Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00579

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01284 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 58,033,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******* хотхонд баригдаж буй *******ын 3 блок орон сууцны А блок барилгаас 2, 3, 4 дүгээр давхарт байрлах 1 өрөө, 32,13 м.кв орон сууцыг тус бүрийг 42,982,000 төгрөгөөр тооцож худалдаж авахаар тохиролцсон.

1.2. Уг гэрээний дагуу 3 байрны урьдчилгаанд нийт 38,682,000 төгрөгийг төлсөн. Гэтэл барилга хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд шаардлага тавьж асуух бүрт зээл хөөцөлдөж байгаа, ирэх жил ажил эхэлнэ, удахгүй хөрөнгө оруулалт бүтэх гэж байгаа, түр хүлээгээч, санхүүжилт орж ирвэл болох гээд байна гэх зэргээр худал ярьж барилга баригдаагүй өнөөдрийг хүрсэн.

1.3. 2018 онд хариуцагч компанийн захирал *******тэй 3 байрыг нэгтгэн Б блок байранд 45,5 м.кв 2 өрөө байр болгох хэлцэл хийсэн. Гэтэл уг орон сууцыг өөр хүнд худалдаж санхүү эдийн засаг, цаг хугацаа сэтгэл санаагаар хохироосоор байна.

Иймд ******* ХХК-иас 38,683,800 төгрөг, алданги 19,350,000 төгрөг, нийт 58,033,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компанийн хувьд олон шалтгааны улмаас барьж буй барилга ашиглалтад орохгүй удсанаас болж их хэмжээний алдагдалд орсон. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 38,683,800 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, алданги болох 19,350,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 54,710,498 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,323,202 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ******* ХХК-иас 431,502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан заалдах гомдлын агуулга:

4.1. *******тэй 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 07, 08, 09 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхонд баригдаж буй Шинэ ******* хотхонд *******ын 3-н блок орон сууц барилгаас А блок 2 давхарт 1 өрөө орон сууцыг 3-н байрыг тус бүрийн үнэ 42,982,000 төгрөгөөр тооцон нийт 128,946,000 төгрөг төлж барагдуулан 3-н байр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

4.2. ******* ХХК-ийн хувьд олон шалтгааны улмаас барьж буй барилга ашиглалтад орохгүй удсанаас болж их хэмжээний алдагдалд орж, барилгаа барьж дуусгаж чадаагүй. Үүнийг нэхэмжлэгч талд мэдэгдэж явж ирсэн.

4.3. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т А тал үүргээ ноцтой зөрчсөн бол өөрийн санаачилгаар захиалагч нь 3 сарын дараа гэрээг цуцалж хохирлоо арилгах шаардлага гаргахаар заасаар байтал нэхэмжлэгч нь 2013 оноос хойш өдийг хүртэл гэрээг А тал нь ноцтой зөрчсөөр байхад хохирлоо арилгуулахаар шаардлага гаргахгүй, гэрээнд заасан алдангийн хэмжээг ихэсгэсэн тул алданги төлөхгүй гэж маргаж оролцсон.

4.4. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т заасан эрх, үүргээ захиалагч тал биелүүлээгүй тул алданги 16,026,698.34 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Би 11 жилийн өмнө ******* ХХК-иас 3 орон сууц захиалсан. Миний бие хариуцагч компаниас мөнгөө авъя гэж удаа дараа очсон боловч мөнгөгүй байна гэх шалтаг, шалтгаануудыг хэлдэг байсан. 2017, 2018, 2019 онд хариуцагч талын зүгээс нэг мөсөн нэг орон сууц өгье гэх санаачилга гаргаж, тухайн баримтаа бичгээр үйлдэж өгч байсан атлаа 3 сарын дараа хохирлоо арилгуулах шаардлага гаргаагүй гэж гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 58,033,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 07, 08, 09 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо нутаг дэвсгэр ******* хотхонд баригдаж буй Шинэ 72-р хотхон-ны *******ын 3 блок орон сууцны А блок байрны 2, 3, 4 дүгээр давхарт байрлах, 32,13 м.кв бүхий 3 ширхэг 1 өрөө орон сууцыг тус бүрийн үнэ 42,982,000 төгрөгөөр худалдаж авахаар, ******* ХХК нь тухайн орон сууцны барилгыг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид хүлээлгэж өгөхөөр тус тус харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* нь 38,683,800 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч ******* ХХК-д төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх ба тэрээр 3 гэрээ тус бүрийн заалт болох 2.1-д зааснаар орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлөх үүргийг зохих ёсоор гүйцэтгэжээ.

4.1. Мөн дээрх 3 гэрээний 3.1-т зааснаар хариуцагч ******* ХХК нь орон сууцыг 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан захиалагчид хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгээгүй байна.

4.2. Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр захиалагч *******ийн төлсөн 38,683,800 төгрөгт тооцож 2 өрөө орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр түүнтэй тохиролцож өмнө байгуулсан 3 гэрээнд өөрчлөлт оруулжээ.

4.3. Улмаар хариуцагч ******* ХХК нь уг 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, биелүүлэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлсэн нь зөв болжээ.

Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүргийн хүрээнд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид орон сууц шилжүүлээгүй тул нэхэмжлэгчээс хариуцагчид буцааж өгөх зүйлгүй, харин хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид орон сууцны үнэд төлсөн 38,683,800 төгрөгийг буцааж шилжүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй алдаа гаргасныг залруулав.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нэг талын үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэйгөөр нөгөө тал гэрээ цуцлах эрхийн талаар зохицуулсан бөгөөд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдаж буй орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хэргийн маргааны зүйл нь орон сууцыг барьж өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой учир урт хугацаатай гэрээнд хамаарахгүй юм. Иймд үүргийн зөрчилтэй холбоотойгоор талууд гэрээг цуцалж, гэрээ цуцалсны үр дагавар болох гүйцэтгэсэн үүргийг харилцан тооцох боломжгүй. Харин гэрээнээс татгалзаж, хэн аль нь гэрээний дагуу шилжүүлэн авсан зүйлийг харилцан буцаах боломжтой.

 

6. Талууд иргэний эрх зүйн хариуцлагын хүрээнд гэрээгээр алданги тохиролцсон байх бөгөөд гэрээний 4.1-д А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө гэсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

6.1. Хариуцагч нь гэрээгээр орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг 10 гаруй жилийн хугацаанд биелүүлээгүй, амласан орон сууцыг өөр этгээдэд худалдсантай холбоотойгоор анхан шатны шүүх алдангийг нэхэмжлэгчийн тогтоосон хугацаа болох 4,143 өдрөөр тооцож нийт 16,026,698.34 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах боломжгүй. Харин анхан шатны шүүх алданги гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар баримталсан хуулийг орхигдуулсныг залруулав.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 355 дугаар зүйлийн 355.2 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,084 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 1******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА