Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 113/ШШ2017/0006

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнгөнчимэг

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайхан;

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайханы гаргасан 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/43 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанцэцэг, хариуцагч Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайхан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайханы 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/43 дугаар “Төлбөр тогтоох тухай” актаар тэтгэвэрт гарсан багш нар болох Н.Баттөмөр, Ц.Чимэдрэгзэн нарт нийт 3666600 төгрөгийн тэтгэмжийг батлагдсан төсвөөс илүү олгосон, энэхүү үйлдэл нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалтыг зөрчсөн байх тул 3666600 төгрөгийг аймгийн Аудитын газрын төрийн сангийн 220000954 тоот дансанд төвлөрүүлэхээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд акт тавьсан болно. Сургуулийн захиргааны зүгээс Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-д заасан “багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй” гэснийг зөрчсөн зүйл огт байхгүй болно. Маргаан бүхий 01/43 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4-д заасан “Утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” зөрчилтэй байгаа болно. Үүнийг тайлбарлавал: Актад дурдагдсан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-д заасан зөрчил буюу ажилтанд ээлжийн амралт эдлүүлэхтэй холбоотой ямар нэг зөрчил гаргаагүй, актыг хэн, хэрхэн биелүүлэхийг тодорхой тусгаагүй нөхцлүүд байгаа юм. Тус сургуулийн 2014 оны батлагдсан төсөвт тэтгэвэрт гарах ажилтанд олгох нэг удаагийн тэтгэмжид 42984000 төгрөг батлагдаж ирсэн бөгөөд Н.Баттөмөр, Ц.Чимэдрэгзэн багш нарт 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаар төлбөрийн хүсэлтээр 41761800 төгрөгийн гүйлгээ хийж, Н.Баттөмөр, Ц.Чимэдрэгзэн нарт тус бүр 20880900 төгрөгийг олгосон юм. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д /хуучнаар/ “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль,  цэцэрглэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/28 дугаар тушаалын дагуу Н.Баттөмөр, Ц.Чимэдрэгзэн нарт тус бүр 20880900 төгрөгийг олгосон. Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайханд 2014 оны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 42984200 төгрөг батлагдсан, уг батлагдсан төсвийн дагуу 41751800 төгрөгийг тэтгэвэрт гарч буй албан хаагчдад олгосон хэмээн тайлбарласан боловч Ц.Батсайхан аудитор та нар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасан зөрчлийг гаргасан. Тэтгэвэрт гарч буй албан хаагчдад  38095200 төгрөгийг олгох ёстой, илүү олголт хийсэн 3666600 төгрөгийг аудитын газрын дансанд төвлөрүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж түүнийгээ акт болгон Тавдугаар сургуульд тавьсан. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид суугдсан мөнгийг “2014 оны 8 дугаар сард 38095200 төгрөгийг олгохоор заасан болохоор энэ мөнгийг олгоно, үлдэж буй 3666600 төгрөгийг та нарт олгохгүй” хэмээн ямар нэгэн шалтаг заан албан хаагчдад олгохгүй байх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй юм. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Тавдугаар сургуулийн зүгээс Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.3-д заасан зүйлийг зөрчсөн ямар ч зүйл байхгүй. Харин ч хуульд заасан зохицуулалтын дагуу 2014 оны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжинд зориулан суугдсан мөнгийг тэтгэвэрт гарч буй албан хаагчдад олгож эрхийг нь хангасан үйлдэл л бий. Аудитын газрын үндсэн зорилго нь аливаа байгууллагад акт тавих биш харин буруу зөрүү ойлголт үүссэн асуудлыг зөвлөгөө өгөн сайжруулах, байгууллагын үйлдлээс албан хаагчдад учирсан хохирлыг барагдуулахад чиглэх ёстой. Гэтэл энэхүү үүргээ умартан зөвхөн акт тавьж, утга агуулгын алдаатай, хэн хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй акт тавьж байгууллага, тэтгэвэрт гарч буй албан хаагч нарт өнөөг хүртэл хугацаанд хохирол, чирэгдэл учруулж буйд туйлын харамсалтай байна. Актын улмаас Н.Баттөмөр, Ц.Чимэдрэгзэн багш нарт илүү олгосон гэж үзээд байгаа 3666600 төгрөгийг төлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Говьсүмбэр аймгийн Аудитын газрын дансанд оруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Иймд Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Ерөнхий аудиторт 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн ажил, үйлчилгээний төлөвлөгөө, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлтийн дагуу Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлогдсон аймгийн Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Сүмбэр сумын Тавдугаар сургуулийн 2014 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн Эрсдэлийн аудитаар тэтгэвэрт гарсан 2 багшид тэтгэвэрт гарахад олгох мөнгөн тэтгэмжийг тооцож олгохдоо үндсэн цалинг буруу тооцож, олгосноос нийт 3666600 төгрөгийн тэтгэмжийг илүү олгосон байна. Энэ нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгах” гэснийг зөрчсөн тул орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон болно. Төсвийн байгууллага нь дараа оны төсвийн төслөө боловсруулан батлуулахдаа Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтын дагуу холбогдох байгууллагад хүргүүлдэг. Үүний дагуу аймгийн Боловсрол, соёлын газраас харьяа байгууллагуудын 2014 оны төсвийн саналыг нэгтгэн Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлж ажилласан байна. 2014 оны төсвийн саналыг Улсын Их Хуралд өргөн барих үед төрийн албан хаагчийн албан тушаалын цалинд өөрчлөлт оруулах талаар тогтоол шийдвэр гараагүй байсан бөгөөд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас ямар нэгэн чиглэл удирдамж ирүүлээгүй тул 2014 онд тэтгэвэрт гарах ажилчдын тэтгэмжийн зардлыг 2013 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан Монгол улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан цалингийн сүлжээгээр тооцогдож, төсөв батлагдсан байна. Аймгийн Боловсрол, соёлын газраас 5 дугаар сургуульд 2014 оны төсвийн хуваарийг хүргүүлэхдээ тэтгэвэрт гарах 2 багшийн тэтгэмжийн зардлыг илүү баталж санхүүжүүлсэн нь тайлант онд газрын дарга 2 удаа, төсвийн мэргэжилтэн 3 удаа солигдсонтой холбоотой хуваарилалтыг буруу тооцсон байна. Мөн 5 дугаар сургуулийн нягтлан бодогч буруу хуваарилснаас илүү санхүүжүүлсэн тэтгэмжийн зардлыг хяналгүйгээр 2 багшид тэнцүү хэмжээгээр тооцож олгосон нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 78 болон 2014 оны 75 дугаар тогтоолоор баталсан цалингийн сүлжээний аль алиныг баримтлаагүй байна. Энэ нь тус сургуулийн нягтлан бодогч холбогдох хууль  эрхийн актыг баримтлаагүй, тэтгэвэрт гарах тэтгэмжийн зардлыг буруу тооцсоныг нотолж байна. Тус сургууль нь дээрх 2 багшид тэтгэвэрт гарах тэтгэмжийн зардлыг илүү тооцож олгосноос бусад сургууль, цэцэрлэгүүдээс 2014 онд шинээр батлагдсан цалингийн сүлжээгээр тооцож, тэтгэмжийн зардлыг олгох хүсэлт ирүүлсэн тул аймгийн Боловсрол соёлын газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд бичгээр хүсэлт ирүүлж хариуг авсан бөгөөд тус Яамнаас тэтгэвэрт гарах тэтгэмжийн зардлыг шинээр батлагдсан цалингийн сүлжээгээр тооцож, олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Мөн Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан байна. Иймд 5 дугаар сургуулийн 2 багшид тэтгэвэрт гарахад олгосон мөнгөн тэтгэмжийн илүү олгосон нийт 3666600 төгрөгийг буцаан төлүүлэхээр тогтоосон актыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс жил ажилласан иргэн өндөрр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэснийг зөрчсөн тул орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон болно. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4-д “Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэснийг актад Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн захирал О.Одгэрэл, нягтлан бодогч Л.Алтанцэцэг нарт хариуцуулсан тул гүйцэтгэх этгээд тодорхой, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдорийн 01/43 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнгөнчимэг нь Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайханд холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/43 дугаар “Төлбөр тогтоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайхан нь тус аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх Аудитор Ш.Ичинхорлоогийн баталсан Аудитын төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 2014 оны төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд аудит хийж дүгнэлт гаргах, үр өгөөжийг дээшлүүлэх талаар зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлэх зорилготой байжээ.

Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/43 дугаар “Төлбөр тогтоох тухай” актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Илүү олгосон тэтгэмж 3666600 /Гурван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг хавсралтын дагуу төлүүлэх”, 2 дахь заалтаар “Акт тогтоосон 3666600 төгрөгийг аймгийн Аудитын газрын төрийн сангийн 220000954 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахыг Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн захирал О.Одгэрэл, нягтлан бодогч Л.Алтанцэцэг нарт хариуцуулав” гэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус сургуулийн нягтлан бодогч Л.Алтанцэцэг шүүх хуралдаан дээр дээрх маргаан бүхий 01/43 дугаар акт нь “Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалтыг зөрчсөн байна” гэсэн байх бөгөөд уг хуулийн заалт нь тэтгэмж олгохтой холбоогүй заалт байх тул утга агуулгын илэрхий алдаатай байна гэж, мөн дээрх актаар тогтоосон төлбөрийг тус сургуулийн захирал болон нягтлан бодогч нарыг төлөхөөр хариуцуулж байгаа нь уг актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус байна гэж маргажээ.

Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаварын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын илэрхий алдаатайд тооцож болно гэж үздэг бөгөөд Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/43 дугаар “Төлбөр тогтоох тухай” актад дурдсан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т “багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй” гэж заасан байгаа нь тухайн актад дурдсан тэтгэвэрт гарсан 2 багшид нэг удаагийн тэтгэмж олгохтой огт холбогдолгүй заалт байгаа нь тухай актын хувьд  алдаа нь ноцтой алдаа байх, хэн ч харсан илэрхий алдаатай байх тохиолдолд хамаарахаар байна гэж дүгнэлээ.

Мөн хариуцагч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ уг актад бичигдсэн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалт нь алдаатай бичигдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байна” гэж зааснаас үзэхэд тус хуульд заасан зарчимыг баримтлаагүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ахлах аудитор Ц.Батсайханы 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/43 дугаар “Төлбөр тогтоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоосугай.

 2. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЗУЛ