Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00556

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01202 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 17,441,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

1.1. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот чиглэлд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт зорчиж байх үед ******* улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл араас мөргөсөн.

1.2. Техникийн шинжээчийн дүгнэлт дүгнэлтээр ******* улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Улмаар тээврийн хэрэгслийг жолоодож осол гаргасан *******д 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0089362 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан.

1.3. Машинаа авто засварт үзүүлэхэд хойд гупер, багажны хаалга, гэрэл, баруун хойд крыло болон тэдгээрийн дагалдах сэлбэг хэрэгслийг бүхэлд нь солих шаардлагатай болсон буюу их хэмжээний хохирол учирсан болохыг олж мэдсэн бөгөөд ******* ХХК-иар завсарлуулахаар болсон.

1.4. Засвар 1 сар гаран хугацааны дараа дуусч ******* ХХК-иас машинаа хүлээн авсан бөгөөд сэлбэг, засвар, үйлчилгээний хөлс нь 35,433,000 төгрөг болж, үүнээс тус компаниас машин худалдан авсны хөнгөлөлт 35 хувь хасагдаж, төлбөрт 23,031,450 төгрөг төлсөн. Үүн дээр гаднаас авсан хуучин сэлбэг, хэрэгслийн үнэ болох баруун хойд багана 1,000,000 төгрөг, хойд доод хаалга 800,000 төгрөг, агаарын хавхалга 100,000 төгрөг, гуперийн утас 300,000 төгрөг, баруун доод нугасны хаалт таг 30,000 төгрөг, мөн үүн дээр баруун хойд баганыг тасалж авах, ******* ХХК-ийн засварын газарт хүргэх зардал 150,000 төгрөг, нийт 25,411,450 төгрөг болсон.

1.5. Хариуцагч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дээрх төлбөрөөс 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх 17,411,450 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Осол болох үед автомашины хохиролд 8,000,000 төгрөгийг төлөхөөр *******тай тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Гэтэл хохирлыг барагдуулсны дараа бодит бус, үндэслэлгүй хохирлыг нэхэмжилж буй үйлдэл нь хууль бус бөгөөд автомашинд учирсан эд зүйлийн элэгдлийг тооцох ёстой байтал шинэ эд ангийн үнээр тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч дээрх зохицуулалтын хүрээнд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд оруулах, сэргээх үүрэгтэй болохоос нэхэмжлэгчийн тодорхой хугацаанд ашиглаж байсан эд хөрөнгийг шинэ зүйлээр сольж өгөх үүргийг хүлээхгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Тухайн осол гардаг өдөр ******* улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг унаж яваагүй, миний буруутай үйл ажиллагаанаас автотээврийн осол гараагүй тул хариуцах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

4.1. ******* нь осол болох үед байгаагүй, оролцоогүй учраас энэ хэргийг ямар нэг байдлаар хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, ******* хариуцлага хүлээх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******аас 17,231,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******өөс татгалзсаныг баталж, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 244,107.25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын гаргасан заалдах гомдлын агуулга:

 

6.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн газрыг үзлэг, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч *******гийн ******* улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, гэм хорын хохирол учруулсан буруутай этгээд нь ******* улсын дугаартай Тоёото Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* бөгөөд хариуцагч ******* нь *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд гэм хор учруулаагүй болно.

6.2. ******* нь ******* ХХК-иас зээлийн гэрээгээр тухайн авто машиныг барьцаалан 9,500,000 төгрөгөөр авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан тул тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* ХХК байхад хариуцагч *******аас 17,231,450 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Уг нөхцөл байдлаас үзэхэд хуулийн зохицуулалтаар бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байхад тээврийн хэрэгсэлд гэм хор учруулаагүй *******аас гэм хорын хохирлын дийлэнх хэсгийг гаргуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

6.4. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй анх хохирлын асуудлаар тохиролцож 8,000,000 төгрөг авсан нөхцөл байдлыг шүүх анхаарч авч үзээгүй бөгөөд ******* нь хариуцагч *******өөс татгалзсаныг шүүх хүлээн авч, татгалзлыг баталж, хариуцагч *******аас төлбөрийн үлдэгдлийг гаргуулж байгаа нь логикийн хувьд алдаатай шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өөс татгалзсан хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болон 499.4 дэх заалтаар гэм хорын хохирол учруулсан этгээдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

6.5. Анхан шатны шүүх ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийн эд ангид учирсан хохирлыг нийт 22,572,950 төгрөгийн үнэлгээ тогтоосон байхад нэхэмжлэгч талын ирүүлсэн зах зээлийн үнэ хэт өндөр Таван Богд ХХК-иас засварын үйлчилгээ авсан баримтыг үндэслэн хариуцагч *******аас 17,411,450 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн уг үнэлгээний тайлангаар гаргасан засварын зардал буюу шууд зардлаар 11,072,950 төгрөгөөр үнэлсэн байгааг шүүх анхаараагүй, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар уг хэмжээгээр бодит хохирол учирсан гэж үзэж үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн тодорхой хугацаанд ашиглаж байсан эд хөрөнгийг шинэ зүйлээр сольж өгөх үүргийг хүлээхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн зүгээс хохирол дээр харилцан тохиролцоогүй. Хариуцагч *******ийн зүгээс 8,000,000 төгрөгийг тухайн үед шилжүүлэх боломжтой байсан учраас урьдчилж төлсөн.

7.2. Мөн хариуцагч *******өөс татгалзсан шалтгаан нь Иргэний хуульд зааснаар авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой тусгай зохицуулалт хэрэглэгдэнэ. Эзэмшигчийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан тул хамтран хариуцагч *******өөс татгалзсан.

7.3. Автомашины эзэмшигч ******* нь ХХК-аас зээл авсан баримт хэрэгт авагдсан. Бодитоор эзэмшигч нь банк бус санхүүгийн байгууллага биш зээлийн гэрээний үүрэгт авто тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тул гэм хорыг арилгах үүрэгтэй этгээд гэж үзэх боломжгүй учраас хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй.

7.4. Осолд орсон автомашиныг ******* ХХК-аас худалдаж авч байсан учраас 35 хувийн хөнгөлөлт үзүүлж бодитоор 25,000,000 төгрөгийн зардал гарсан. Хариуцагч тал гомдолдоо хуучин сэлбэг тавих байсан гэж дурдсан. Хэвийн байдалд нь буцааж оруулах засвар үйлчилгээ хийгдэж байгаа учраас тохирох сэлбэгээр нь сольж хийсэн. Мөн цэгэн гагнуурыг ******* ХХК-аас батламжлагдсан засварын газар хийдэг учраас үнэтэй болсон.

7.5. Иргэний хуулиар авто тээврийн хэрэгслийн эзэмшигч гэм хорыг хариуцагч ёстой учраас *******аас шаардсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 17,411,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Энэ талаар зохигч гомдол гаргаагүй. Үүнд:

 

3.1. 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр *******гийн өмчлөлийн улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг ******* ******* улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслээр араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан.

3.2. ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.14-д заасныг зөрчиж дээрх осол гарсан болох нь техникийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр дүгнэлтээр тогтоогдож, 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.3. улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээр тогтоогдсон.

3.4. ******* улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр эс худалдан авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаагаар тогтоогдсон.

3.5. ******* нь ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 9,500,000 төгрөгийн зээлж, мөн өдөр фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд тухайн автомашиныг бүртгэсэн.

3.6. Хариуцагч ******* 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр *******д 8,000,000 төгрөг төлсөн.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж зааснаар хариуцагч ******* нь хадам аав *******д тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн өмчлөгчийн хувьд хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан хохирлыг гэм буруугүйгээр хүлээх бөгөөд өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, мөн тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон аль ч тохиолдолд бусдад учирсан гэм хорыг хариуцна.

4.2. ******* улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байх боловч уг бүртгэлийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г үндэслэсэн байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан уг фидуцийн гэрээ нь мөн өдөр ******* болон ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах зорилготой байна. Иймд зээлдэгч ******* зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд фидуцийн гэрээний зүйлийг өмчлөх ХХК-ийн эрх дуусгавар болно.

Хариуцагч *******ын ******* улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөх эрх дуусгавар болоогүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймд энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******гийн автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж дүгнэж, хариуцагчаас гэм хорын хохиролд 17,411,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь:

 

5.1. Хариуцагч ******* 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр *******д 8,000,000 төгрөг төлсөн боловч уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд хохирлыг төлж барагдуулахаар тохиролцсон гэх тайлбараа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

5.2. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал нэхэмжлэгчийн автомашинд учруулсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-д автомашиныг засварлуулж гарсан 35,433,000 төгрөгийн зардлаас эдэлсэн хөнгөлөлт 35 хувийг хасуулж төлбөрт 23,031,450 төгрөг, түүнчлэн автомашины баруун хойд багана 1,000,000 төгрөг, хойд доод хаалга 800,000 төгрөг, агаарын хавхалга 100,000 төгрөг, гуперийн утас 300,000 төгрөг, баруун доод нугасны хаалт таг 30,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан, баруун хойд баганыг тасалж авах, ******* ХХК-ийн засварын газарт хүргэх зардалд 150,000 төгрөгийг тус тус төлсөн байна. Нэхэмжлэгчид нийт 25,411,450 төгрөгийн хохирол бодитоор учирсан байна.

ХХК нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар нэхэмжлэгчийн автомашинд шууд зардал 11,072,950 төгрөг, шууд бус зардал 11,500,000 төгрөг нийт 22,572,950 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлжээ. Уг тайлангийн 5 дахь заалт буюу Үнэлгээ хийхэд тулгуурласан материал-д ХХК-ийн болон Estimator программын сэлбэгийн зах зээлийн үнийн болон автомашины засварын тарифын мэдээллийн санд тулгуурлав гэжээ. Иймд энэ үнэлгээг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохирол гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

Иймд хариуцагч талаас хохирлын үнэлгээтэй холбоотой давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхийнхээ хүрээнд хариуцагчаар ******* болон *******ийг тус тус татжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан ******* нь хохиролд 8,000,000 төгрөгийг төлснийг эд хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулсан гэж дүгнэхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар автомашины өмчлөгч болох *******аас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын үлдэх хэсгийг шаардах эрхтэй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******өөс татгалзсаныг хариуцагч *******ыг гэм хор учруулсан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

7. Иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар алдаатай дүгнэлт гаргасан тул шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,107 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА