Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 3-р баг Гандангийн 84 тоотод оршин суух Боржигон овогт Жаргалсайханы Энхзолбоо /РД:МЗ92121714, утас:96818140/-ын нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 7-р баг Нарангийн 18 тоотод оршин суух Дөрвөд овогт Ядамсүрэнгийн Нямжав /РД:МЕ68083067, утас:99400145/-д холбогдох

 

            Халамжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Энхзолбоо, хариуцагч Я.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ж.Энхзолбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хүнээс 2015 оны 08 дугаар сард халамжийн дэвтрээ өгөн 20 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Аргагүйн эрхэнд л авсан. Би гэрээтэйгээ уншиж танилцаагүй гарын үсэг зурчихсан. Надад нэг хувийг өгөөгүй. Бид  хоёр 5, 6 хоног утсаар яриад гэрт нь нэг уулзаад 600.000 төгрөг авсан. Гэрээний хугацааг 02 жил гэх юм. Надад тийм баталгаа байхгүй. Би сая 4 сард уулзаад 6500 төгрөг илүү гарч байна. Тэрийгээ авъя гэхэд Оогоо гэдэг хүн надад өртэй. Тэрний өрийг чамаас авна гэж хэлсэн. Тэгээд бид 2-н маргаан эхэлсэн. Ядаж үндсэн мөнгөнөөс 6500 төгрөг хасагдах ёстой гэхэд чиний өрнөөс хасагдахгүй гэсэн. Тэгвэл 02 жилийн дараа би дэвтрээ таниас шууд авах уу гэсэн үгүй 600.000 төгрөгөө өгч байж аваарай гэсэн. Тэгээд л  би шууд өмгөөлөгч дээр очин зөвлөгөө авсан. Одоогийн байдлаар би үндсэн 600.000 төгрөгөөс гадна 800.000 төгрөг илүү өгсөн. Нийтдээ 1.400.000 гаруй төгрөг олгогдсон байгаа. Сая 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн халамж маань нэмэгдсэн. Тэгэхээр үндсэндээ би мөнгөө төлсөн гэж үзэж байгаа. Би дэвтэрээ өнгөрсөн оны 08 дугаар сард өгсөн. Одоо бол 1.412.000 төгрөг өгсөн гэж тооцоолж байгаа. Би бол 451.000 төгрөг өгөх боломжгүй. Анхандаа би ингэж бодож байсан юм. 02 жилийн дараа би дэвтрээ шууд авна гэсэн боловч өгөхгүй, 600.000 төгрөг авч байж өгнө гэсэн. Зөвхөн хүүнд 3 сая гаруй мөнгө төлөх болчихоод байна. Энэ хүн дөнгөж надад мөнгө зээлж байгаа юм биш. 3-4 жил хүүтэй мөнгө зээлж байгаа. Гэрч ч байгаа.Би мөнгө нэмж өгөхгүй. Гэрээг бид хоёр хийсэн.Гэрээг би сайн ойлгоогүй л дээ. Одоо ч сайн ойлгохгүй байна. Би тухайн үед 01 жил халамжийн дэвтрээсээ мөнгө өгөөд л өглөггүй, авлагагүй гэж ойлгоод байгаа юм. Гарын үсгээ зурчих гэхээр нь л зурсан гэв Иймд дэвтрийг маань гаргуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

Хариуцагч Я.Нямжав шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Би 2015 оны 08 дугаар сарын 28-нд хойно ажилтай байсан. Тухайн үед Энхзолбоо над руу 4, 5 удаа утасдаад мөнгө зээлье гэсэн. Түүнээс жилийн өмнө дэвтрээ барьчихаад сая төгрөг авъя гээд байсан залуу байсан. Тэгээд намайг ажилтай байхад 400.000 төгрөгийг Гэрэлээд өгөөд дундаас нь 200.000 төгрөг өөрөө авсан байсан. Намайг Гэрэлээ эгчээс дэвтэр аваад 02 жилийн гэрээ хийчихдэг юм гэж өөрөө хэлж байсан. Тэгээд холбоо орж паспортын хуулгаа 1000 төгрөг төлж аван Гэрэлээ рүү орж ирсэн. Би зээл өгөх жаахан дургүй байсан юм. Та аргалаад өгчих л дөө гээд гуйгаад байсан. Би 09 дүгээр сараас эхлэн Энхзолбоогийн халамжийн дэвтрээр мөнгө авч байгаа. Энэ оны 06 дугаар сараас эхлэн халамж нь 140.000 төгрөг болсон. Илүү гээд байгаа 6.500 төгрөгийг би үндсэн мөнгөнөөс нь хасаж байгаа. Сая Энхзолбоо хэлэхдээ надад 1.400.000 төгрөг өгсөн гэж байна. Тооцоо буруу байна.Энэ бол зөвхөн хүүнд ээ төлсөн мөнгө, үндсэн төлбөрөөс 6500 төгрөгийг нь хасаж тооцоод би хүнээс 451.000 төгрөг  авчихаад дэвтрийг нь өгнө. Түүнээс надад Энхзолбоогийн дэвтрийн хэрэг байхгүй. Одоо 1.400.000 төгрөг төлсөн гээд байна. Яаж төлсөн юм. Надад мөнгө өгөөгүй ш дээ. Өөрөө хэлэхдээ би нүүрс зарж байгаа. Тэгээд төлчихнө л гэж хэлж байсан.600.000 төгрөг аваад хэрэглэсэн юм бол үлдэгдэл 451.000 төгрөгөө төлөх хэрэгтэй. Энэ мөнгө дуусангуут би дэвтрийг нь шууд өгнө. Заавал 02 жил гэхгүй ш дээ. Би хүний мөнгө төгрөг луйвардаад байдаг хүн биш. Энэ бүх мөнгө тооцоотой ш дээ. Ер нь бол 2017 оны эхээр мөнгө нь төлөгдөж дуусна ш дээ. Энхзолбоо бичиг үсэг мэдэхгүй гэсэн хэрнээ өмнө нь бас зээлийн гэрээ хийгээд зээл авч л байсан. Ингээд яваад сурсан юм биш үү гэв.Энхзолбоо өөрөө сайн бодох хэрэгтэй.Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  


Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ж.Энхзолбоо нь, хариуцагч Я.Нямжаваас халамжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар зээлийн гэрээ байгуулсан, барьцаанд нь халамжийн дэвтэр тавьсан бөгөөд хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр үндсэн төлбөр 600.000 төгрөгнөөс зээлийн гэрээний дагуу халамжийн мөнгөнөөс илүү төлөгдөж байгаа 6500 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцон одоо үлдэгдэл 451.000 төгрөг өгчихвөл дэвтэрийг нь буцаан өгөх боломжтой гэж маргаж байгаа болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд халамжийн дэвтэр барьцаалж 600.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийгдсэн байна. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд 600.000 төгрөг хүлээлгэн өгсөн байна. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад, мөн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрөө төлж барагдуулалгүйгээр барьцаанд тавьсан дэвтэрээ хариуцагчаас шаардаж байгаа нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул хариуцагчаас халамжийн дэвтэрийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Ж.Энхзолбоо нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сараас эхлэн 2016 оны 07 дугаар сар хүртэл зээлийн хүүнд сард 126500 төгрөг, нийт 1.412.000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь гэрээнд заасны дагуу зээлийн хүүнд төлөгдсөн  болох нь шүүх хуралдаан дээр зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Иймд Ж.Энхзолбоогийн нэхэмжлэлтэй Я.Нямжавт холбогдох халамжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Нэхэмжлэгч Ж.Энхзолбоо нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Энхзолбоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Нямжаваас халамжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ж.Энхзолбоо нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ