| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00261/И |
| Дугаар | 00281 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 00281
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-42 тоотод оршин суух, 1960 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Боржигон овогт Дамбийжанцангийн Чинболдын хүсэлттэй /РД:МИ60091718/
Зүүнхараагийн дулааны станцад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Чинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Д.Чинболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1979 онд Зүүнхараа сангийн аж ахуй дулааны станцад слесараар ажилд орсон. Тэгээд ажлаа хийж байхдаа 1983 онд Улаанбаатар хотод Эрчим хүчний сургалтын төвд гагнуурчны мэргэжил эзэмшсэн. Төгсөж ирээд дулааны станцдаа гагнуурчнаар үргэлжлүүлэн ажилласан. Дулааны станц маань 1993 оны 05 дугаар сард татан буугдсан. Тэгээд ажилгүй байж байгаад 1998 онд Улаанбаатар хот руу шилжин суурьшиж амьдарч байна. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байсан боловч байгууллага татан буугдах үед хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Иймд миний Зүүнхараа сангийн аж ахуйн дулааны станцад ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Дамбийжанцангийн Чинболдыг Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Зүүнхараагийн дулааны станцад 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл слесарь, гагнуурчнаар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ажилд шилжүүлэх тушаалд Дамбийжанцангийн Чинболдыг түр хугацаа дууссан учир 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж хүсэлтийн дагуу Түлш эрчим хүчний яамны харьяа Мандал сум дахь дулааны станцад шилжүүлсүгэй, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Зүүнхараагийн дулааны станцын даргын 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ¹ 45 дугаартай шагнах тухай, мөн даргын 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай ¹ 18 дугаартай тушаал болон 1980 оноос 1990 оныг дуустал авч байсан цалингийн талаарх архивын тодорхойлолт, хамт ажиллаж байсан С.Сүхболд, Ж.Баттөмөр, Н.Тогоо нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Чинболдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Дамбийжанцангийн Чинболдыг Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Зүүнхараагийн дулааны станцад 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл слесарь, гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Чинболдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.