Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00642

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргаж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01680 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 17,988,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай ******* ХХК 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* компаниас Toyota Harrier маркийн *******УАЕ улсын дугаартай, ******* арлын дугаартай автомашиныг ******* ХК-ийн зээлээр худалдан авч, ******* ХК-ийн тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалаар автомашинаа 53,000,000 төгрөгөөр даатгуулсан.

Ингээд гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж жил бүр гэрээний сунгалтаа хийлгүүлж ирсэн. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн *******, ийн зам дагуу дэлгүүрийн хажуу кармайнд зогсож байх үед араас Toyota prius маркийн автомашин мөргөсний улмаас 35,021,000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон.

...Автомашинд учирсан хохирол 35,021,000 төгрөг болсон хэдий ч буруутай этгээд болох ын жолоочийн хариуцлагын даатгалаас 4,032,900 төгрөг, нь 13,000,000 төгрөг, нийт 17,032,900 төгрөгийг төлсөн учир даатгагчаас гуравдагч этгээдийн төлсөн төлбөрийг хасаж 17,988,100 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд, даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл тохиолдсон болохыг Цагдаагийн байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо баталсан даатгуулагчид учирсан бодит хохирол болох 17,988,100 төгрөгийг хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Даатгагчийн зүгээс дээрх осол, хохирол нь бусдын буруутай үйлдлийн улмаас үүссэн гэдэгтэй маргаагүй боловч Мандал Даатгал ХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр хамгаалахаар тусгаагүй шалтгааны улмаас хохирол учирсан гэж үзсэн.

Учир нь, Даатгалын гэрээний 2.5.а Зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл: Мөргөх, шүргэх эрсдэлийг хамгаалахаар заасан бөгөөд гэрээний 7 дугаар зүйл Нэр, томьёо: 7.15-т Зогсоол тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад болохооргүй байршуулах боломжтой бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хориглосноос бусад зам, талбайг зогсоол гэж ойлгохоор тайлбарласан байдаг. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлд Түр ба удаан зогсох зохицуулалтыг тодорхойлсон бөгөөд 14.8-д Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно, 14.8.в чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) гэж зохицуулсан байдаг тул даатгуулагчийн жолооч нь чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр түр зогсохыг зөвшөөрсөн шөнийн цагаар бус өдрийн цагаар дэлгүүр орох зорилгоор зогсох үйлдэл хийсэн байхад тус хохирол учирсан байх тул даатгалын гэрээгээр хамгаалахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.

Иймд, талуудын хооронд байгуулсан №18003655101746 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Дөрөв. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд 4.2 Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол, 4.3 Даатгуулагч эсвэл жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн ..., болон Даатгалын тухай хуулийн 8.5 Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар ******* ХК-иас нөхөн төлбөрт 17.988.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 247.890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүхээс жолооч г тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр байршуулах боломжтой талбайд байршуулсан байх үед учирсан хохирол байх тул гэрээний эрсдэлд хамаарна гэж дүгнэсэн боловч жолооч нь чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах байршил буюу чиглэлийн тээврийн хэрэгсэл тус байршил зогсож зорчигч буулгах суулгах зориулалт бүхий чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр байршуулсан байх үед учирсан хохирол тул гэрээнд хамаарах эрсдэл гэж үзэж боломжгүй юм.

Мөн Хавтаст хэрэгт авагдсан баримт болох цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт жолооч дэлгүүр орох зорилгоор чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож байсан тухай дурдсан байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 14.8. Дараахь тохиолдолд түр зогсохыг хориглоно: г/ чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ болон унадаг дугуйн эгнээнд; в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) гэх заалтыг зөрчиж зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах байршил болон Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон байршилд авто тээврийн хэрэгслээ байршуулсан байх үед хохирол учирсан байх тул гэрээний эрсдэлд хамаарах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээг өөрөөр тайлбарласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01680 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* ХХК нь ******* ХК-тай тээврийн хэрэгслийн лизингийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулсан бөгөөд даатгалын компаниас 100 хувийн иж бүрэн даатгал гэж тайлбарласан. Даатгалын эрсдэлд бүх төрлийн эрсдэл буюу жолоочийн буруутай үйлдэл болон гуравдагч этгээдийн учруулсан хохирлоос үл хамааран бүх хохирлыг нөхөн төлөх 100 хувийн иж бүрэн даатгал гэж бидэнд хэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байрлуулсан болохыг тухайн ослын газрын бүдүүвч зураг болон гар утсаараа бэхжүүлэн авсан осол болсон үеийн бичлэгээс харж болно. Үүнийг шаардлагатай тохиолдолд үзэж болно. Бусдын хөдөлгөөнд саад учруулаагүй бөгөөд тухайн зам тээврийн осол нь чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулснаас үүссэн хохирол биш тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 17,988,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. ******* ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* ХК-тай даатгалын гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Тоёота хариер маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар тохирч, даатгалын хураамжид 530,000 төгрөг төлсөн байна. /х.х-ийн 5, 147/

 

Тодруулбал, зохигчийн байгуулсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийг үзвэл тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож байх болон оролцоогүй үед тохиолдсон даатгалын тохиолдол бий болсноос хохирол учирсан бол нөхөн төлбөр олгох бөгөөд энэхүү даатгал нь Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар сайн дурын даатгалын төрөл-д хамаарна.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч гэрээнд заасан даатгалын тохиолдол мөн эсэхийг буруу тогтоож, нөхөн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар даатгуулсан уг Тоёота хариер маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь жолоодон явж байхдаа 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн *******, ийн худалдааны төвийн баруун автобусны буудалд өдрийн 12 цаг 40 минутад түр зогсоон байршуулсан үед Тоёота приус маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан араас нь мөргөж нийт 35,021,000 төгрөгийн хохирол учруулсан байна. /х.х-ийн 6-11/

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, түүнчлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн зөрчлийг хянан шийдвэрлэсэн баримтаас ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоож, улмаар түүний жолоочийн хариуцлагын даатгалын даатгагчаас нөхөн төлбөрт 4,032,900 төгрөгийг, мөн тэрээр 13,000,000 төгрөгийг тус тус ******* ХХК-д төлжээ. /х.х-ийн 78-129/

 

5. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулга /нөхцөл/-ыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй боловч энэ нь гагцхүү хуулийн хүрээнд байх учиртай.

 

Зохигчийн байгуулсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зогсоолд байх үед гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл буюу мөргөх, шүргэх, биет зүйлд мөргүүлэх, зурах, сэвтүүлэх тохиолдолд үүнийг даатгалын тохиолдол мөн гэж үзэж, гэрээний 7 дугаар зүйлийн 7.15-д зогсоол гэдэгт тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр байршуулах боломжтой бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хориглосноос бусад зам, талбайг гэж тодорхойлжээ.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Дараахь тохиолдолд түр зогсохыг хориглоно гээд В-д чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) гэж заасан.

 

Тодруулбал, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд зөвхөн 22:00 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрсөн бөгөөд бусад тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал, явган болон нийтийн тээврээр зорчих зорчигч нар /замын хөдөлгөөнд оролцогч/-ын аюулгүй байдалтай холбоотойгоор тийнхүү хориглосон агуулгатай байна.

 

Анхан шатны шүүх уг Тоёота хариер маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь дээрх хориглосон зохицуулалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд өдрийн 12 цаг 40 минутад автомашиныг зогсоосон байхад үүнийг гэрээгээр тохирсон буюу тээврийн хэрэгслийг бусдын хөдөлгөөнд саад болохооргүй байршуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

6. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаанд жолооч г Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэжээ. /х.х-ийн 122/

 

Өөрөөр хэлбэл, Тоёото приус маркийн УНА тоот улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь ******* ХХК-ийн эзэмшлийн Тоёота хариер маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж гэм хор учруулсан боловч уг тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь хориглосон газар тээврийн хэрэгслийн байршуулсан.

 

Үүнээс үзвэл ******* ХХК нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тээврийн хэрэгсэл /онцгой объект/-ийн эзэмшигчийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримтлах үүрэгтэй ба чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд түр зогсохыг зөвшөөрөөгүй цагт байршуулснаар зам тээврийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлжээ.

 

7. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тус тус заасан.

 

Мөн энэ талаар зохигчийн байгуулсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гээд 4.3-т Даатгуулагч, эсхүл жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэжээ.

 

Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.5-д тус тус заасныг үзвэл зохигч нар тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн зогсоолд байх үед гуравдагч этгээдийн зүгээс мөргөх, шүргэх, зурах, сэвтүүлэх тохиолдолд даатгалын тохиолдол мөн гэж, харин даатгуулагч нь санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр зөвшөөрөгдөөгүй газарт түр байршуулснаас даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах агуулгатай байна.

 

Тиймээс даатгуулагч ******* ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь тус компанийн тээврийн хэрэгсэлд гэм хор учрах нөхцөл байдлыг шууд үүсгээгүй боловч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зөвшөөрөгдөөгүй газар тээврийн хэрэгслийг байршуулснаар зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байх тул үүнийг даатгалын тохиолдолд хамааруулах нь учир дутагдалтай байна.

 

8. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3/2060 тоот албан бичгээр даатгагч ******* ХК-д даатгуулагч ******* ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгохыг мэдэгдсэн нь шүүхийн журмаар гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд даатгагчаас нөхөн төлбөрийг гаргуулах эсэхийг шийдвэрлэхэд шууд баримтлах нотлох баримт биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авахгүй. /х.х-ийн 14/

 

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар даатгагч, даатгуулагч нарын хооронд үүссэн маргааныг тэдгээрийн гомдлоор шийдвэрлэх эрхтэй боловч тухайн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөнтэй холбоотой талуудын маргааныг шүүх нотлох баримтад үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.

 

9. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01680 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан хариуцагч ******* ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 17,988,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР