Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00555

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103/ШШ2025/00123 дугаар шийдвэртэй

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2023/00358 дугаартай захирамжаар хариуцагч *******аас 360,000,000 төгрөг, ******* ХХК-иас 250,250,000 төгрөг нийт 610,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* ХХК-ийн өмчлөлийн, ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* гэх газарт байрлалтай улсын бүртгэлийн ******* дугаартай жуулчны баазын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 50,000 м.кв талбай бүхий эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.

3.1. Уг шүүгчийн захирамжийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШШ2023/01877 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 103/ГХ2023/00363 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өдөр үүсгэжээ.

3.2. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* гэх газарт байрлалтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 1,080 м.кв талбай бүхий жуулчны баазын зориулалттай 2 давхар барилга, 40 м.кв талбай бүхий зуны модон сууц 3 ширхэг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 50,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг тус тус битүүмжилж, дээрх хөрөнгүүдийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хураан авсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

3.3. *******ээс үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн төлөөлөгч *******аас барьцааны зүйлийг 2,500,000,000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасныг төлбөр авагч ******* зөвшөөрөөгүй тул түүний шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 23320516/10 дугаар тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

 

4. Анхан шатны шүүх ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/65 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

4.1. ХХК-ийн үнэлгээний тайланд ******* аймаг, Цэнхэр сум, 2 дугаар баг, 50,000 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын тохируулагдсан нэгж талбайн үнийг 5,000 төгрөгөөр гэж дурдсан атлаа нийт талбайн үнийг 255,641,100 төгрөг гэж алдаатай тодорхойлсон.

4.2. Түүнээс гадна шүүх хуралдаанд оролцсон шинжээч нь тухайн газрын 1 м.кв талбайн үнэ 6,000 төгрөг байсан, үүнийг байршлын итгэлцүүрээр 7,000 төгрөг болгож өсгөж тохируулсан гэж тайлбарласан нь өөрийн гаргасан дүгнэлтээс зөрүүтэй болжээ. Өөрөөр хэлбэл, шинжээчийн гаргасан тайлбараар дээр дурдсан 50,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх 350,000,000 /50,000*7,000/ төгрөг болж байна. Энэ нь хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан үнийн дүнгээс 94,358,900 төгрөг /350,000,000-255,641,100/ төгрөгийн хэмжээгээр зөрүүтэй байна.

Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д бодитой байх, 8 дугаар зүйлийн 8.1-д ...үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна., 8.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэн, газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс томилсон шинжээч нь газрын 1 м.кв талбайн үнийг зөрүүтэйгээр үнэлснээр үнэлгээ буруу тогтоосон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* гэх газарт байрлалтай, 1,080, 150 м.кв талбайтай жуулчны баазын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй, 50,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг нийт 981,241,212 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103/ШШ2025/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлийн, ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* гэх газарт байрлалтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 1,080 м.кв талбай бүхий жуулчны баазын зориулалттай 2 давхар барилга, 40 м.кв талбай бүхий зуны модон сууц 3 ширхэг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 50,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг нийт 981,241,212 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай. гэж ,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА