| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0428/Э |
| Дугаар | 460 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч Б.Ц (өөрийгөө өмгөөлж),
Шүүгдэгч О.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, О.А нарт холбогдох эрүүгийн 1909006000211 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, "Номтын ам" ХХК-нд туслах ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 60 дугаар гудамжны 788 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, "Гангүүр" ХХК-нд бетон арматурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.А нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-1 дүгээр гудамжинд иргэн О.Бэхбаттай “зам хааж машинаа байрлуулсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаас түүний толгойн тус газарт гар болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-1 дүгээр гудамжинд иргэн М.Мягмартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909006000211 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах мужааны цех дээр байсан. Хашааны гадаа байсан машиныг нь асаах гэтэл машин асахгүй аккумлятор нь суусан байсан. Бид хэдийг гудамжинд машинаа түрж асаах гэж байтал 2 машин ар араасаа цувж орж ирсэн. Урд ирсtн машины ах 3наад сэгээ зайлуул3 гэсэн чинь Алтансүх очоод барьцалдаж авсан. Ар талын машины залуу хүрч ирээд дайрахаар нь би тэр залууг барьж аваад ноцолдож эхэлсэн. Тэр залуу миний гар руу дугуйны дорцовоор цохисон. Би тэр залууг нүүр толгой руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах мужааны цех дээр байсан. Би найзын хамт архи ууж байгаад машинаа асаагаад явах гээд гартал машины аккумлятор суусан байсан. Тэр үед ардаас 2 машин ирсэн. Тоёота ист маркийн цагаан өнгийн машины жолооч намайг машинаа холдуулаач гэхээр нь би “асахгүй байна аккумлятороо өгөөч” гэтэл “аккумляторгүй машин наад ямбийгаа холдуул” гэхээр нь би “тойроод гар гэтэл чиний машинтай наалдах гээд байна” гэсэн. Хэрүүл өдөөд хэрэлдсэн. Тэгээд би тэр ахыг нүүр рүү нь 2 удаа цохисон. Манай дүү Цолмонбаяр ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Хохирогч О.Бэхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 01 сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-7-9а тоот буюу гэр рүүгээ өөрийн эзэмшлийн "Т.ист" маркийн автомашинтайгаа Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-1 дүгээр гудамжаар явтал гудамжинд зам хаасан байдалтай "Соната 6" маркийн автомашин зогсож байсан. Үл таних залуу намайг шууд заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь намайг нүүрэн тус газарт цохиод газар унагаад чулуугаар толгой руу хэд хэдэн удаа цохиж, дэвслээд зодож байх үед манай гэрийн ойролцоо амьдардаг танил Мягмар тухайн гудамжаар бас гэр рүүгээ явах гээд хүрч ирээд машинаа миний машины ард байрлуулан тавиад “болиоч ээ” гээд машинаасаа буутал Мягмарыг газар унагаагаад тэр залуучууд зодсон. Эрүү хавдаж хөдлөхгүй, баруун шанаа хавдаж, зүүн чихний ард хэсэгт толгой руу чиглэлтэй хавдсан, хөмсөг сэтэрсэн, биеийн талын хавирга хөндүүртэй байна. Юүдэнтэй цамц, түрийтэй хар гуталтай согтуу залуу байсан. Сүүлд надаас ирж уучлалт гуйсан залуу Алтансүх гэж өөрийгөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Хохирогч М.Мягмар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...гэр рүүгээ орох гээд явж байхад зам дээр нэг машин таглаад зогсож байхаар нь миний өмнө явж байсан Бэхбат зогсоод юу ярьсан талаар мэдэхгүй, хуруу нь гозолзоод байсан. Би машины аккумлятор хөндийрөөд багажинд очиж акумлятороо янзалчихаад харсан чинь Бэхбатыг туранхай өндөр согтуу залуу заамдаад зогсоод байж байсан. Тэгэхээр нь би наанаас нь гүйгээд очсон чинь намайг цагаан куртиктай залуу хүрч ирээд чих рүү цохьсон. Тэгээд унагаад куртик дээр дараад өшиглөж эхэлсэн. Би тэр залууг цохиж чадаагүй, намайг хэд хэдэн удаа цохьсон. Намайг гараараа нүүр рүү олон удаа цохьсон, унагаад дух руу өшиглөсөн бас дэвссэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч О.Цолмонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...01 цагийн үед гараад машинаа асаах гэсэн чинь аккулятор нь суусан байсан. Түрээд асаах гэсэн асахгүй байсан. Тэр үед цагаан өнгийн тоёота ист машинтай ах ирэхэд Цамба ах тэр ахаас аккумлятороо холбуулаач гэсэн чинь үгүй гэсэн. Цамба ах би тэнд байсан жаахан хүүхдийн хамтаар машинаа чадахаараа холдуулсан. Тэгээд гар гэсэн чинь “наад сэгээ холдуул” гээд хэл амаар доромжилсон. Хэрэлдэж байгаад манай ах Алтансүхийг тэр жолооч ах нүүр рүү нь нэг удаа цохисон. Би дундуур нь ороод салгах гэтэл миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Ах тэр жолооч ахыг 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь приүс-10 унасан ах хүрч ирээд Алтансүх, Цамба ахыг цохиод над руу дайрсан. Тэр үед нь Цамба тэр дорцоов барьсан ахтай ноцолдсон. Хаашаа нь цохисныг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1890 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1891 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Б.Цамбын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, “Номтын ам” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/, хохирогч О.Бэхбатын хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/, хохирогч М.Мягмарын хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.А нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-1 дүгээр гудамжинд иргэн О.Бэхбаттай “зам хааж машинаа байрлуулсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаас түүний толгойн тус газарт гар болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний дээд талд шарх, зүүн чамархайн хуйх, хацарт хавантай,тархи доргилттой гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-1 дүгээр гудамжинд иргэн М.Мягмартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь “дух, хацар, чихний дэлбэнд шалбаралт, цус хуралт хаван хавдартай гэмтэл” хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Бэхбат, М.Мягмар нарын мэдүүлэг, гэрч О.Цолмонбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1890, №1891 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ц, О.А нар, хохирогч О.Бэхбат, М.Мягмар, гэрч О.Цолмонбаяр нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хохирогч нарын биед хүч хэрэглэсэн талаар тодорхой мэдүүлсэн, хохирогч нарт хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Ц, О.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч О.Бэхбат, М.Мягмар нараас “...гомдол, саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ц, О.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Ц, О.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, О.А нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, О.А нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Ц, О.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, О.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц, О.А нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН