Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 344

 

Б.Алтантулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          ялтан Б.Алтантулгын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

          хохирогч Ө.Магсар,

          нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Алтантулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Алтантулгад холбогдох эрүүгийн 2016 2602 2865 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Базарваань овгийн Баяраагийн Алтантулга, 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 74 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор оршин суух тодорхой хаяггүй,

- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:ЧЛ85042015/,

Б.Алтантулга нь согтуугаар танхайн сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын хойд талд хохирогч Ө.Магсарыг “архи авч өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн баруун нүдийг сохолж эрхтэнээс хагацааж бие махбодид нь баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдэнд хиймэл алим суулгах мэс дараах байдал /2016 оны 11 дүгээр сарын 3/, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Алтантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Алтантулга нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 87 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Алтантулгаас 150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.Магсарт олгож, хохирогч Ө.Магсар нь бусад болон цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Ялтан Б.Алтантулга давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 16 цагийн орчим 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлын шуудангийн салбарын хажууд байрлах “Тэси” нэртэй дэлгүүрээс Ө.Магсар ахыг гарч ирж байгааг хараад очиж ахаас “ганц юм хуваагаад уучих уу” гэтэл зам гараад явчихлаар нь дагаад очтол “чам шиг нэг муу бацаантай уухгүй, чиний энд тэнд сууж байсан чинь хамаагүй шүү” гээд намайг цохих гэхээр нь түрүүлээд цохитол нүдээ дараад суучихлаар нь би орхиод явсан. Энэ үед Ө.Магсар ахыг өшиглөсөн зүйл байхгүй. Тэгээд би хэд хоноод хамгаалагчаар уурхайд ажил хийхээр хөдөө яваад ажил хийж байгаад хөдөөнөөс ирэхэд цагдаа намайг барьж авч “Ө.Магсар гэх хүний нүдийг сохолсноо мэдэж байна уу” гээд ахмад Б.Эрдэнэдэлгэр байцаагч надаас нэг удаа мэдүүлэг аваад цагдан хорьсон. Ингээд сар гаран болж байтал ахмад Батбаатар байцаагч ирээд “хуучин байцаагч чинь солигдсон, чиний хэрэг чинь ойлгомжтой юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан ял сонсгож байна, хэргийг чинь боолоо” гэхээр нь би “санаатайгаар хүний нүд сохлоогүй, энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй” гэхэд “хохирогч та хоёр нэг нэгнийгээ таньдаг юм байна, тэртэй  тэргүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар болно” гээд явсан. Прокурортой уулзах хүсэлт хоёр удаа гаргасан боловч ирж уулзаагүй байтал 2017 оны 4 дүгээр сарын 10-нд шүүхээс дуудаж яллах дүгнэлт өгөөд, өнөөдөр өмгөөлөгч, хохирогч байхгүй байна гээд шүүх хурал хойшлогдсон. Энэ өдөр анх прокурортойгоо тааралдаж “би энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Та миний ажил хийж байсан газраас цалинг минь аваад хохирогчид өгчихөөч” гэхэд “за ойлголоо, би чамтай очиж уулзана” гээд ирээгүй. Прокурор, мөрдөн байцаагч нар “энийг араас нь хөөцөлдөх хүн байхгүй юм чинь ялаа аваад хурдан шорондоо явна биз” гэсэн шиг огт тоохгүй, дэндүү нэг талыг баримтлан намайг 100 хувь буруутган намайг олон жил нийгмээс тусгаарлаж байгаад гомдолтой байна. Цаашлаад улс нийгэмдээ ажил хийж, гэр бүлтэй болж сайхан амьдрах залуу насыг минь бодолгүй яг хийж бүтээх насандаа урт хугацаагаар шоронд суулгах гэж байгаад харамсалтай байна. Миний бие танхайрч, санаатайгаар хохирогчийн нүдийг сохор болгох санаа сэдэл агуулаагүй...” гэжээ.

Ялтан Б.Алтантулгын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Алтантулгын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Давж заалдах гомдлыг хангаж өгнө үү...” гэв.

Хохирогч Ө.Магсар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Алтантулгад маш их гомдолтой байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

            Б.Алтантулга нь согтуугаар танхайн сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын хойд талд хохирогч Ө.Магсарыг “архи авч өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн баруун нүдийг сохолж эрхтэнээс хагацааж бие махбодид нь баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдэнд хиймэл алим суулгах мэс дараах байдал /2016 оны 11 дүгээр сарын 3/, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч Ө.Магсарын “...Барзгар хочтой Тулгаа гэдэг залуу над дээр хүрч ирээд “архи авсан бол архинаасаа өг” гэхээр нь би “өнөөдөр архи зардаггүй өдөр, юугаараа архи авах юм, тамхи авлаа” гэж хэлээд зам хөндлөн хойшоо гарахад Тулгаа миний араас дагаад гарсан. Тэгээд “чи архи авчихаад харамлаад байна” гэж хэлээд надтай зэрэгцэж явж байгаад миний нүд рүү гэнэт гараараа цохиод энэ үед миний нүднээс оч будрах мэт халуу дүүгээд би хамраа дараад доошоо суухад намайг өшиглөөд байхаар нь би “болиоч ахын дүү” гэхэд баахан зодож байгаад намайг үлдээгээд явсан. Түүнийг явсны дараа босоод харах гэтэл нүд тагларсан бололтой юм харахгүй байхаар нь би гэмтлийн эмнэлэг очиход “манайд нүдний эмч байхгүй, та Нэгдүгээр эмнэлэг дээр очиж үзүүл” гэхээр нь Нэгдүгээр эмнэлэг дээр очиж үзүүлэхэд “баруун нүдний цөцгий гоожсон байна, хараа орох ямар ч боломжгүй” гээд шууд эмнэлэгт хэвтүүлээд 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тус эмнэлэгт нүдний хагалгаанд орж баруун нүдээ авахуулсан. Эмч нар хэлэхдээ нүдээ тэс цохиулсан байна гээд миний нүдийг авах хагалгаа хийсэн. Одоо миний нүд байхгүй хиймэл нүд хийсэн...” /хх-11-12, 13, 14/,

            гэрч Ц.Сүрэнгийн “...Ө.Магсар надад хэлэхдээ “3, 4 дүгээр хорооллын Дүүхээ төвийн орчмоор архи ууж яваад байдаг Барзгар хочтой Тулгаа гэдэг хүнд зодуулсан талаар хэлсэн ба Тулгаа гудамжинд таараад архи авч өг гэхээр нь архи зардаггүй өдөр гэж хэлэхэд Барзгар Тулгаа нүд рүү нь гараараа цохисон гэхдээ бээлий дотор нь ямар нэг юм байсан байх их хатуу зүйл туссан, тэгээд нүд харахгүй болсон” гэж хэлсэн. Одоо бол “Барзгар Тулгаагийн бээлийн дотор нь юм байсан ба түүнээс зүгээр гараараа цохиход нүдний цөцгийн гоожихгүй дээ” гэж яриад байгаа...” /хх-15/

            шинжээч Ш.Цэцэгмаагийн “...нүдний алимны нэвтэрсэн шарх гэмтэл нь нэг удаа гараар цохих үед үүсэх бүрэн боломжтой гэмтэл ба дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан гэмтлүүд нь нэг болон хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлүүд юм..” /хх-21-22/ гэх мэдүүлгүүд,

            шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ө.Магсарын биед баруун нүдний нэвтэрсэн шарх, баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун нүдэнд хиймэл алим суулгах мэс заслын дараах байдал /2016 оны 11 дүгээр сарын 3/, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1-н 31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 15150 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17-20/,

            хохирогч Ө.Магсарын Улсын Төв Нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /35-41/, хохирлын баримт /хх-42/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Ялтан Б.Алтантулгын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Б.Алтантулга давж заалдах шатны шүүхэд “...дэндүү нэг талыг барьж намайг 100 хувь буруутган болгож олон жил нийгмээс тусгаарлаж байгаад гомдолтой байна...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Ц Б.Алтантулга нь согтуугаар танхайн сэдэлтээр бусдын амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтан Б.Алтантулгын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэм бурууд тохирсон ба гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан Б.Алтантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Алтантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ