| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/07625/И |
| Дугаар | 210/МА2025/00578 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00578
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00831 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50,380,783 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай ******* гар утасны дугаар барьцаалан зээлсэн.
1.2. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлөөгүй. Гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийн хүртэл нийт 6,721,000 төгрөг төлсөн ба 2022 оны 5 дугаар сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт хийгээгүй 892 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.
1.3. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүд 22,313,788 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,016,995 төгрөг, нийт 50,330,783 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлээс 41,986,140 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх 8,344,643 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. Талуудын хооронд зээлийн гэрээ 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдаж, 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш талууд гэрээг сунгаагүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд 6,721,000 төгрөг төлсөн. Эхний ээлжийн төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 721,000 төгрөг төлсөн. Энэ дүнгийн тодорхой хувь нь үндсэн зээлийн хүү, үлдсэн нь нэмэгдүүлсэн хүүд тооцогдсон. Өөрөөр хэлбэл 2022 оны эхний сарын хүүгийн төлөлт төлөгдсөн.
2.3. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ төлөлт нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараагаар хийсэн төлөлт юм. Уг төлбөрийг нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн үүрэгт тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэж байна.
2.4. Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 151 тогтоолоор Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацаа, болсон өр төлбөрийг гүйцэтгэхэд эхний ээлжид шүүхийн зардал, үндсэн үүрэг, нэмэгдэл үүрэг буюу хүү нэмэгдүүлсэн хүү гэх дарааллаар төлнө гэж тайлбарласан. Энэ үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийн төлсөн 6,000,000 төгрөг тооцогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү гэсэн дарааллаар төлбөрийг тооцсон.
2.5. Иймд үндсэн зээлийн төлбөр 25,000,000 төгрөгөөс хасагдаад үндсэн зээлийн төлбөр 19,000,000 төгрөг болж багасах хуулийн зохицуулалттай. Энэ үндэслэлээр бид тооцооллыг гаргахад гэрээний төлбөрт 41,986,140.46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,344,643 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас нийт 45,170,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох ******* дугаар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 383,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа төлсөн 6,000,000 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс хасалгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн.
4.2. Анхан шатны шүүх уг зохицуулалт нь гэрээний үүрэг тооцох ерөнхий зохицуулалт тул уг маргаанд хэрэглэгдэх үндэслэлгүй, учир нь талуудын хооронд банк санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаан байх тул тухайн гэрээний харилцааг нарийвчлан зохицуулдаг Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ гээд нэхэмжлэлээс 45,170,804 төгрөгийг хангаж, үлдэх 5,159,979 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн холбогдох хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шүүхийн тооцоолол алдаатай (хэрэгсэхгүй болгосон шаардлагын хэмжээ 5,159,979 төгрөг бус харин 5,209,804 төгрөг) болсон гэж үзэж байна.
4.3. Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн дүнгийн хэмжээнд буюу 41,986,140.46 төгрөгийг нэхэмжлэлээс хангаж, үлдэх 3,184,663.54 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэж, 41,986,140.46 төгрөгийн хэмжээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зохицуулсан ба шүүхийн практикт төлөх хугацаа болсон гэдэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр төлбөр хамаарна гэж тайлбарладаг.
5.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах үед зээлдэгчийн төлсөн төлбөр нь гэрээг цуцлах хүртэл төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөрийн үлдэгдлээс хасагдах ёстой. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,380,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 25,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.
Тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.
4. Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн, зээлдэгч ******* нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй талаар талууд маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч *******гаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
5.1. Энэхүү зээлийн гэрээгээр хариуцагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүүд 9,000,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Тэрээр энэ хугацаанд 721,000 төгрөг төлснийг хасч тооцвол 33,279,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч *******гаас гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг төлснийг үндсэн зээлийн хүү, үндсэн үүрэг гэх дарааллаар тооцсон нь буруу болжээ.
Учир нь талууд гэрээний 2.2.4-д зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн барагдуулаагүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон, энэ тохиролцоо нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийг 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцжээ.
6.1. Хариуцагч ******* нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг төлжээ.
Тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,000,000 төгрөг, уг хугацаанаас өмнө төлөгдсөн байсан зээлийн хүү 8,729,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй зээлийн хүү 7,050,000 төгрөг /25,000,000*3 хувь*9 сар 16 хоног/, нийт 40,329,000 төгрөгийг үүргээс төлсөн 6,000,000 төгрөгийг хасвал түүний үүрэг 34,329,000 төгрөгөөр тодорхойлогдож байна.
6.2. Нэхэмжлэгч 2024 оны 11 сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул уг өдрийг хүртэлх 9 сар 20 хоногийн зээлийн үүргийг тооцвол үндсэн зээл 25,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн хүү 9,329,000 төгрөг, 2024 оны 01 сарын 17-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл төлөгдөөгүй зээлийн хүү 7,250,000 /25,000,000*3 хувь*9 сар 20 хоног/ төгрөг, нийт 41,579,000 төгрөг байна.
6.3. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг 3,016,995 төгрөгөөр тодорхойлсон нь гэрээний дагуу төлөх байсан нэмэгдүүлсэн хүү 3,315,800 /9,329,000+7,250,000 =16,579,000*20хувь=3,315,800/ төгрөгөөс бага байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Иймд хариуцагчийн төлөх үүрэг нь 44,595,995 /41,579,000+3,016,995/ төгрөгөөр тодорхойлогдож байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.
6.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан атлаа үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг зөрчснийг залруулах нь зүйтэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00831 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 45,170,804 гэснийг 44,595,995 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,784,788 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 383,804 гэснийг 380,930 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА