| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1194/Э |
| Дугаар | 1189 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02405 1614 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ц.Б, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа машин зардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1-6-225 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх худалдааны төвийн автомашины зогсоол дээр иргэн Б.Энхбатын нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь “хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 12- ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Баянзүрх их дэлгүүрийн 1 давхарын Хятад худалдааны төвд байрлах ажлаасаа гараад уг худалдааны төвийн автомашины зогсоол дээр цуг ажилладаг дүү Батжаргалын хамт түүний машин руу юм хийхээр очсон. Батжаргал тухайн үед огиулаад машиныхаа хажууд бөөлжсөн. Тэгээд цаашлаад дахин бөөлжөөд эргээд иртэл түүний машины хажууд зогсож байсан машинаас 25-26 насны 170 орчим өндөртэй жижиг халимагтай хэдэн ямаан сахалтай эрэгтэй гарч ирээд “муусай-гуйлгачингууд зайл архичид” гээд Батжаргалыг доромжлоод ална гээд барилцаад авахаар нь би машины нөгөө талаас нь очоод миний хүү наад хүний чинь бие муу байгаа юм, наад хүнээ орхи гэж хэлсэн. Чи муу юу юм, чамайг ч гэсэн ална шүу гээд намайг мөргөх гэж 2-3 удаа оролдлого хийсэн. Би “бид хоёр архи уугаагүй миний хүү наад ахын чинь бие муу байгаа юм” гэж би хэлсэн. Тэгээд нөгөө банди Батжаргал бид хоёрыг нэг нэг гараараа заамдаж барьж байснаа гэнэт миний нүүр лүү мөргөөд автал хамарнаас цус тогтохгуй маш их гарсан...Цагдаа дээр ирээд шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг аваад шууд гэмтлийн эмнэлэг яваад үзүүлээд хамартаа боолт хийлгээд гадаа байсан хувийн эмнэлэгт томографикийн зураг авахуулаад эргээд шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Хамрын яс хугарч цөмөрсөн. 1-6 сарын дотор хагалгаанд ор гэсэн...65-37 УБЯ дугаартай приүс-20 маркийн машин байсан..." гэх мэдүүлэг /хх 13-14/,
Гэрч Л.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би ажлын байрнаасаа гараад дуудлаганд явах гээд машин руугаа алхаж байтал дотор муухай оргиод 2 машины дунд бөөлжсөн. Гэтэл хар өнгийн приүс 20 маркийн машин дотроос нэг залуу цонхоороо “зайлаач, хол явж бөөлж заваан амьтан, муусайн архичид чинь” гэхээр нь би “бие муудаад бөөлжчихлөө, уучлаарай” гээд машинаа онгойлгох гэтэл дахиад бөөлжсөн. Тэгтэл нөгөө залуу машинаасаа бууж ирээд архичид минь зайлаач гэж хэлээд намайг заамдаж нүүр лүү цохисон. Тэгтэл Энхбат ах болиоч гээд бид хоёрын дундуур ороод салгахад Энхбат ахыг татаад нүүр лүү нь мөргөхөд Энхбат ах доошоо нүүрээ дараад суусан....25 орчим насны өндөр туранхай залуу байсан...Энхбат ахын хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Надад нүүр орчим жижиг шалбарсан байсан, сүртэй гэмтэл байгаагүй, Энхбат ахын хамар хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Ц.Уяралт-Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай дүү болон түүний эхнэр, манай ээж бид хэд манай ажиллуулдаг Солонгос барааны дэлгүүр орсон. Тэр үед миний машин дотор дүү Бат-Уянга хүүхдийнхээ хамт үлдсэн. Дэлгүүр ороод удаагүй байж байтал дүү надруу залгаад тасалтал би юу болсон юм бол гэж бодоод гүйгээд гараад иртэл 2 өвөө манай дүүг барьчихсан байхаар нь нэг өвөөг нь татаад “наад хүн чинь гар муутай, нялх хүүхэдтэй явж байна” гэж хэлээд дүүгээс холдуулсан. Тэгтэл нөгөө 2 өвөө цагдаа дуудна гэхээр нь тэг тэг гэчихээд яваад өгсөн...нэг өвгөнийх нь хамарнаас цус гарсан байсан өөр зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Яллагдагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... нэг ахын хамарнаас цус гарсан, өөр гэмтэл байгаагүй, мөргөснөөс өөр үйлдэл хийгээгүй...шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Хамарт нь гэмтэл учирсан байсан, хэргээ түргэн шуурхай шийдүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4617 тоот дүгнэлтэд:
1. Б.Энхбатын биед хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 27/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх худалдааны төвийн автомашины зогсоол дээр иргэн Б.Энхбатын нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь “хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Энхбатын: “...2019 оны 04 дүгээр сарын 12- ны өдөр 15 цагийн орчим ...машины хажууд зогсож байсан машинаас 25-26 насны 170 орчим өндөртэй жижиг халимагтай хэдэн ямаан сахалтай эрэгтэй гарч ирээд “муусай- гуйлгачингууд зайл архичид” гээд Батжаргалыг доромжлоод ална гээд барилцаад авахаар нь би машины нөгөө талаас нь очоод миний хүү наад хүний чинь бие муу байгаа юм, наад хүнээ орхи гэж хэлсэн. Чи муу юу юм, чамайг ч гэсэн ална шүу гээд намайг мөргөх гэж 2-3 удаа оролдлого хийсэн. Би “бид хоёр архи уугаагүй миний хүү наад ахын чинь бие муу байгаа юм” гэж би хэлсэн. Тэгээд нөгөө банди Батжаргал бид хоёрыг нэг нэг гараараа заамдаж барьж байснаа гэнэт миний нүүр лүү мөргөөд автал хамарнаас цус тогтохгуй маш их гарсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Батжаргалын: “...хар өнгийн приүс 20 маркийн машин дотроос нэг залуу цонхоороо “зайлаач, хол явж бөөлж заваан амьтан, муусайн архичид чинь” гэхээр нь би “бие муудаад бөөлжчихлөө, уучлаарай” гээд машинаа онгойлгох гэтэл дахиад бөөлжсөн. Тэгтэл нөгөө залуу машинаасаа бууж ирээд архичид минь зайлаач гэж хэлээд намайг заамдаж нүүр лүү цохьсон. Тэгтэл Энхбат ах болиоч гээд бид хоёрын дундуур ороод салгахад Энхбат ахыг татаад нүүр лүү нь мөргөхөд Энхбат ах доошоо нүүрээ дараад суусан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Бат-Уянгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Энхбат нь гомдол саналгүй, хохирол төлбөр авсан нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Ц.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР