололтой нэг залуу доор далангаас бид нарыг зам тосоод гараад ирсэн. Харин нөгөө 2 залуу өөр нэг залуугийн хамт ардаас хүрч ирсэн...дээгүүрээ хөх яак өмссөн залуу бид 2-т хандан утсаар яриулсангүй гэж уурлаад хэл амаар доромжлоод намайг 2 удаа нүүр лүү алгадаж, цээж, мөр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон...чиний халаасыг нэгжээд 20000 төгрөгнөөс үнэтэй эд зүйл гарвал авна шүү гэж хэлсэн. Мөнх-Идэр бид 2 хоёр талд хоёр өөр залуучуудтай маргалдаж байтал надтай юм ярьж байсан цагаан цамцтай залуу нь эхлээд намайг нэг удаа миний гэдсэн тус газарт цохисон. Тэгээд тэр залуу намайг нэгжих гээд байхаар нь би өөрийн Ай фоне 5эс загварын гар утсаа гаргаж ирээд май энэ гар утсыг ав бид 2-г зүгээр явуулчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх –ийн 17-18/,
Гэрч И.Мөнх-Идэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 02 цагийн үед найз Э.Отгонбаярын хамт Баянзүрх дүүргийн 6-р хороо Оюутны өргөө хотхоны баруун талын далангийн хажууд явж байхад үл таних 3 залуу сууж байсан...Гэтэл 2 дугаартай залуу нь надтай уулзаж намайг “мөнгө эд зүйлээ өг, би зөөлхөн яриад байна уу гээд миний элэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь надад бэлэн мөнгө алга, гэхдээ дансанд 20000 төгрөг байгаа, би ATM ороод данснаасаа 20000 төгрөг аваад өгье гэхэд тэр залуу ATM орохгүй гэсэн. Тэр үед 4 дугаартай залуу нь нэлээд согтчихсон, өөрийн хийж байгаа үйлдлээ мэдэхгүй, далангийн хашлага дээр суугаад байсан. Энэ залуу нь намайг ямар нэгэн байдлаар зодож, надтай юм ярьж мөнгө нэхээгүй юм. ...манай найз Э.Отгонбаяр ай фоне 5 эс маркийн гар утсаа гаргаж өгөхөд 6 дугаартай залуу нь манай найзын утсыг авчихаад - дэлгэцний код, ай клоуд кодоо өг гэж хэлэхэд манай найз хэлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-27/,
Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны далан дээр бид ярилцаж байгаад бариа хийж хүн дээрэмдэх үү гэж ярилцаад дээрэмдэхээр шийдсэн. Энэ үед 03 цаг 40 минутын үед байхаа далан дагаад хоёр залуу орж ирээд бид нарын хажуугаар зөрөөд явсан...А дуудсан чинь тэр хоёр залуу дороо зогссон. Бид дөрөв явж очоод тэр хоёр залуугаас мөнгө асуусан чинь мөнгө байхгүй гэж хэлсэн. Энэ үед нь би утсаа гаргаж өгсөн залуутай хамт явж байсан залууг нь нэг удаа элэг рүү нь цохисон. Энэ үед нөгөө залуу нь А-ыг хоёулаа уулзъя гэж хэлээд дагуулаад явсан. Удалгүй А тэр залуугийн хар өнгийн ай фоне-5 эс маркийн гар утсыг барьчихсан ирсэн. Тухайн гар утсыг А авсан А-д байгаа байх, би сайн мэдэхгүй байна. Цагаан өнгийн ай фоне-5 эс маркийн гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч Н.Далайцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...төв замаа дагаад алхаж явсаар байгаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Арслантай гүүрний зүүн талын далан руу орсон. Далан ирээд миний дотор муухайраад бөөлжөөд байж байтал пиво барьсан хоёр залуу далангаар явахад Г, А, О гурав тэр хоёр залууг дуудаад араас хөөгөөд гүйсэн би байшингийн доод хэсэгт бөөлжиж байтал хэсэг хугацааны дараа А явъя гээд тэр гурав над дээр ирсэн. Тухайн үед А цагаан өнгийн ай фоне-5 эс маркийн гар утас барьчихсан ирсэн. Би ямар учиртай утас байсныг мэдээгүй, бид дөрөв буцаад талбайн урд талд байрлах Мийтэнг баарны үүдэнд очоод А-ын гэрт очиж амрахаар болоод явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сэлбийн далан дээр очсон. Далан дээр юм яриад сууж байтал далангаар пиво барьсан хоёр залуу гарч ирсэн. А бид хоёр дуудаад утсаараа яриулаач гэсэн чинь утас байхгүй гэж хэлсэн. Энэ үед А гар утсаа өгсөн залуутай хамт явж байсан залууг алгадаад байсан. Би хажуугаас нь алгадаж авах гэтэл А одоо яахын бэ гээд намайг болиулсан. Энэ үед А-д гар утсаа өгсөн залуу нь өөрөө дуудаад хоёулаа ийшээ ай фоне-5 маркийн гар утсыг нь барьчихсан ирсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Яллагдагч И.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О, Г бид 3 тэр 2 залуугаас “утсаараа ганц яриулаач гэхэд”, тэр хоёр залуу утас байхгүй байна гэсэн. Тэгэхэд нь О “мөнгө байна уу” гэж асуухад тэр 2 залуу байхгүй гэж хэлсэн. Тэгээд О худлаа яриад бай пизда минь гээд хохирогч нь Отгонбаярын найз Мөнх-Идэр гэх залууг цээж рүү нь нэг удаа цохисон. О ахиж нүүр рүү цохих гэж далайхад нь би нүүр рүү цохиж яах юм бэ гэж хэлээд гарыг нь барьж авсан. Би тэр хоёроос мөнгө нээрэй байхгүй юм уу гэж асуусан. Г бид хоёр хохирогч гэх Отгонбаяр гэх залууг нь дуудаж нөгөө найзаас нь салгаад “мөнгө байвал гаргаад өгчих” гэсэн чинь тэр залуу байхгүй байсан мөнгөөрөө ганц пиво авчихаад явж байна гэсэн... хохирогч Отгонбаяр гэх залуу намайг хоёулаа нэг уулзъя гэж дуудсан. Тэгээд би очиж уулзахад надад айфон 5 л байна энийг авчих, тэгээд бид хоёрыг явуулчих гээд утасныхаа нүүрний кодыг гаргаж өгсөн...хохирогчоос авсан гар утсыг манай найзууд зарна гэж ярьж байсан ба би утсыг зарахгүйгээр өөрийн 89477703 дугаарын сим картыг хийж утсыг өөртөө ашиглаж байсан ба хэрэг болсон үеэс хойш Г бид хоёр хотод байсан, харин Далайцэрэн, О хоёр Төв аймаг руу явсан...Нийслэлийн цагдаагийн газарт очиж уулзаад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчийн гар утсыг хураалгаж байсан. Хохирогч Э.Отгонбаярт утсыг нь хүлээлгэн хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэн /хх-ийн 69-71/,
Яллагдагч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...арслантай гүүрнээс урагш гол дагасан замаар алхаад явж байтал ардаас 2 залуу ирж байсан бөнөөд би “бөөнөөрөө энэ хоёрыг хүлээж байгаад бариа хүүх үү” гэхэд Г, А хоёр тэгье гэж хэлсэн тэр үед Далайцэрэн хана дагасан сараалжны хажууд бөөлжөөд сууж байсан болохоор бид нарын дээрэм хийх талаар ярьсан яриаг сонсоогүй. Тэгээд нөгөө 2 залууг дөхөж ирэхэд бид дөрөв дөрвүүлээ зогсож байгаад А, Г бид 3 тэр 2 залуугаас “утсаараа ганц яриулаач гэхэд” тэр хоёр залуу утас байхгүй байна гэсэн. Тэгэхэд нь би “мөнгө байна уу” гэж асуухад тэр 2 залуу байхгүй гэсэн. Тэгээд би “худлаа яриад бай, пизда минь гээд хохирогч Отгонбаярын найз Мөнх-Идэр гэх залууг цээж рүү нь нэг удаа цохисон...хохирогч Отгонбаяр гэх залуу А-г дуудаад хоёулаа нэг уулзъя гэж дуудсан. Тэр үед Отгонбаяр А-д утас гаргаж өгч байсан...манай эгч болох Оюундарийн 95100416 дугаарын утас руу үалгаж намайг дуудсан учир би Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр очиж уулзаад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчийн гар утсыг хураалгасан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна, дахиж гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76/,
Яллагдагч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд нөгөө 2 залууг дөхөж ирэхэд бид дөрөв дөрвүүлээ зогсож байгаад А, Г бид 3 тэр 2 залуугаас “утсаараа ганц яриулаач гэхэд” тэр хоёр залуу утас байхгүй байна гэсэн. Тэгээд О нэг цохих шиг болсон гэхдээ хэнийг нь цохисныг нь анзаараагүй...хохирогчоос авсан гар утсыг нь зарна гэж ярьж байсан ба утсыг нь А-д үлдээсэн. А бид хоёр хотод байсан, харин Далайцэрэн, О хоёр Төв аймаг руу явсан. 2019 оны 5 дугаар сарын 20-ны үед цагдаагийн газраас А,,,,,, дугаарын утаснаас залгаж дуудсан учир нь Нийслэлийн цагдаагийн газарт очиж уулзаад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчийн гар утсыг хураалгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-53/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 57/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 67/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн мөрдөгчийн санал /хх-ийн 63/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37, 40, 45/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 41, 38/, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч И.А, Г.О, Ж.Г нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Оюутны өргөө хотхоны орчим далангийн ажууд иргэн О.Отгонбаярын нүүр, гэдэс тус газар нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, Ай фоне 5 эс загварын гар утсыг дээрэмдэн авсан болох нь
Хохирогч Э.Отгонбаярын: "...2019 оны 05 сарын 03-ны өдөр би өөрийн найз Мөнх-Идэртэй хамт ...Баянзүрх дүүргийн 6-р хороо Оюутны хотхоны баруун талд байрлах далан дээгүүр явж байтал бид 2-н зам дээр үл таних 2 залуу сууж байгаад бид нарыг зөрөөд өнгөрөхөд бид 2-г дуудаж утсаар яриулчих гэж асуусан. Бид нарт утас байхгүй гэж хэлээд зөрөөд өнгөрсөн. Тэгээд тэд нар араас дуудаад байхаар нь бид 2 тоохгүй явж байтал тэр 2 залуутай хамт явж байсан бололтой нэг залуу доор далангаас бид нарыг зам тосоод гараад ирсэн. Харин нөгөө 2 залуу өөр нэг залуугийн хамт ардаас хүрч ирсэн...дээгүүрээ хөх яак өмссөн залуу бид 2-т хандан утсаар яриулсангүй гэж уурлаад хэл амаар доромжлоод намайг 2 удаа нүүр лүү алгадаж, цээж, мөр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон...чиний халаасыг нэгжээд 20000 төгрөгнөөс үнэтэй эд зүйл гарвал авна шүү гэж хэлсэн. Мөнх-Идэр бид 2 хоёр талд хоёр өөр залуучуудтай маргалдаж байтал надтай юм ярьж байсан цагаан цамцтай залуу нь эхлээд намайг нэг удаа миний гэдсэн тус газарт цохисон. Тэгээд тэр залуу намайг нэгжих гээд байхаар нь би өөрийн Ай фоне 5эс загварын гар утсаа гаргаж ирээд май энэ гар утсыг ав бид 2-г зүгээр явуулчих гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч И.Мөнх-Идэрийн: “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 02 цагийн үед найз Э.Отгонбаярын хамт Баянзүрх дүүргийн 6-р хороо Оюутны өргөө хотхоны баруун талын далангийн хажууд явж байхад үл таних 3 залуу сууж байсан...Гэтэл 2 дугаартай залуу нь надтай уулзаж намайг “мөнгө эд зүйлээ өг, би зөөлхөн яриад байна уу гээд миний элэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь надад бэлэн мөнгө алга, гэхдээ дансанд 20000 төгрөг байгаа, би ATM ороод данснаасаа 20000 төгрөг аваад өгье гэхэд тэр залуу ATM орохгүй гэсэн. Тэр үед 4 дугаартай залуу нь нэлээд согтчихсон, өөрийн хийж байгаа үйлдлээ мэдэхгүй, далангийн хашлага дээр суугаад байсан. Энэ залуу нь намайг ямар нэгэн байдлаар зодож, надтай юм ярьж мөнгө нэхээгүй юм. ...манай найз Э.Отгонбаяр ай фоне 5 эс маркийн гар утсаа гаргаж өгөхөд 6 дугаартай залуу нь манай найзын утсыг авчихаад - дэлгэцний код, ай клоуд кодоо өг гэж хэлэхэд манай найз хэлж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нар нь бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.А, Ж.Г, Г.О нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А, Г, О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.А, Ж.Г, Г.О нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар И.А, Ж.Г, Г.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, И.А, Ж.Г, Г.О нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.А, Ж.Г, Г.О нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР