Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогч Б.Байгалмаа,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан н-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01897 0922 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Н, 1979 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникийн инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 065 дугаар цэргийн ангид удирдлагын офицер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 03 дугаар хороо, ажилчны гудамж 80/4 дүгээр байрны 90 тоотод оршин суух хаягтай, улсаас “Энхийн төлөө, Дайчин Алдар-2, Дайчин Алдар-3, Эх орны төлөө-3, Африкт энхийн төлөө, Афганистанд энхийн төлөө”, зэрэг медалиудаар шагнагдаж байсан, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар ял шийтгүүлсэн, /

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний 065 дугаар ангид иргэн Б.Байгалмааг цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон,

Мөн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний 065 дугаар ангид иргэн Б.Байгалмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие зэвсэгт хүчний 065 байрны төв командын байрны жижүүрээр хоёр жилийн хугацаанд ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд Байгалмаатай ээлж таарч ажилладаг байсан. Мэдээж анги захирагч, захирагчийн орлогч, төв командын салбартай. Надаас гадна 3 жижүүр жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Тасгийн дарга салаан захирагч гээд олон офицер ахлагч нарыг хариуцан ажилладаг. Тухайн үед 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Би өглөө нь ажлыг гүйцэтгүүлэх үүрэг шаардлагыг тавьдаг. Гал тогтоонд болсон асуудал бол би их бухимдалтай ажиллаж байсан учир нь хүмүүс ажлаа хийхгүй байсан болохоор ажлаас болж маргаан гарсан. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Байгалмаагийн биед хөнгөн хохирол учруулснаа зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Байгалмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө ажил үүргээ хүлээж авсан. Тухайн өдөр миний шүд өвдсөн байсан. Тухайн үед оператив жижүүрт хандаж хэлээгүй байж байгаад тасгийн захирагчдаа миний шүд өвдөөд байна гэж хэлсэн. Оператив жижүүр надад үндсэн үүргээ өгсөн. Тухайн үедээ шүд хэдийгээр өвдөж байгаа боловч албан үүргээ биелүүлээд самбарынхаа ард сууж байсан. Өдөр 13 цагийн үед шүд маань өвдөөд эвхрээд хажуу талын самбарынхаа ард хэвтэж байхад оператив жижүүр үндсэн үүргээ хийхгүй байна гэж зэмлэсэн. Гэхдээ намайг командын байранд элдэв бусаар хэлээгүй. Тэгээд өдөр өнгөрөөд оройн хоолны цаг дээр цайны газар маргаан болсон. Миний хувьд хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ажлаа хийж чадахгүй пизда гэж хэлэхээр нь би чи яагаад намайг пизда гэж хэлж байгаа юм гэж хэлээд хоорондоо маргалдсан. Нямсүрэн над руу эхлээд сэрээ шидсэн би зөрүүлээд сав шидэхэд намайг ирээд боогоод өргөөд байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч В.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н хошууч хоол идэж байсан халбага юм уу сэрээгээ авч шидсэн. Байгальмаа зөрүүлээд кетчуп авч шидсэн. Нямсүрэн хошуучийн уур нь хүрсэн бололтой босч очоод Байгалмааг заамдаж аваад өргөөд хананд тулгаад сэгсэрсэн. Хананд цохихдох чимээ 2-3 удаа гарсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч Д.Хажидмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н хошууч идэж байсан хоолныхоо халбага ом уу сэрээгээр Байгальмаа руу шидсэн оносон үгүйг нь хараагүй. Зөрүүлээд Байгальмаа хоосон кетчупны сав аваад шидсэн. Н яаж байна гэж хэлээд эосч ирээд Байгальмааг хоёр гараараа заамдаж аваад хананд шахаад хоёр удаа хана мөргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Д.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөн цэргийн дүрмээрээч тэр ажил үүргийн хувиараараа ч тэр үүрэг өгөх албан тушаалтан мөн. Байгалмаагийн үүрэг бол агаарын цагийн байдлын мэдээг самбарт буулгах үүрэгтэй алба хаагч. Манай харъяа анги салбаруудаас онгоцны маршрутын байрлалтай мэдээлэл дадлага маягаар өдөрт 2-3 удаа ирдэг Байгалмаа түүнийг самбарт буулгах ёстой түүнийг оперативын жижүүр Н шалгах ёстой тэр дадлагын дүнгээр салбаруудыг дүгнэдэг...цэргийн дүрмэндээ захирагдагч нь захирагчийнхаа үүргийн биелүүлнэ гэж байгаа тухайн өдөр Н командын байрыг хариуцаж байгаа учир Байгалмаад үүрэг тавих эрхтэй...ер нь ангийн бүх ажил цэргийн дүрмээр явна цэргийн дүрмээс гажихгүй...Нямсүрэн тухайн өдрийн 24 цагийн хугацаанд жижүүрлэлтийн ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

Яллагдагч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... мөн цэргийн дүрмээрээ ч ажлын байрны тодорхойлолтоорооч хариуцаж ажиллана. Нэг ээлжинд жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд би командын байранд 20 орчим хүнийг мөн давхар салбаруудыг хариуцаж гардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3210 тоот дүгнэлтэд:
           1. 2 Б.Байгалмаагийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 20/, зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай тоот албан бичиг /хх-ийн 21/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн оперативын жижүүргийн ажил байрны тодорхойлолт, Д.Нямсүрэнгийн ажил байдлын тодорхойлолт /хх-57-64/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Д.Н-г 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний 065 дугаар ангид иргэн Б.Байгалмааг цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Н нь цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон болох нь нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Н нь хохирогч Д.Байгалмаатай ажлын шаардлага тавьж хийх ёстой ажлыг хийхгүй байна гэж ажлын бус орчинд буюу цайны газар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд уг үйлдлийг цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон гэж үзэхгүй юм. Иймд шүүгдэгчийн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэл буюу гэмт хэргийн шинжгүй гэх үйлдлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний 065 дугаар ангид иргэн Б.Байгалмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Байгалмаагийн: “...ажлаа хийж чадахгүй пизда гэж хэлэхээр нь би чи яагаад намайг пизда гэж хэлж байгаа юм гэж хэлээд хоорондоо маргалдсан. Нямсүрэн над руу эхлээд сэрээ шидсэн би зөрүүлээд сав шидэхэд намайг ирээд боогоод өргөөд байсан. ” гэсэн мэдүүлэг,

Гэрч В.Эрдэнэбаатарын: “...Н хошууч хоол идэж байсан халбага юм уу сэрээгээ авч шидсэн. Байгальмаа зөрүүлээд кетчуп авч шидсэн. Н хошуучийн уур нь хүрсэн бололтой босч очоод Байгалмааг заамдаж аваад өргөөд хананд тулгаад сэгсэрсэн. Хананд цохихдох чимээ 2-3 удаа гарсан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Байгалмаа нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Н-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.Н-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Н-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР