| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0458/Э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч А.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 1809045540451 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, хадам эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, худалдааны гудамж, холбооны 2/20 байр 17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 7А байрны 501 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.А нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7А байрны 501 тоот гэртээ 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам эцэг болох Б.Миратай “хүүхэд түлхлээ” гэсэн шалтгаанаас маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүсэлхий, нуруу, дух, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809045540451 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7а байрны 501 тоот гэртээ хэвтэж байсан чинь миний хүү Анар-Эрдэнэ яая гээд орилсон. Би хүү рүүгээ очсон чинь миний хүү “наад өвгөн чинь намайг түлхээд цохиод байна” гэж хэлэхээр нь би уурлаад Мираг өөрийнхөө өрөө рүү ор гэж хэлсэн. Миний урдаас үг үйлдлээр доромжлоод цээжийг маань маажсан. Над руу шалтгаангүйгээр дайраад байхаар нь би түлхсэн үйл явдал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-78 дугаар хуудас/,
Хохирогч Б.Мира мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...өглөө хоол халаах гээд зогсож байсан чинь манай хүргэн Ариунбаяр нь намайг “чи цагдаад матдаг зөнөг өвгөн” гэж хэлээд цохиж, багалзуурдаад унагаасан. Тэгээд дээрээс миний бөөр руу өшиглөсөн. Дахиж босч ирээд барилцаж аваад “чи намайг нэг мөр алчих” гэсэн чинь дахиж цохиж унагаагаад босгож ирээд хана мөргүүлсэн, хоолойноос багалзуурдаж байгаад толгойгоор хана руу 2 удаа мөргүүлсэн. Газар унагаж байгаад дээрээс 2 удаа хөлөөрөө бөөрний дээр дэвссэн. Охин Солонготой 2007 юм уу 2008 онд суусан. Зан аашны хувьд хэрцгий догшин үг хүлээж авдаггүй хүн. Өмнө нь 7 удаа цохиж зодож байсан. Энэ 8 дахь удаагийн зодолт болж байна. Бид хоёр гэр бүл дотроо хоорондоо барагтаа харьцдаггүй, хоорондоо юм ярьдаггүй. Миний хоолойг боохоор нь тавиулах гэж эсэргүүцэж маажсан, өөрөөр бол цохиж зодож гар хүрсэн зүйл байхгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-33 дугаар хуудас/,
Гэрч М.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай аав Мира их зожиг зантай, тэр зангаас нь болоод Ариунбаяр тэр хоёр хоорондоо маргалддаг. Аав, нөхөр хоёр маань хоорондоо их таарамж муутай байдаг. Хоорондоо маргалдаж хэрэлддэг зодолдож байсан зүйлгүй байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-51 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Өлзийбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Мира, Ариунбаяр хоёр хааяа хоорондоо маргалдаж хэрэлддэг. Зодолдож байсан зүйл байхгүй. Хэрүүл маргаан Мирагаас болдог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Анар-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өвөө аав хоёр хэрэлдсэн. Аав өвөөгийн нуруу руу гараараа нэг цохиод түлхэж унагаахад дүүгийн суултуур дээр унаад суултуурын бариул хугарсан. Өвөө бас аавын цээж руу цохиод гарыг нь маажаад байсан, өвөө архи уусан үедээ аавтай хэрэлдээд байдаг. Өвөө, аав хоёр хэрэлдэхээрээ нэгнийгээ түлхээд зодолдоод нэгнийгээ хараалын үгээр хэлээд байдаг. Аав маань их хурдан ууртай, гэнэт уурлаад өвөөтэй хэрэлддэг, өвөөг харахаараа уурлаад байдаг…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12104 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч А.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 137 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7А байрны 501 тоот гэртээ 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам эцэг болох Б.Миратай үл ойлголцдог таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд “баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүсэлхий, нуруу, дух, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мирагийн мэдүүлэг, гэрч М.Солонго, Ж.Өлзийбаяр, насанд хүрээгүй гэрч А.Анар-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12104 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Б.Мирагийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Аын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Мирагаас “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 137 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН