Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 697

 

 

 

 

 

2019           07          23                                    2019/ШЦТ/697     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,  

Хохирогч Ц.Сэлэнгэ,

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1909014960504 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 5 дугаар, 12 дугаар гудамж 214 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 12б байрны 6 тоотод оршин суух, урьд:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.2, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 12б байрны Б1 дүгээр давхарт байрлах автомашины зогсоол дээр иргэн Ц.Сэлэнгийг хувийн маргаанаас үүдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би өөрөө машинаа барьж яваагүй. Би өөрийнхөө байранд граж эзэмшдэг. Тэгээд өөрийнхөө гражинд машинаа тавих гээд орсон. Хоёр машин зөрөх боломжгүй байдлаар машин эгнүүлээд тавьсан байсан. Би дуудлагаар ирсэн жолоочийг “урдаа тавьдаг жолоочийн машины түлхүүрийг аваад ир миний дүү би өөрөө машинаа арагшаагаа ухараагаад оруулчихъя” гээд өөрөө машинаа ухраах гээд байж байхад араас нэг согтуу хүүхэн ирээд хаалга гэнэт татсан. Өмнө удаа дараалан миний машин дээр гомо энэ тэр гэж үгнүүд сийлж байсан болохоор машиндаа хүргэх дургүй. Тэгээд би “битгий миний машинд хүрээд бай” гэж хэлсэн. Тэгэхэд Сэлэнгэ “хүүхдүүд машины ард уйлаад байна. Би хүүхдүүд рүүгээ яарч байна. Чи эх хүн биш. Доошоо ямар ч цустай юм гаргаж үзээгүй болохоор эмэгтэй хүний жаргал, зовлонг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Би “та ямар эмэгтэй болчихоод ингэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд “та нар бөгсөөрөө янхандаж, биеэ үнэлэж авсан машинаа энд унаж ирчихээд хэндээ гайхуулаад байгаа юм” гээд миний өөдөөс дайраад давшлаад байсан. Тэгэхээр нь өөрийг нь салгах гэж хариу үйлдэл үзүүлсэн. Тэгэхэд Сэлэнгээгийн нөхөр цаана нь бичлэг хийгээд зогсож байсан. Тэгэхээр нь би гражинд камер байгаа, мөн би өөрийнхөө утсаар юу хэлж байгааг нь баримтжуулъя гээд бичлэг хийсэн. Сэлэнгээ миний зүүн гар талын дээд тал руу өшиглөсөн. Мөн өсгийтэй гутлаараа миний гуя руу өшиглөж миний биед гэмтэл үүсгэсэн. Тэгэхээр нь би уурандаа хариу үйлдэл үзүүлээд тухайн үед жаахан маргаан болсон. Цагдаа ойролцоогоор 30 гаруй минутын дараа ирсэн...” гэв.

           Хохирогч Ц.Сэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 22-23 цагийн үед гэр лүүгээ яараад хүүхэд өвдөөд байсан. Тэгээд машинаа граж руугаа оруулах гэсэн чинь урд машин байхаар хүлээж байгаад удах шинжтэй болохоор нь буугаад “та өөрөө ухарчих уу” гэж асуусан чинь шууд бууж ирээд “гичий минь”  “авгай минь” гэж бууж ирээд миний толгой руу түлхсэн. Энэ хүнээс хэлж байгаа үг нь их аймар байсан. Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Билгүүн нь өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай гэж харж байсан. Би хүүхэд халуураад байна гэсэн чинь чиний хүүхэд надад ямар хамаатай юм гээд намайг зодох гээд байхаар нь зугтаасан. Манай нөхөр бичлэг хийгээд байж байхад дайраад уруулыг нь сэт цохьсон байсан. Миний хөл хөх няц болсон байсан. Миний толгойнд хаван үүссэн байсан. Би гомдолтой байна. Би 128.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Би энэ хүнийг биеэ үнэлсэн талаар доромжилсон зүйл байхгүй...” гэв.

          Эрүүгийн 1909014960504 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Бий мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Сэлэнгэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед би өөрийн гэрийн доод талын автомашины гражид өөрийн автомашинаа тавих гэхэд хар өнгийн 9996 УБП улсын дугаартай хар өнгийн автомашин зам хаагаад зогссон. Тэгээд хэсэг хугацаанд хүлээтэл хөдлөхгүй зогсоод байхаар нь би машинаасаа буугаад тухайн машины жолоочид “автомашинаа ухраачих уу” гэж хэлтэл шууд бууж ирээд намайг хараад доромжилоод дайраад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод зүүн талын мөр хэсэг рүү хүчтэй цохисон. Тэхээр нь “би болиочээ” гэсэн чинь намайг түлхээд авсан тэгэхээр нь би уур хүрээд өөдөөс нь хэрэлдсэн тэгээд машинаа тойроод зугтсан тэгээд нөхөр “машиндаа суу” гэхээр нь би машиндаа суух гэхэд манай нөхөр лүү дайраад машин дотор нь сууж байх үед нь цонхоор нь нүүр хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд би машин дотор суучихсан байсан чинь миний машины хаалга онгойлгоод миний зүүн хөл хэсэгт удаа дараа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Гэрч С.Батхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой би өөрийн эхнэртэй цуг автомашинаа бариад өөрийн байрны доод давхарт байрлах зогсоолд автомашинаа байрлуулах гэхэд хар өнгийн автомашин гарц хаагаад зогсчихсон байсан. Тэгээд тухайн машиныг хөдлөхийг хэсэг хугацаанд хүлээхэд тухайн автомашин хөдлөхгүй байсан. Тэр үед манай эхнэр Сэлэнгэ автомашинаас бууж тухайн автомашины хаалгыг нь онгойлгосон чинь шууд манай эхнэр рүү дайраад нүүр хэсэг рүү цохьсон бие хэсэг рүү нь цохиод байсан тэгхээр нь би бууж очоод маргааныг салгатал над руу шууд тухайн машины жолооч дайрч миний нүүр хэсэг рүү удаа дараа цохьсон тухайн үед гарандаа гар утас барчихсан байсан. Тэгээд би машиныхаа хаалгыг хаатал хаалга онгойлгоод дайраад байсан тэгээд би хаалгаа түгжтэл цонх хэсэг рүү гар утсаараа цохиод байсан тэгээд цонхоо онгойлгосон чинь дахиад миний нүүр хэсэг рүү цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Лхагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой ажлаа хийж байтал 9996 дугаарын автомашинаар Солонго гэх хүн дуудлагын жолоочоор машинаа бариулж орж ирсэн. Солонгоогийн авто машиныг зогсоолд оруулахын тулд урд талд нь зогсдог авто машины түлхүүрийг нь аваад Солонгоод өгсөн. Гэтэл манай гражийн 0 тоотод  машинаа тавьдаг  хүн орж ирээд Сэлэнгээ машинаасаа бууж ирээд “машинаа холдуулчих эгч нь машинаа тавъя” гээд машины хаалганд хүртэл Солонго бууж ирээд “чи миний машинд хүрдэг хэн бэ” гээд Сэлэнгээг түлхсэн чинь Сэлэнгээ буцаагаад Солонгоог түлхсэн чинь Солонгоо Сэлэнгээг алгадаад тэр 2 хоорондоо хэрэлдсэн. Тэр үед юу юу гэж хэрэлдсэнийг сайн санахгүй байна. Тэр үед Сэлэнгээгийн нөхөр машинаасаа бууж ирээд Солонгоог салчих гэхэд Солонгоо Сэлэнгээгийн нөхрийг цохиод Сэлэнгээг барьж аваад цохиод байсан. Тэр үед Сэлэнгээг нөхөр нь машиндаа суулгасан чинь Солонгоо машины хаалга онгойлгоод Сэлэнгээг дахиад цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4464 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ц.Сэлэнгэгийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Б.Долгормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...тархи доргилтоос бусад зүүн мөр, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Иргэн Ц.Сэлэнгэгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

            Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Сэлэнгэ бууж ирээд хар өнгийн автомашины жолооч талын хаалгыг татаж онгойлгоход Б.Б машинаасаа бууж ирээд тухайн эмэгтэйн өөдөөс 1 удаа түлхэж байгаа харагдав. Ц.Сэлэнгэ, Б.Б нар хоорондоо юм ярьж байгаа бичлэг харагдах ба цаад талд нь Б.Бтэй ирсэн залуу мөн тухайн гражны манаач эрэгтэй нар хараад зогсож байв. Тэр үед Сэлэнгэгийн нөхөр машинаасаа гар утсаа барьж бууж ирээд бичлэг хийж байгаа харагдах ба Билгүүн утсаа гаргаж ирээд өөдөөс нь бичлэг хийж байгаа харагдав...Б.Б Ц.Сэлэнгээгийн нөхөртэй маргалдаж байгаа харагдах ба Б.Б Ц.Сэлэнгээгийн толгой ар хэсэг рүү нэг удаа цохиж байгаа харагдах ба ...Ц.Сэлэнгээгийн автомашины хаалгыг онгойлгож Ц.Сэлэнгээг түлхээд баруун хөлөө автомашин руу нь оруулж өшиглөж байв...” гэжээ /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “...хэрэгт ач холбогдолтой 2 ширхэг бичлэгтэй CD-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 22-23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 12б байрны Б1 дүгээр давхарт байрлах автомашины зогсоол дээр иргэн Ц.Сэлэнгээг “автомашинаа  холдуулна уу” гэж хэлэхэд тэрээр “автомашинд зөвшөөрөлгүй хүрлээ” гэсэн шалтгаанаар эгдүүцэн уурлаж улмаар Ц.Сэлэнгээгийн толгой, гар, хөлөн тус газруудад хүч хэрэглэн цохисноос эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

  Хохирогч Ц.Сэлэнгээгийн “...“автомашинаа ухраачих уу” гэж хэлтэл шууд бууж ирээд намайг хараад доромжилоод дайраад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод зүүн талын мөр хэсэг рүү хүчтэй цохисон...би машин дотор суучихсан байсан чинь миний машины хаалга онгойлгоод миний зүүн хөл хэсэгт удаа дараа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Батхишигийн “...тухайн автомашины хаалгыг нь онгойлгосон чинь шууд манай эхнэр рүү дайраад нүүр хэсэг рүү цохьсон бие хэсэг рүү нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Лхагвадоржийн “...Сэлэнгээ машинаасаа бууж ирээд “машинаа холдуулчих эгч нь машинаа тавъя” гээд машины хаалганд хүртэл Солонго бууж ирээд “чи миний машинд хүрдэг хэн бэ” гээд Сэлэнгээг түлхсэн чинь Сэлэнгээ буцаагаад Солонгоог түлхсэн...Солонгоо Сэлэнгээгийн нөхрийг цохиод Сэлэнгээг барьж аваад цохиод байсан. Тэр үед Сэлэнгээг нөхөр нь машиндаа суулгасан чинь Солонгоо машины хаалга онгойлгоод Сэлэнгээг дахиад цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Эд мөрийн баримтаар тооцогдсон бичлэгт үзлэг хийсэн “...Б.Б Ц.Сэлэнгээгийн толгой ар хэсэг рүү нэг удаа цохиж байгаа харагдах ба ...Ц.Сэлэнгээгийн автомашины хаалгыг онгойлгож Ц.Сэлэнгээг түлхээд баруун хөлөө автомашин руу нь оруулж өшиглөж байв...” гэсэн тэмдэглэл,

 

Эд мөрийн баримт болох 1  ширхэг сиди,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4464 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.            Ц.Сэлэнгэгийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харьцаа үүсч маргалдан улмаар Б.Бээс Ц.Сэлэнгээгийн биед хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг  мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйлдэл нь эд мөрийн баримт болох сидинд авагдсан дүрс бичлэгт тусгагдаж, хохирогчийн бие махбодид хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бий үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8-д заасан шинж тодорхойлогдоогүй тул эргэлзээтэй дахин шинжээч томилж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь хэргийн үйл баримтаар шүүгдэгчээс хохирогчийн толгой тус газар нь цохьсон нөхцөл байдал тогтоогдсоноос гадна шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Ц.Сэлэнгээгийн биеийг үзэж, шинжилгээний баримтуудад тулгуурлаж гаргахдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчөөгүй, эргэлзээтэй гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд хохирогчоос “...шүүх эмнэлэгт үзүүлсэн, толгойн зураг авахуулсан 128.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн эмчилгээ хийлгэнэ...” гэсэн тул шүүгдэгч Б.Бээс баримтаар 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Сэлэнгэд олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Ц.Сэлэнгээс цаашид гарах эмчилгээний баримтаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Б.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, хэрэгт хураагдсан 1 ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сэлэнгэд олгосугай.  

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН