| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1193/Э |
| Дугаар | 1188 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03986 1595 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Б, 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Холбооны инженер мэргэжилтэй, Үндэсний Батлан хамгаалах Их сургуульд холбооны ахлах багш ажилтай, ам бүл 5, Эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 15 дугаар гудамж 384а тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.2 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: ЦЖ79070917/
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 1-36 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Алтантуултай маргалдан, буйдан дээр бууж байхад нь зүүн мөрөн тус газраас татаж, чирч газар унагаан хэвлийн тус газар нь хөлөөрөө 3-4 удаа, толгойн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед дагзны хуйхны язарсан шарх, зүүн шуу, толгойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар гадаргуу, зүүн гарын эрхий хурууны угийн цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ч.Алтантуул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн орой 17 цагийн үед манай нөхөр Д.Б архи уусан байхаар нь би дахиж уулгахгүй гэсэн чинь манай нөхөр шууд намайг цохиж газар унагаад миний дээрээс толгой хэсэгт гуталтай хөлөөрөө дэвсээд байсан, тэр үед миний төрсөн ах Ч.Буянбаатар ирээд салгаад намайг эмнэлэг авч явсан. Эмнэлэгт үзүүлэхэд би толгой хэсэгт 3 оёдол тавиулсан..." гэх мэдүүлэг /хх 6-7/,
Насанд хүрээгүй гэрч Б.Төгөл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт аавын найз ирээд аав Батсайхан 2 шил 0.5 литрийн Хараа архи найзтайгаа хувааж уусан... Би бие засчихаад гэртээ ороод иртэл ээжийн толгой нь хагарчихсан, толгойноос нь цус гараад уйлаад хэвтэж байсан. Аав тэгсэн ээжийн гуя руу хөлөөрөө өшиглөөд байж байхаар нь би аавыг ээжээс салгаад жижиг өрөө рүү оруулаад... унтуулсан... Өмнө нэг удаа ээжийг зодоод өшиглөж байсан. Аавыг архи уухаар л ээж, аав хоёр хэрэлдэж маргалддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ миний гэр бүлийн гадуурх харилцаанаас болж эхнэр Алтантуултай хэрүүл маргаан хийж, пизда, гичий гэх мэтээр эхнэрээ хэл амаар доромжилсон... эхнэрээ буйдан дээр сууж байхад нь зүүн мөрөн тус газраас нь татаж, чирж газар унагаагаад хэвлийн тус газар нь хөлөөрөө 3-4 удаа, толгойн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн... хөлөөрөө цээжин тус газар нь 2-3 удаа өшиглөсөн мөн толгойн тус газар нь 1 удаа, гуян тус газар нь 1 удаа хөлөөрөө өшиглөж тухайн гэмтлүүдийг Алтантуулын биед учруулсан... Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 33-34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8440 тоот дүгнэлтэд:
1. Ч.Алтантуулын биед дагзны хуйхны язарсан шарх, зүүн шуу, тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар гадаргуу, зүүн гарын эрхий хурууны угийн цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 14/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 1-36 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Алтантуултай маргалдан, буйдан дээр бууж байхад нь зүүн мөрөн тус газраас татаж, чирч газар унагаан хэвлийн тус газар нь хөлөөрөө 3-4 удаа, толгойн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед дагзны хуйхны язарсан шарх, зүүн шуу, толгойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар гадаргуу, зүүн гарын эрхий хурууны угийн цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ч.Алтантуулын: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн орой 17 цагийн үед манай нөхөр Д.Б архи уусан байхаар нь би дахиж уулгахгүй гэсэн чинь манай нөхөр шууд намайг цохиж газар унагаад миний дээрээс толгой хэсэгт гуталтай хөлөөрөө дэвсээд байсан, тэр үед миний төрсөн ах Ч.Буянбаатар ирээд салгаад намайг эмнэлэг авч явсан..." гэх мэдүүлэг /хх 6-7/, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ч.Алтантуул нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Д.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Б 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР