| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00258/И |
| Дугаар | 00268 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 00268
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-28 тоотод оршин суух, 1966 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Боржигин овогт Гончигийн Алтанцэцэгийн хүсэлттэй /РД:МЗ66110603/
Зүүнхараа хотын нийтийн номын санд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1987 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын нийтийн номын санд сахиул галчаар ажилд орсон юм. Тэгээд энэ байгууллагад 1994 оныг дуустал ажилласан. 1995 онд хөдөлмөрийн дэвтэр хааж нийгмийн даатгалд шилжихэд хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт буруу хийгдсэн ба ажилд орсон, гарсан болон холбогдох тушаал олдохгүй байгаа тул би ажилласан жилээрээ хохироход хүрээд байгаа тул шүүхэд хандсан юм. Иймд миний Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын нийтийн номын санд ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Боржигин овогт Гончигийн Алтанцэцэгийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын нийтийн номын санд 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл галч, сахиулаар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь ¹ 000076 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, нийтийн номын санд ажиллаж байхдаа 1987-1991 оныг дуустал авч байсан цалингийн архивын тодорхойлолт, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ авахуулсан фото зураг болон хамт ажиллаж байсан С.Отгонсүрэн, Л.Ширэм, П.Цэцэгмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Зүүнхараа хотын нийтийн номын санд ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Гончигийн Алтанцэцэгийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын нийтийн номын санд 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл галч, сахиулаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.