| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/05069/И |
| Дугаар | 210/МА2025/00522 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00522
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00565 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 17,466,600 төгрөг, алданги 2,305,591 төгрөг, хохиролд 39,345,657.88 төгрөг, нийт 42,257,048 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 260 м.кв бүхий талбайг давсны үйлдвэрийн зориулалтаар 1 жилийн хугацаатай, сарын 4,000,000 төгрөгөөр, мөн тог цахилгааны зардлыг хариуцан төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч тал нэг удаа 4,000,000 төгрөгийг төлсөн.
1.2. Түрээслэгч цахилгааны төлбөрөө төлөөгүйн улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас цахилгааныг тасласан бөгөөд хариуцагч компани үйл ажиллагаа явуулаагүй эсэхэд нэхэмжлэгч тал буруугүй. Хариуцагчид удаа дараа түрээсийн болон цахилгааны төлбөрөө төлөх талаарх мэдэгдлийг явуулж байсан ч төлөөгүй.
1.3. Иймд түрээсийн гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цуцалж, хариуцагч компанийн бараа, материалыг 1 хоногийн 1,000,000 төгрөгөөр хадгалахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бараа, материал, тоног төхөөрөмжөө авч обьектыг чөлөөлсөн.
1.4. Мөн түрээсийн зүйл болох обьектыг анх хүлээлгэж өгөхдөө шинэ будгаар будаж хүлээлгэж өгсөн боловч бараа материалаа аваад явсны дараа шал эвдрэлтэй байсан. Энэ талаар хариуцагч талд хэлэхэд засварлаж өгөөгүй тул өөрсдөө будаг авч будсан.
1.5. Түрээсийн гэрээний төлбөрт 17,466,600 төгрөг, алданги 2,305,591 төгрөг, цахилгааны төлбөр 8,484,857.88 төгрөг, бараа, материал хадгалсны төлбөр 14,000,000 төгрөг, засварын зардал 1,860,800 төгрөг, нийт 42,257,048 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******тай түрээсийн гэрээ байгуулсан, *******тай гэрээ байгуулаагүй. Иймд *******д түрээсийн төлбөр төлөх үүрэггүй.
2.2. Нэхэмжлэлд дурдсан түрээсийн талбайг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд ашигласан, үүнээс хойших хугацаанд ашиглаагүй. Иймд уг хугацаанаас хойших хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал буюу цахилгааны зардлыг төлөх үндэслэлгүй, харин 2 сарын түрээсийн төлбөрийн төлөөгүй үлдэгдэл төлбөр болон уг хугацааны цахилгааны төлбөрийг төлнө.
2.3. Түрээсийн талбайг хүлээж авах үед шалны ногоон лак хууларсан байсныг түрээслүүлэгч талд мэдэгдсэний үндсэн дээр хүлээж авсан. Түүнчлэн, ашиглалтын явцад элэгдэл хорогдол гарах учир засварын зардал шаардсаныг зөвшөөрөхгүй.
2.4. Нэхэмжлэгчтэй түрээсийн талбайд бараа материал, тоног төхөөрөмж хадгалах гэрээ байгуулаагүй учир хадгалалтын төлбөр шаардсаныг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 42,257,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан заалдах гомдлын агуулга:
4.1. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* нь *******гаас олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/12135 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
4.2. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн-1 20 тоот хаягт байрлах бие даасан объектын 1 дүгээр давхрын 260 м.кв талбайн өмчлөгч ******* нь нэхэмжлэлдээ тус тоотын 481 м.кв хувийн сууцыг дангаар өмчилдөг ба улсын бүртгэлийн гэрчилгээнд зөвхөн миний нэр бичигдсэн байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөө өөрсдөө ашиглах боломжгүй байсан тул нөхөртэйгөө ярилцаж байгаад бусдад хэсэгчлэн түрээслэхээр болсон гэж дурдсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3. шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр шаардах эрх үүсээгүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй /хариуцагч нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрдөг/ гэсэн дүгнэлтийг хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* хэдийгээр түрээсийн гэрээ байгуулаагүй ч шаардах эрх тухайн объектын өмчлөгчид үүснэ гэж үзэж байгаа ба шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ёстой байсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн дээрх 2 дүгнэлтээс түрээсийн гэрээ байгуулсан ******* болон өмчлөгч ******* нарын хэн аль нь шаардлага гаргах эрхгүй нөхцөлд байдал үүсч байгааг анхаарч үзнэ үү.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч байгууллага нь *******тай тухайн объектыг түрээслэх гэрээ байгуулж, 2 сар үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч нь тухайн хэрэгт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байсан. Өмнө гаргасан нэхэмжлэлийг хүлээж аваагүй шалтгааныг засаж ******* нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17,466,600 төгрөг, алданги 2,305,591 төгрөг, хохиролд 39,345,657.88 төгрөг, нийт 42,257,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл буюу 5 сарын хугацааны хөлс болон алданги, хохирлыг гаргуулна гэж, хариуцагч нь түрээсийн зүйлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд ашигласан тул уг хугацааны хөлсийг төлнө гэж тус тус тайлбарлажээ.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, ******* болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь түрээсийн зүйлийг 1 сарын 4,000,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр харилцан тохиролцсон байна. Анхан шатны шүүх уг гэрээ цуцлагдсан шалтгаан нөхцлийг тодруулж тогтоогоогүй. Үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэгч нь түрээсийг зүйлийг ашиглах боломжгүй болсон эсхүл үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан эсэхийг тогтоосноор гэрээний үүрэг болон хохирлыг шаардах эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
5. Түүнчлэн нэхэмжлэгч талаас хэрэгт гэрэл зураг болон харилцан бичсэн зурвасны зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үзлэг хийх эсэхийг тодруулах эсхүл уг баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах зэгэр ажиллагааг явуулах байжээ.
6. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Иймд материаллаг эрх зүйн дүгнэлтийн талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,236 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА