Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2024/0123

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч, Танхимын тэрүүн:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                                   Г.Банзрагч

                                                                        Х.Батсүрэн 

                                                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                                    Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШШ2024/0034 дүгээр шийдвэртэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч “А” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан ““А” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Нэхэмжлэгч хуулийн этгээд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй газар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

2.1.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсны дотор нэхэмжлэгч “А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан байна.

2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Засгийн газар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авах санал гаргаж шийдвэрлүүлэхдээ нөхөн олговрын асуудлыг орхигдуулсан ... Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиар баталгаажсан нөхөн олговор авах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн” гэж,

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... Нэхэмжлэгч Засгийн газартай дээрх асуудлаар харилцан зөвшилцөөгүй. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр “хилийн зааг тогтоох тухай” тогтоолоор батлагдсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т хамааралгүй. “А” ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргажээ.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр:

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШШ2024/0034 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “А” ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр MV-002247 тоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсэг болох “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, С.Д нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.1.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэртэй холбоотой тодорхой ажиллагаа хийгдээгүй ... гэх тайлбараар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар маргаан бүхий 45 дугаар шийдвэр хүчингүй болсон гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

4.2.Дээрх дүгнэлтийг гаргахдаа ямар ч нотлох баримтад үндэслэхгүйгээр зөвхөн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн хариу тайлбарыг үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн зохицуулалттай зөрчилдсөн. Шүүх мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан хуулиар олгогдсон үүргээ биелүүлж нотлох баримт цуглуулаагүй болох нь нотлогдож байна.

4.3.Өөрөөр хэлбэл, дээр дурдсан маргаан бүхий 45 дугаар шийдвэр нь хүчингүй болоогүй бөгөөд “А” ХХК-ийн эзэмшиж байсан Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших “Гутай” нэртэй 286.32 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийн эрх нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд хүчингүй гэсэн төлөвтэй байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг нотлон харуулж байна.

4.4.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 493 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 145 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн “нөхөн олговор авах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байхад уг хэргийн хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.5.Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэл гаргасан.

Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

6.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч шийдвэрлэхдээ тогтоолын 4 дэх хэсэгт Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар авсан, нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Монгол Улсын Их Хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай. Уг үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

Энэхүү хэргийн хувьд шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хамгаалалтад авсан тохиолдолд нөхөн олговор шаардах эрхтэй эсэх байна.

7.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасны дотор улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох үүргийг 18.1.3-т хуульчилжээ.

8.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болохоор Засгийн газрын бүрэн эрхийг баталгаажуулсан байна.

9.Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн олговор шаардах эрхтэй, нөгөө талаас нөхөн олговрыг зайлшгүй олгох үүргийг Засгийн газарт хуулиар хүлээлгэсэн. Харин нөхөн олговрыг олгохдоо дүйцүүлэн өөр талбай олгох эсхүл мөнгөн дүнгээр олгож болохоор сонгох боломжийг Засгийн газарт олгожээ.

10.“А” ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23/06/21 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт “... Үндсэн хууль, Газрын тухай хууль, бусад хууль тогтоомжид баталгаажсан газрыг нөхөн олговортойгоор солих, эргүүлэн авах хуулийн заалтыг мөрдөж нөхөн олговорт дүйцүүлэн талбай олгох шийдвэр гаргаж өгнө үү” хэмээн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байна.

11.Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/713 дугаар албан бичгээр өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баярмандалд шилжүүлсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/4682 дугаар албан бичгээр “... “А” ХХК-ийн хүсэлт гаргаад байгаа асуудлаар харилцан зөвшилцөлд хүрэх эрхийг Засгийн газраас төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна” гэсэн хариуг хүргүүлсэн нь хэрэгт авагджээ.

12.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайд бүхэлдээ багтсан, үүний улмаас ашигт малтмал ашиглах боломжгүй болсон энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөн олговор авах хүсэлт гаргах, Засгийн газраас нөхөн олговрыг шаардах эрхтэй байна.

13.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг 1 жил дотор олгох үүргийг хүлээлгэсэн.

14.Гэтэл Засгийн газраас нэхэмжлэгчийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргаж, хүсэлтийг нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх эрхгүй Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлж, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хамгаалалтад авснаас хэдийн 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид нөхөн олговрыг олгоогүй нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үүрэг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

15.Нэхэмжлэгчээс “нөхөн олговорт дүйцүүлэн талбай олгох шийдвэр гаргуулах”-аар Засгийн газарт хандсан, Засгийн газраас нөхөн олговрыг мөнгөн дүнгээр эсхүл талбай олгох замаар шийдвэрлэх нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах боловч дүйцүүлэн өөр талбай олгох боломжтой эсэх талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлалтай эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон талбай олгох эсхүл мөнгөн дүнгээр нөхөн олговрыг олгох замаар нөхөх олговор олгох үүргээ хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ.  

16.“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох, “Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “А” ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 493 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

17.Тодруулбал, ““А” ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн тогтоолоор “... тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд ингэхдээ уг тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх шаардлага үүссэн байна” гэж дүгнээд магадлалын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

18.Уг шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан ажиллагааг хийгээгүй, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр хүчингүй болж, нөхөн олговрын асуудал шийдвэрлэгдэлгүй орхигдсон байна.  

19.Энэ тохиолдолд өмнө нөхөн олговортой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь нөхөн олговрын асуудлаар Засгийн газарт хандаж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас “А” ХХК-ийн хүсэлт гаргаад байгаа асуудлаар харилцан зөвшилцөлд хүрэх эрхийг Засгийн газраас төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад олгоогүй талаарх хариуг авсны дараа шүүхэд хандсан нь хуульд заасан журмын дагуу байна.  

20.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгчийн нөхөн олговор авах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байхад уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж байгааг тэмдэглэж байна.

21.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь энэ талаарх асуудлыг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн нэг нэхэмжлэлийн шаардлагыг хоёр тусдаа шаардлага гэж үзэж, зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэсэн байдлаар өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШШ2024/0034 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “А” ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгохыг даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

         Х.БАТСҮРЭН

         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

         Ц.ЦОГТ