Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 70

 

Ц.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 626 дугаар тогтоолтой Ц.Т-д холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбатын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.Т

Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Д сумын ...-р баг, ... тоот гэртээ, согтуурсан үедээ эхнэр Д.З-ийг зодож биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Т-ийг гэр бүлийн хүчирхийллээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 250  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 626 дугаар тогтоолоор Ц.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбат 2023 оны 02 дугаар  сарын 27-ны өдөр бичсэн 01 дүгээр дүгнэлтдээ: ... Ц.Т-д холбогдох  дугаартай хэргийн шийдвэртэй танилцаж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэж, хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т-ийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх талаар санал гаргахад “... энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор шүүгдэгч Ц.Т-ийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэл болох тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дээрх асуудлыг шийдвэрлэхгүй байх нь зүйтэй” гэх дүгнэлтийг хийсэн. Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн...” гэж үзсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон бөгөөд уг хуулийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох ...” эрх хэмжээтэй атал анхан шатны шүүхийн илт үндэслэлгүй шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэсэн үндэслэлд хамаарч байна...

Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ханган хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд бүрэн нийцнэ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор жишиг тогтоосон шийдвэрүүдийг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хуулийг дээрх байдлаар Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан, хуулийн үзэл баримтлал, агуулгаас илт зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, энэ нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчмууд, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хуний эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэлд тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн асуудал төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь ухагдахуун хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүх ийнхүү хуулийг үзэл баримтлал, агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн илт үндэслэлгүй шийдвэрийг хэвээр үлдээж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдахгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах нөхцөл байдал бий болж, энэ нь шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдөх үндэслэлд хамаарч байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч Ц.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх албадлагын арга хэмжээ авагдсаны дараа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.З-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй үндэслэлээр ялуудыг нэмж нэгтгэлгүй орхисон байна. Давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн улмаас хэвээр үлдээжээ. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл баримтлалыг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор батлагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин нэгдүгээр бүлэгт “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах” үндэслэл болон шинэ нөхцөл байдлын хэрэг үүсгэх, шалгах, шийдвэрлэх онцгой журмыг хуульчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл илэрсэн тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын хэрэг үүсгэх, ажиллагааг эхлүүлэх, хянан шалгах, шүүхийн шийдвэрийг хянуулах, хэргийг сэргээх тухай дүгнэлт бичих эрх, үүргийг прокурорт олгосон. Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр шинэ нөхцөл байдлын хэрэг үүсгэн хянаж, холбогдох шүүхийн шийдвэрийг хуулбарлан, шүүхийн шийдвэрийг хянуулах, хэргийг сэргээх тухай дүгнэлт бичсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, зохицуулалтыг тайлбарлан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоожээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбатын бичсэн дүгнэлтийг үндэслэн Ц.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд тухайн эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэх үед хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтой нөлөөлөхүйц, өмнө нь мэдэгдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлууд хамаарна.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээрх нөхцөл байдал илэрсэн бол хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг алдаа гарсан тэр шатнаас эхлэн дахин шалгаж, шийдвэрлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журмаар тогтоож өгсөн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн ...” нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилжээ.   

Хуулийг илт буруу хэрэглэсэн гэдэгт шүүх хуулийн илэрхий, тодорхой зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдлыг ойлгох ба тухайн хуулийн зохицуулалт нь ямар нэгэн салаа утгагүй, нэмэлт тайлбар хийх шаардлагагүй ойлгомжтой байх ёстой. 

Хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон  эрхийг хассан, хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүйд хүргэсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлүүд хамаарна. 

Шүүгдэгч Ц.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага хүлээжээ.

Тэрээр тэнссэн хугацаанд, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Д.З-ийг зодож биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүхээс өмнөх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар гаргасан прокурорын саналын хүлээж аваагүй хууль зүйн үндэслэлээ “... энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор шүүгдэгч Ц.Т-ийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэл болох тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дээрх асуудлыг шийдвэрлэхгүй байх нь зүйтэй...” гэж заасан нь гэм буруутайд тооцсон шийдвэрээ  үгүйсгэсэн дүгнэлт болжээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны “... санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ...” гэсэн ойлголтыг хэргийн үйл баримт, түүнд өгөх хууль зүйн дүгнэлтээр тодорхойлох ба цаг хугацааны хамаарал, гэм буруугийн хэлбэрийг гол шалгуур болгож, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэхийг шүүхэд үүрэг болгосон гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх “... гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно ...” гэж хуульд заагаагүй нэмэлт нөхцөл, шалгуур тавьж заавал хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх ба давж заалдах шатны шүүхээс энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, агуулгын зөрчилтэй шийдвэр гаргажээ.   

Анхан болон давж заалдах шатны шүүх нь заавал биелэгдэх шинжтэй шүүхэд үүрэг болгосон хуулийг хэрэглээгүй алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийг илт буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах боловч үүний улмаас хүний эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэний хууль зүйн үр дагаврыг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь тухайн хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Харин Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, ял оногдуулах, хэд хэдэн тогтоолоор ял нэгтгүүлэх талаар прокурор дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Иймд хяналтын шатны шүүхээс Ц.Т-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Энэ шийдвэр нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журмыг хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбатын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

 Б.БАТЦЭРЭН

 М.ПҮРЭВСҮРЭН

 Б.ЦОГТ